“Би нөгөө хэн ахын явуулсан хүн байна”

Дунд сургуулийн найз минь хэдхэн хоногийн өмнө над руу утас цохив. Олон жил холбоогүй байсан тэрбээр бараг л мэндийн зөрүүгүй “Улсын бүртгэлийн газарт таньдаг хүн байна уу. Чи сэтгүүлч юм чинь танил тал олон биз” хэмээлээ. Учрыг нь лавлахад “Маргааш гадаад явах болчихоод, гэтэл паспортын хугацаа дуусчихаж. Яаралтай сунгуулаад өгөөч, мөнгө төгрөгийг нь сайн өгнө” гэх юм. “Гадаад паспортыг энэ жилийн эхний өдрөөс сунгахаа больсон. Олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж байгаа. Шинээр л авна шүү дээ” гэж учирлатал “Зүгээр байгаа паспортыг яагаад сольж байгаа юм. Ганц удаа гуйж байхад тусалсангүй, чи” хэмээн уурлаад, утсаа тасалчихав.

Өөрийг нь олон улсад нотлох бичиг баримтаа хүчинтэй, эсэхийг мэдэхгүй явж байсан нь түүний буруу биз дээ, уг нь. Түүнээс гадна үүрийн таван жингээр “Замын цагдаад таньдаг хүн байна уу” гэж согтуу залгах танилууд ч бий.

Эсвэл хууль журмынхаа дагуу өөрөөр хэлбэл, ямар ч танил “шаардлагагүй” ажлыг өчнөөн хоног, сараар хөөцөлдөөд бүтээж чадаагүй нэгэн ч байдаг. Учир нь тухайн салбарт танилгүйгээсээ болоод тэр. Би л энд шударгаар зарлаж байгаа болохоос, тэр эмнэлэгт танил байна уу, ... дугаар сургуульд багш мэдэх үү, газрын албанд ажилладаг найз байгаа юу, нөгөө хамаатан чинь ажлаа хийж байна уу зэрэг “хачин” асуулт тавьж үзээгүй, ийм үгс сонсоогүй хүн Монголд л лав байхгүй дээ.

Танил нь л биш бол үүрэгт ажлаа ч хийхгүй “гэдийгээд” суудаг мэргэжилтэн манай төрийн үйлчилгээний албанд олон бий гэдэгтэй маргах хүн гарахгүй нь лавтай. Үнэндээ чухал албанд ажилладаг танилтай л бол бид “уулыг ч нүүлгэж чаддаг” болохоор танил хайж ийш тийш утас цохих хүн хэзээ ч цөөрөхгүй. Тийм хүмүүс “Танилтай хүн талын чинээ” гэж аархан цээжээ дэлдэж байхыг нэг бус удаа харсан юм байна. Төрийн үйлчилгээ авахаар ном журмынх нь дагуу хөөцөлдөөд бараагүй хүмүүс “Эртхэн л таньдаг хүн хайхгүй яав” хэмээн халаглаж явахыг бишгүй л сонсож байлаа. Тийм “зовлонтой” учирсан хүмүүсийн жишээг уншаад та өөрт тохиолдсон явдлаа нэхэн санах вий. Баримтад дурдагдах хүмүүсийн хөөцөлдөж буй ажилд нь нэмж саад учруулахгүй үүднээс нэрийг нь нууцаллаа.

БАРИМТ 1

Иргэн Т олон жил зуссан зуслангийн газраа хууль ёсоор өмчлөх хүсэлт гаргажээ. Газрынх нь хэмжээ 0.07 га-гаас хэтрээгүй, бусад бичиг баримт нь бүрэн. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл эзэмшлийн газраа өмчлөн авч чадаагүй. Учир нь эзэмшлийн газраас нь 10 метр зайд горхи байгаа гэнэ. Гэхдээ арав гаруй жилийн өмнө тэр горхи ширгэж, хогоор дүүрсэн судаг л болсон аж. Т энэ байдлыг нийслэлийн Газрын албаны мэргэжилтэнд учирлахад “Санд байгаа мэдээллийг яалтай билээ. Гомдол санал байгаа бол дарга нарт уламжил” гэжээ. Ингээд арга мухардаад байтал зуслангийнх нь зарим хөрш газраа өмчилсөн байх юм.

БАРИМТ 2

Иргэн Э мөн л зуслангийн газраа өмчлөхөөр нийслэлийн Газрын албанд ханджээ. Гэтэл “Удахгүй тэдний байшингийн хажуугаар зам тавих тул өмчлүүлэхгүй, хашаагаа татаж, зам тавих газрыг чөлөөл” гэсэн байна. Нэгэнт өөрийнх нь өмч биш тул аргагүйдэн хашаагаа татаж, газрынхаа хэмжээг багасгажээ. Улмаар кадастрын зураг шинээр хийлгэн, газар өмчлөх хүсэлтээ дахин өгчээ. Гэтэл өөр нэг “асуудал” босож ирэв. Тэдний хашааны цаад талд байгаа айлууд аль замаар гэртээ очиж байгааг Газрын албаны ажилтан асуусан байна. 10 гаруй жил зусаж байгаа айлууд өөрсдийн явдаг замтай л байгаа шүү дээ. Түүнийг нь тодорхой болгохоос нааш газрыг нь өмчлүүлэхгүй гэсэн байгаа юм. Э “Хүмүүс зусландаа гарахаар аль айл ямар замаар гэртээ хүрч байгааг би мэдээд Газрын албанынханд мэдэгдэх ёстой юм байлгүй” гэчихсэн сууна лээ.

БАРИМТ 3

Д хүнд өвчтэй охиноо эмчлүүлэхээр БНСУ руу явжээ. Тус улсад байх үед охиных нь цахим үнэмлэхийн хугацаа дууссан байна. Түүнийг нь сунгуулж байж өвчтэй охиндоо тэтгэмж авах шаардлагатай болов. Ингээд эх орондоо ирж цахим үнэмлэхийг нь сунгуулахаар харьяа дүүргийнхээ Иргэний бүртгэлийн хэлтэст хандсан байна. Гэвч эзэн нь өөрөө ирэхгүй бол сунгаж өгөхгүй гэжээ. Хүнд өвчний улмаас хэвтэрт байдаг охиныхоо өвчний түүхийг үзүүлээд, төрсөн эцэг, эхийнх нь хувиар өргөдөл бичиж өгөөд авъя гэсэн ч халгаагаагүй гэнэ. Хагас жилийн турш хөөцөлдөөд, уулзаж болох бүх л дарга, цэрэгтэй нь нүүр тулсан ч тусыг эс олсон тул танил тал хайдаг монгол аргаа “хэрэглэхэд” долоо хоногийн дараа л цоо шинэ үнэмлэх гардаж авсан байна. Таньдаг хүнээр дамжуулж байж л хурдан шуурхай үйлчилдэг байгууллагуудын нэг нь бүртгэлийн байгууллага гэдэгтэй маргах хүн үгүй болов уу.

БАРИМТ 4

Иргэн Х өнгөрсөн долоо хоногт банкны зээлээр автомашин худалдан авчээ. Банк түүнд зээл олгохыг зөвшөөрч “Худалдан авах гэрээгээ хийж, нотариатаар батлуулаад автомашин эзэмшигчийн нэрийг шилжүүлээд ирээрэй” гэж. Ингээд машиныхаа эзэнтэй хамт Авто тээврийн үндэсний төвд очиж, үйлчилгээний ажилтанд бичиг баримтаа өгөв. Гэтэл ажилтан эмэгтэй худалдан авах гэрээ дуусаагүй тул нэр шилжүүлэх боломжгүй гэсэн байна. Автомашин эзэмшигчийн нэрийг шилжүүлэхийг хоёр тал болон банк нь зөвшөөрч гэрээ байгуулаад, нотариатаар батлуулчихаад байхад төлбөр бүрэн төлөгдөж, гэрээ дуусгавар болоогүй гэдэг шалтгаанаар бүртгэл хийхгүй байгааг талууд эсэргүүцэх нь ойлгомжтой шүү дээ. Ингээд л танил талын эрэлд гарч. Дам дамаа ярьж байж олсон танилдаа учир байдлаа хэлэхэд “Сүүлийн үед худалдах, худалдан авах гэрээг дуусгаж байж нэр шилжүүлэх нь ховор болсон шүү дээ. Манай хүмүүс яагаад тэгсэн юм бол” хэмээгээд бараг хагас цагийн дотор Х автомашинтай болсон аж. Х “Тэр байгууллагын хүмүүстэй харилцахад үнэхээр хэцүү юм билээ. Гэрээг заавал дуусгаж нэр шилжүүлнэ гэсэн журмаа үзүүл гэхэд “Өөрсдөө интернэтээс олж үз. Манайх угаасаа ингэж ажилладаг” гэсэн. Тэгэхээр тэднийхээр үйлчлүүлж байгаа бүх хүн төлбөрөө 100 хувь төлдөг, эсвэл хуурамч гэрээгээр нэрээ шилжүүлдэг болж таарч байгаа биз” гэж ярив.

БАРИМТ 5

Иргэн А 12 настай хүүхдээ харьяаллын дагуу Цэргийн төв эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх шаардлагатай болов. Эмчид үзүүлэхийн тулд цахим бүртгэлд бүртгүүлж, үзлэгийн цаг авах шаардлагатай аж. Тэрбээр бүртгэл нь эхэлдэг 08.30 цагт очиход 50 орчим хүний дараа эмчид үзүүлэх цаг авахаар байж. Дугаараа хүлээгээд зогсож байхад нь тэндхийн эмч, сувилагч нар хүн дагуулж ирээд бүртгэлийн ажилтантай шивэр авир гэж байгаад л цаг аваад явж байсан гэнэ. Арайхийн дугаарлаж байж шинжилгээгээ өгөх болоход бас л сувилагч нар нь шинжилгээ өгөх гээд хэд хэдээрээ “урдуур нь дайраад” байж. Заавал ингэж үйлчлүүлэгчидтэйгээ зэрэгцэх хэрэг байгаа, эсэхийг тэднээс асууж, бухимдахад “Бид ч гэсэн та нартай адилхан цаг аваад, шинжилгээ өгөх гэж байна. Өнөөдөр манай эмнэлэг ажилтнуудаа нэгдсэн журмаар урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа юм” гэжээ. Тэгэхээр ажлын цаг эхлээд таван минут ч болоогүй байхад 50-иад хүн дугаар авчихсан байсны учир ийн тайлагдав. Аз болж яг энэ үеэр нь А руу эгч нь залгаж таарчээ. Эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр дугаарлаж байгаагаа хэлэхэд “Миний багын найз наад эмнэлэгт чинь ажилладаг. Би яриад өгье” гэсэн байна. Ингээд А хүүтэйгээ “бусдын жишгээр” нэг сувилагч дагаж яваад, эмчдээ үзүүлж, шинжилгээгээ өгчээ.

БАРИМТ 6

Их сургууль дөнгөж төгссөн Г танил талаа ашиглан төрийн нэг байгууллагад ажилд орсон. Ажлын байрны онцлогоос шалтгаалан тэрбээр төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөх болов. Номоороо бол тухайн байгууллага сул байгаа ажлын байранд тавигдах шаардлагыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах учиртай. Ингээд шаардлага хангасан иргэд сонгон шалгаруулалтад бүртгүүлэн гурван шатлалын шалгалт өгөөд, тэргүүлсэн бол тус албан тушаалд томилогдоно. Эсвэл төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцээд, нөөцөд байгаа иргэдээс төрийн байгууллагууд сонгож, сул орон тоондоо ажилтан авах ёстой. Гэхдээ энэ журам манайд төдийлөн хэрэгждэггүй нь нууц биш. Одоо бол төрийн байгууллагууд эхлээд танилаа ажилд авна. Дараа нь сонгон шалгаруулалтаа нөгөө хүнийхээ нас, боловсрол, мэргэжил, чадвар, туршлагад нь тааруулж зарлана. Тэгээд “Шалгалтдаа заавал тэнцээрэй” гэж ажлаас нь чөлөөлж өгнө. Яг одоо ийм л зарчим үйлчилж байгаа. Г ч энэ дагуу л ажлын байран дээрээ тогтож үлдсэн аж. Түүний ажлын туршлага, чадвар ажилтай байхад нь тийм ч их нөлөөлөхгүй. Тэгэхээр танил талгүй л бол төрийн аль нэг байгууллагад ажилд орж, төрийн жинхэнэ албан хаагч болно гэдэг бараг л бүтэхгүй зүйл. 

БАРИМТ 7

Иргэн Ч-ийн гэр 15 дугаар хороололд, харин ажил нь III хороололд байдаг. Зургаан настай том хүүгээ ажлынхаа ойролцоох сургуульд оруулахгүй бол өдөр хүүхдийг нь авах хүн байхгүй. Ингээд танил тал хайж арайхийн сургуульд оруулсан байна. Харин ажлынхаа ойролцоох цэцэрлэгт бага хүүгээ өгөхөөр хөөцөлдөхөд эрхлэгч нь “Харьяаллын бус хүүхдийг намар авах боломжгүй. Хичээл эхэлсний дараа хэд хоногоос ирээрэй. Оруулах ангид нь хөшиг, хивсэнцэр аваад өгнө биз” гэжээ. Хоёр хүүхдээ ийнхүү цэцэрлэг, сургууль бараадуулсан Ч-д Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг хэлтэст ажилладаг хамаатан нь тус болсон гэнэ лээ.

БАРИМТ 8

Нэг танил минь хотын төвд цайны газар ажиллуулдаг юм. Түүний эгч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “том” албан тушаал хашдаг учир элдэв хяналт шалгалт, дарамтаас ангид гэх юм билээ. Шалгалт хэзээ ирэх, юу шалгах зэргийг тэдэнд урьдчилж мэдэгдээд, хяналт шалгалт хийх байцаагчид нь “зөөлөн хандаарай” хэмээн захичихдаг гэсэн. Хэрэв тэр танилд минь тийм “өмгөөлөгч” байгаагүй бол яах ч байсан юм билээ. Муухай хоолтой, бохир газар биш хэдий ч манай хяналт шалгалтынхан яаж ийгээд л “но” гаргачихдаг шүү дээ.

Энэ мэт танил талаа ашиглан ажил амьдралаа залгуулж байгаа жишээг дурдвал бүтэн сонины зай талбай ч багадах биз. Ямар сайндаа л “Монгол хүний CV бол “Би нөгөө хэн ахын явуулсан хүн байна аа” гэдэг онигоо гарч байх вэ дээ.

Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг найз нөхөд, төрөл садандаа туслах нь буруу гэхгүй ч хууль, журмаа битгий зөрчөөч. Зөрчил гаргачихаад танилаараа битгий хаацайлуулаач. Иргэддээ түвэг чирэгдэл бололгүй үүрэгт ажлаа ном журмаар нь хийгээч. “Таньдаг хүн байна уу” хэмээн байж бүтээсэн ажлууд чинь яван явсаар нөгөө л авлига, албан тушаалын гэмт хэрэг цэцэглэхэд хүргэдэг гэдгийг битгий мартаарай. Угаас цөөхөн хүн амтай манай улсын иргэд ярьж хөөрөөд явбал бүгд л дам дамаа танил, хамаатан болчих гээд байдаг шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай