Д.Хаянхярваа: Хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Ёс зүйн дэд хороонд хандахаар тусгасан

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ийм хоёр ч төсөл бий. Гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан төслийг хэлэлцүүлэх үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлсэн юм.

Ё.Баатарбилэг: -“УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй” гэдэг. Гишүүд хууль зөрчсөн агуулгатай зүйл ярих, уриалах, бие биенийгээ доромжлох тохиолдол гардаг. Энэ талаар зохицуулалт тусгасан уу. Мөн санал өгөх талаар ямар зохицуул алт оруулсан бэ. Гишүүд зөвхөн өөрсдийнхөө товчлуураар л санал өгөх ёстой. Үүнээс гадна гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалтыг тодорхой болговол яасан юм бэ?

Д.Хаянхярваа: -Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхтэй холбоотой тухайлсан өөрчлөлт тусгаагүй. Ер нь хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан буюу бусдыг гутаан доромжилж, гүтгэсэн гэж үзвэл Ёс зүйн дэд хороонд хандахаар заалт оруулсан. Хурууны хээгээр санал өгнө гэх мэт заалт одоогоор байхгүй.

Гагцхүү хүний өмнөөс санал өгдгийг хориглох байдлаар тусгасан. Нийт хуралдааны цагийн гуравны нэгээс доошгүй хугацаанд суугаагүй бол эгүүлэн татах тухай заалтыг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд боловсруулаад байна. Үүнийг Үндсэн хуультай харшлахгүй гэж үзэж байгаа.

Д.Лүндээжанцан (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -Аль ч парламент анхдугаар хуралдаанаа эхлүүлэх үедээ хуралдааны дэгээ ярилцаж, тогтдог. Энэ талаар гадаад орнуудын парламентаас суралцах, санаа авах юм их бий. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага нь журамтай, дэгтэй болчихвол гүйцэтгэх засаглалаас эхлээд бүх шатанд жишиг болно.

Гишүүн нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, итгэл үнэмшлээрээ санал өгөх эрхтэй гэх агуулга бүхий заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгахаар боловсруулж байгаа. Ингэснээр бусдын өмнөөс санал өгөх нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болох учраас аяндаа зохицуулагдах боломжтой . Органик хуулиар зохицуулахад түвэгтэй байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тусгах замаар шийдэхийг зорьж байна.

Д.Хаянхяраа болон С.Бямбацогт нарын өргөн барьсан төсөлд давхацсан заалт, ижил утга агуулгатай зохицуулалт нэлээд байгаа. Энэ удаагийн чуулганаар эдгээрийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжвэл хоёр төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй нэг ажлын хэсэг байгуулж, нэгтгэн ярилцах боломжтой.

Н.Учрал: -Аливаа хуулийг албан болон албан бусаар тайлбарлах нь бий. Харин бид энд өнөөдөр албан бусаар ярьж болохгүй л дээ. Ард түмэн хүсэж байгаа учраа ингэж, тэгж өөрчлөх нь зүйтэй гэх мэтээр ярих юм. Үнэндээ тухайн гишүүний хэлээд байгаачлан ард түмний хүсэл, зориг мөн, эсэх нь эргэлзээтэй шүү дээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг ийм байдлаар оруулж ирэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Тухайн хүн хуралдаа суухгүй, саналаа өгөхгүй байгаа нь хувь гишүүний л асуудал биз дээ.

О.Батнасан: -Ийм байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулж, заавал хуульчлах шаардлага уг нь байхгүй л дээ. Бүгдээрээ л хуралдаа суучихвал л ямар ч асуудал гарахгүй. Жишээ нь, хэлэлцэж буй асуудлаар холбогдох албан тушаалтан хуралдаанд бүрэн тайлбар өгч, гишүүдийн асуултад хариулж чадахгүй тохиолдолд түүнийг огцруулна гэж заасныг яаж ойлгох вэ. Ийм байдлаар бүх л албан тушаалтныг огцруулах юм уу.

Б.Бат-Эрдэнэ: -Хуралдааны дэгтэй холбоотой асуудлуудыг ярихдаа олонх, цөөнхийн оролцоог тэгш хангаж болоогүй юм уу. АН-ын гишүүдийг эгүүлэн татаж, бүлэггүй болгохын тулд ийм хуулиуд боловсруулсан байна гэж цөөнхийн бүлгийнхэн яриад байна шүү дээ. Үнэхээр тэдний хэлээд байгаачлан улс төрийн зорилготойгоор ийм төсөл боловсруулсан юм уу.

Ер нь өмнө нь аль нэг нам олонх байхдаа баталсан хуулийг дараагийнх нь гарч ирэхээрээ өөрчилдөг байдал ажиглагдах боллоо. Гэтэл нийгэмд хүлээлт үүсгэсэн, зайлшгүй шийдвэрлэх ёстой олон асуудал байна шүү дээ. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг. Хуралдааны дэгийг заавал ингэж хатуу хуульчлах шаардлага байна уу?

Д.Хаянхярваа: -Намын бүлгийн эрх ашгийн үүднээс улс төрийн зорилготойгоор хуулийн төсөл боловсруулаагүй ээ. Бид олон талаар ярилцаж байж энэ хуулийн төслийг өргөн барьсан. Аль нэг намыг парламентад бүлэггүй болгох санаа ч агуулаагүй. Ер нь манайх гэлтгүй бусад орны парламент ч хуралдааны тодорхой дэгтэй байдаг.

Австралийн парламентад л гэхэд гишүүн хоёр сарын хугацаанд хуралдаа суугаагүй бол шууд суудлаа алддаг. ОХУ-ын парламентын гишүүн 30 хоног хурлаа таслахад л бүрэн эрхийг нь цуцалдаг юм билээ. Аливаа зүйл дэгтэй, журамтай байх ёстойг өнгөрсөн 10 гаруй жилийн турш парламентад суухдаа ойлголоо.

М.Оюунчимэг: -Энэ УИХ-ыг анх бүрдэхэд л хуралдааны дэгийг боловсронгуй болгож, гишүүдийг хариуцлагажуулах талаар ярьж эхлэх байсан юм. Аль ч байгууллагад хурал тасалсан, хоцорсон ажилтанд цалингаас нь хасах хүртэл тодорхой арга хэмжээ авч, хариуцлага тооцдог. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг гишүүд хурлаа тасалж, хүний өмнөөс санал өгч, хариуцлагагүй хандаж байгаа нь үнэн шүү дээ. Харин ч энэ төслийг хэтэрхий орой хэлэлцэж байна.

М.Билэгт: -Бид дэгийнхээ асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрч, өнөөдөр ийм зүйл яриад сууж байгаагаасаа ичих хэрэгтэй. Тийм болохоор ингэж хуульчлахыг дэмжиж байна.

Д.Хаянхярваа: -Таны хэлж байгаа үнээн. Ний нуугүй хэлэхэд, би, чи гэлтгүй бүгдээрээ л улс төр хийх нэрээр нам, эвслээ муу, муухай зүйлээс хамгаалж, хаацайлахын тулд элдэв арга хэрэглэдэг болсон. Гишүүд нь ч янз бүрийн зүйл яриад байна. Энэ нь эцэстээ, улстөрчид хийгээд төрийн нэр хүндийг унагасан. Тиймээс үүнд дотроо бодолтой, дороо суурьтай хандах ёстой. Бид өөрөө дэг журамтай, зарчимгүй үйлдлээс хол явах ёстой.

Ж.Мөнхбат: -УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, ёс зүйтэй байлгах гэсэн нийгмийн хүлээлтэд хариулт өгсөн хууль нь энэ төсөл юм. Төрийн албан хаагч, хувийн компанийн ажилтан ажлаасаа хоцроход л цалингаасаа хасуулах, бүр халагдах хүртэл арга хэмжээ авахуулдаг. Гэтэл УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэггүй. Энэ хууль эргэж үйлчлэхгүй, баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө. Тийм учраас АН-ынхан цөөнхөд зориулсан хууль батлах нь гэж ярих хэрэггүй.


Энэ тухай