Ангол генерал Ж.Пирес, монгол бүсгүй Ж.Хоролсүрэн, ХАЙР, ХАВЧЛАГА БА БАЯР, ГУНИГ

Генерал Ж.Пирес эхнэр Ж.Хоролсүрэн, охин Тинатайгаа 20 жилийн дараа уулзлаа. Ангол улс 1996 он


Төгсгөл. Түрүүч нь өмнөх дугаарт

Тэр үед ховорт тооцогдож байсан, Зөвлөлтөд бэлтгэсэн хэлний мэргэжилтнээ яам, тамгын газрынхан гудамжинд орхив. Олон байгууллагын хаалга татсан ч авах газар олдсонгүй. Уйгагүй явсны эцэст олдсон ажил нь Төмөр замын олон улсын билетийн касс. Энд гурван жил гаруй ажиллаад Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Гадаад харилцааны хэлтэст шилжив. Тухайн үед эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан Ази, Африк, Латин Америкийн улсуудыг социалист орнууд их дэмждэг байсан тул гадаад улсуудаар цөөнгүй явдаг байсан аж. Ингэхдээ ЗХУ-ын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн тусгай онгоцоор, тэдний төлөөлөгчдийн хамт явна. Нэг удаа Чилид болсон олон улсын хуралд оролцохын тулд зургаан улсаар дамжин 35 цаг ниссэн гэдэг. Ингэж явахдаа тэрбээр Сальвадор Алендатай уулзаж, ярилцсанаа дурсав.

“Социалист нийгэмд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддагүй байсан. Улс төрийн алдаа гаргах вий гэхээс их болгоомжилдог байв шүү дээ. Ямар сайндаа л олон улсын нэг хурлын үеэр зохион байгуулагчид намайг тайзанд гарч ирэхийг урив. Гэтэл манай дарга миний гараас барьчихаад “Гарч болохгүй шүү, улс төрийн асуудалд орж мэднэ” гээд хамт явсан Зөвлөлтийн төлөөлөгчдөөс хэрэхийг асууж байх вэ дээ. Гэтэл зүгээр л цэцэг өгөх гэж байсан юм билээ.

Иймэрхүү юм байдаг ч би амьдарч байсан нийгмээ муулахгүй ээ. Сургуульд үнэгүй суралцаж, эмнэлэгт төлбөргүй үзүүлнэ. Орон байраар хангагдаж, хүүхдүүдээ мөнгөгүй яана аа гэхийн зовлонгүй бүх шатны сургуульд сургачихдаг байлаа шүү дээ” гэж ярьсан нь үзэл суртаас болж багагүй бэрхшээл туулсан ч монгол хүний уужуу ухаанаар тэр бүгдийг уучилжээ.

Жорж Пирес, Ж.Хоролсүрэн нар Улаанбаатар хотод

Нэг удаа тэрбээр Монголд сууж байсан Кубын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд орчуулагчаар оролцов. Испани хэлийг чадварлаг эзэмшсэн түүнийг Элчин сайд нь яамандаа орчуулагчаар ажиллуулахаар МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамцад санал тавьснаар тэрбээр дипломат албанд шилжих эхлэл болсон юм. Эндээсээ Кубад суугаа Монголын Элчин сайдын яаманд ажилтан, атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллав. Гаванад ажиллаж байхдаа “Улаанбаатараас ярьж байна” гэдэг радио нэвтрүүлэг бэлтгэн Латин Америк даяар цацдаг байсан гэсэн.

САЙН ЦАГ ИРСЭН Ч ТЭД УДААН ХАМТ БАЙСАНГҮЙ

МАХН-ын XVII их хуралд ах дүү намын төлөөлөгчөөр ирсэн Ж.Пирес, их хурлын хэвлэлийн албанд ажиллаж байсан Ж.Хоролсүрэн нар тэднийг мэдэх хүмүүсийн анхааралд байлаа. Ж.Хоролсүрэн энэ бүхэнд сэтгэл тун хангалуун “Монголоос хөөж явуулсан нөгөө хүн чинь энэ шүү дээ. Хэн байсныг, хэн болсныг нь сайн харж авцагаа” хэмээн тэдэнтэй дотроо ярьж явсан гэдэг. Жорж Монголоос явахаасаа өмнө охиноо холоос ч болов дахин харахыг хүсчээ. Гэсэн ч тэд уулзаж чадахгүй байсаар салсан юм.

Ж.Хоролсүрэнг дипломат албаны ажилтан болж, Кубад ажиллаж байхад нь Жорж 1995 онд очив. Тэрбээр охин Тинагаа хамт ирсэн байх гэж боджээ. Охин нь сургууль соёл гээд ээжтэйгээ байсангүй. Харин хоёр настай хүүгээ Гавана руу ээжтэйгээ хамт явуулсан байлаа. Охинтойгоо уулзах гэж очсон Жорж зээ хүүтэй болсноо мэдэж, тэд паркаар өдөржин зугаалжээ. 1996 онд Жоржийн нагац эгчийнх нь 100 насны ой болов. Тэрбээр эднийд нэг хэсэг амьдарч байсан, хүүхэд шиг нь л байдаг байж. Нагац нь хүүхэд төрүүлээгүй тул түүнд жигтэйхэн хайртай. Нагац эгчийнхээ 100 насны ойн баярт Жорж Ж.Хоролсүрэнг урьжээ.


“Бид тусдаа амьдраад олон жил болсон байсан. Тэднийхэнтэй уулзана гэдэг надад үнэндээ хүнд байсан ч урилгыг нь хүлээн авч, явахаар шийдсэн. Гэхдээ зээ хүүтэйгээ хамт явсан. Өвөөтэй нь дахин уулзуулж, ах, дүү нартай нь танилцуулъя гэж бодсон хэрэг. Удам гарлаа мэдэж байхын муу нь юу байх вэ. Ингээд зээ бид хоёр Португалаар дамжин Ангол хүрлээ. Бид хоёрын араас Тина ирсэн”  хэмээн Ж.Хоролсүрэн гуай ярихдаа нүд нь гялалзаж, ихэд баяр хөөртэй болов.


Нагац эгчийнх нь нөхөр ядуувтар гэр бүлээс гаралтай, худалдаачин хүн байж. Бүсгүйн эцэг, эх нь охиноо түүнтэй гэрлэхийг зөвшөөрөөгүй тул тэр залуу Африк руу явжээ. Удалгүй нагац эгч нь гэрээсээ явж, Африкт очин хайртай залуутайгаа гэр бүл болсон гэсэн. Тэд Анголд алтны уурхай хамтран эзэмшигч болж, хангалуун амьдарчээ.

“Манай Жорж насаараа хүнтэй суугаагүй, Тинагаас өөр хүүхэдгүй юм шүү дээ. Ээж нь “Хүнтэй суувал яасан юм бэ” гэж хэд хэдэн удаа ярилцаж л дээ. Тэгэхэд нь “Би эхнэр, охинтой шүү дээ. Тэд минь Монголд байгаа” гээд ер халгаагаагүй гэдэг. Ингэж би Жоржийнхоо ах дүү нартай танилцаж, Анголд долоо хоносон. Охин, зээ хүү хоёр маань үлдэж сар гаруй болсон юмдаг. Түүнээс хойш бид байнга холбоотой боллоо. Жорж Монголд гурван ч удаа ирсэн. Сүүлчийн удаа ирэхэд бие нь нэг л базаахгүй байгаа нь надад мэдэгдсэн.

Зээ хүү нь өвөөтэйгөө уулзав. Ангол улс

Асуухаар “Зүгээрээ” л гэдэг. Ер нь оюутан байхын өөртөө анхаарал тавьдаггүй хүн байсан юм. Намайг Москвад амаржсаны дараа өглөө нь хичээлдээ явна. Өдөр ирээд л охин бид хоёрыг асарна. Тэр үед одоогийнх шиг памперс гэж байсангүй. Бүх даавууг нь угааж, буцалгаад хоёр талаас нь индүүдэх зэргээр амрах завгүй ажилладаг байлаа. Нүд нь байдгаараа улаачихсан, хөл нь хавдсан хэр нь л “Зүгээрээ” гээд л байдаг сан. Намайг Анголд байхад Жоржтой хамт ажилладаг нэг хүн “Генерал ойрын үед их тогтуун болсон байна, ийм байдаггүй хүн дээ” гэж хэлсэн. Бүх насаар нь дэргэд нь байгаагүй ч хүний мөрөөсөл, сэтгэл санааны дэм хэрэгтэй болсон амьдралынх нь сүүлчийн жилүүдийг хамт өнгөрөөснөөрөө би өөрийгөө цагаатгах юм даа” хэмээн тэрбээр өгүүллээ.

2004 он. Тэдний сүүлчийн уулзалт энэ онд болсон юм. Жорж Ж.Хоролсүрэнг урьж, тэд Африкаар хоёр сар хэртэй аялажээ. Аяллын эцэст Анголд ирэхэд гэрэлтэж байдаг нүд нь шар туяатай болсон байхыг Ж.Хоролсүрэн анзаарч эмнэлэгт хандсан байна. Жорж урьдын хөгжилтэй зангаараа “Чи шар арьстан юм чинь чамаас ийм өнгийн халдвар авчихлаа” хэмээн тоглоом хийгээд байж. Гэсэн ч нэг л биш байгааг мэдэж найз нартай нь ярьж байгаад цэргийн эмнэлэгт үзүүлтэл элэгний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон байх нь тэр. Эмч нар мэс засалд яаралтай орохыг зөвлөсний дагуу тэд Португал явав. Эмчилгээ хийлгэсэн ч бие нь дээрдэхгүй байсаар насан туршдаа хайрласан монгол эмэгтэй, охиныхоо ээжийн гар дээр үүрд нойрссон түүх ийм бөлгөө.

Ийнхүү Анголын армийн дэслэгч генерал Жорж Алвис Пирес хэмээх эрхмийн үнэнч хайрын түүхийг уншигч та бүхэнд хүргэв. Энэ сайхан хүний цорын ганц охин, зээ хүү нар нь ээж, эмээ Ж.Хоролсүрэнтэйгээ энх тунх сайхан амьдарч байна. Эдний туулсан гашуун амьдрал монгол хүнд дахин хэзээ ч тохиохгүй гэдэгт би итгэнэм. Учир нь бид ардчилсан Монголын чөлөөт иргэд болсон билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай