Д.Гантулга: Улс төрд байх, эсэх нь УИХ-ын гишүүнээр хэмжигдэхгүй

УИХ Д.Гантулгыг хүсэлтийнх нь дагуу гишүүнээс чөлөөллөө. Түүнийг чөлөөлөх, эсэхийг шийдвэрлэсэн нууц санал хураалтад 60 гишүүн оролцож, 45 нь буюу 75 хувь нь дэмжсэн юм. Түүний оронд ажиллах хүнийг тодруулах нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ товлон зарлана. Уг сонгуулийн санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймгийн сонгуулийн хороог байгуулах ёстой. УИХ долдугаар сард багтаан товыг нь зарлавал хуулийн дагуу аравдугаар сарын 7-нд явуулах ИТХ-ын дахин болон нөхөн сонгуультай хамт зохион байгуулах боломжтой гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тогтоол батлагдсаны дараа Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн ангийнхантайгаа “салах ёс” хийсэн юм. Түүнээс цаашид хэрхэхийг нь сонслоо.

-Таныг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө. Хэргийг тань шийдвэрлэсний дараа та улс төрд ирэх үү?

-Миний гэм буруутайг тогтоох хуулийн байгууллага шийдвэр гаргаагүй байна. Одоо би жирийн иргэн Д.Гантулгын хувьд асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлнэ. Нийт сонгогчоосоо хүлцэл өчиж байна. Улс төрд буцаж ирэх, эсэх нь УИХ-ын гишүүнээр хэмжигдэнэ гэж бодохгүй байна. Тиймээс нийгэмд буй асуудлуудыг шийдвэрлэх талаар бодож, санаж яваа ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

-Намын тань зүгээс шахалт үзүүлсэн үү?

-Энэ бол зөвхөн миний шийдвэр.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэр ажил амжуулав?

-Хэд хэдэн зүйл хийхээр бодож, төлөвлөж байсан. УИХ-ын гишүүнийг тойрог төлөөлөх төдийгөөр ойлгож, хайрцаглаж болохгүй гэж боддог. УИХ-ын гишүүд зөвхөн тойргоо л төлөөлж байгаа учраас улс орны хэмжээний төслүүд гацаж, жижиг асуудлуудад хамаг цагаа зарцуулж байна. Миний бие 21 аймгаа тойрч, залуучуудын хөгжил, гэр бүлийн асуудал хариуцсан агентлагтай болох ёстой гэж үзэн, хууль батлуулсан. Хийсэн гол ажил минь энэ. Зорьж байсан бусад зүйл цагийн уртад шийдэгдэх биз дээ.


Бэлтгэсэн: Б.Уран

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай