Парк: Эцэг эхчүүд миний хүүхэд гэмтвэл би арыг нь даана гэдэг

Парк орох замдаа ээж охин хоёрын яриаг санамсаргүй сонсчихлоо. Охин “Ээжээ би галзуу хулганад сууя л даа. Та суулгана гэж амласан шүү дээ”. Ээж нь “парк ажиллахгүй байгаа миний охин. Одоо хүн байхгүй байгаа биз дээ. Ээж нь оронд нь гоё юм авч өгье” гэж царайчлангуй хүүхдээ аргадна.  Саяхан паркын тоглоом эвдэрч дотор нь байсан дөрвөн  хүүхэд бэртэж,  олон ээж аавуудыг сандаргасан. Тус байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож,  мэргэжлийн хяналтынхан цаг алдалгүй шалгалт хийж байгаа. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд дахин хүүхдээ урьдынх шигээ санаа амар тоглуулж чадахгүйд хүрлээ. 

Тус "Сансрын хөлөг"  тоглоомын хувьд 2010 онд ашиглалтад орсон бөгөөд хүүхдийн баярын өмнө хяналт, шалгалт хийхэд гадаргууг нь цэвэрлэх шаардлагатай байсныг Үндэсний соёл амралтын хүрээлэнд мэдэгдэж байсан гэнэ. Ослын шалтгаан нь өдөр тутмын дотоод хяналт шалгалт цэвэрлэгээг хангалтгүй хийснээс уг осол гарсан гэж дүгнэжээ.

Ирэх долоо хоногт шаардлагатай гэж үзсэн бусад тоглоомыг ч бас актлах арга хэмжээ авч дууссаны дараа парк хэвийн үйл ажиллагаанд орно гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэл өгсөн. Мэдээллийн тэнцвэрт байдлыг харгалзан Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс  уг асуудалд хэрхэн хандаж байгааг мэдэхээр зорьсон юм.

Нэр, албан тушаалаа нууцлахыг хүссэн тус байгууллагын ажилтан хэлэхдээ “Манай байгууллагад том сургамж авахаар үйл явдал боллоо. Уг нь бид тоглоомондоо өглөө бүр хяналт, шалгалт хийдэг. “Сансрын хөлөг” тоглоомын хувьд агаарт эргэлддэг, хэт бага насны хүүхдэд “хориотой” тоглоом юм. Гэвч эцэг эхчүүд 120 см-ээс доош өндөртэй эсвэл хүнд жинтэйг үл харгалзан “Миний хүүхэд гэмтвэл би арыг нь даана. Хамаагүй тоглуулчихъя гэж гуйдаг. Бид өөрсдийгөө өмөөрөх гэсэнгүй. Цаашид бид энэ тал дээр онцгой анхаарч аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг хичээх болно” гэв.

Үүнээс үзэхэд эцэг эхчүүд хүүхдийнхээ нас онцлогт таарсан тоглоомоор тоглуулж байх хэрэгтэй.  Мөн хариуцлага алдсан байгууллага ч бас чанар стандарт хангасан тоглоомоор үйлчилгээ үзүүлэх нь зүйн хэрэг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай