Ээлжит бус чуулганы сураг

Хаврын ээлжит чуулган завсарлах хараахан болоогүй байгаа энэ өдрүүдэд ээлжит бус чуулганы сураг чих дэлслээ. Бүр есдүгээр сард гэх тов ч дуулдав. “Ээлжит чуулганы чөлөөт цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно” гэсэн даруухан заалтыг хэрэглэхдээ ихэвчлэн хойшлуулашгүй, яаралтай, анхаарал татсан асуудал хэлэлцдэг билээ. Ээлжит чуулган ч завсарлаагүй байхад тов нь тодорсон ирэх намрын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал юу байх вэ гэдэг нь анхаарал татах асуудал мөн биз.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэ бол одоогийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэзээ хэлэлцэх вэ гэдэг асуултад хариу өгсөн хамгийн барьцтай мэдээлэл. Гэвч “эцэг хууль”-д өөрчлөлт оруулах асуудлыг ирэх намар шийдэх нь гэж яг таг итгэхэд эртэднэ. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь санааны зоргоор бүтдэг ажил биш. Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ямар нэг байдлаар ярьж, зарим нь төсөл боловсруулж, бэлэн болгосон ч хэлэлцүүлж чадаагүй юм.

Энэ удаагийн парламент ч төлөвлөгөөгөө хэд дахин хойшлуулаад буй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гардан эхлүүлсэн хүмүүс өнгөрсөн оны хавар “2017 оны есдүгээр сард төслөө УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлнэ” хэмээн итгэл төгс мэдэгдсэн бөгөөд мөн л ээлжит бус чуулган хуралдуулна хэмээн тооцож буйгаа хэлж байв. Тэр нь бүтээгүй. Энэ оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд үүнийг оруулсан ч бас л чимээгүй өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх энэ удаагийн парламентын төлөвлөгөө хоёр ч удаа товлосон хугацаанаасаа хойшлоод байгаа хэрэг.

Уг нь зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, байн байн хэвлэлийнхнийг цуглуулаад “эцэг хууль”-ийг өөрчлөх ажлын хэсгийнхэн тун ч эрчтэй, хурдтай, ил тод ч гэж жигтэйхэн ажлаа эхлүүлсэн. Харин дунд үедээ буюу төсөл боловсруулах үе шатанд “нуувч”-нд орчихоод одоо хэр гарч ирээгүй л байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах явц ямархуу байгаа, цаашид хэрхэхээр төлөвлөж буй талаараа ажлын хэсгийнхэн албан ёсоор ам нээсэн нь үгүй. Энэ нь хийж буй ажилдаа итгэл муутай, эсвэл ихэд болгоомжтой хандаж буйнх биз ээ.

ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЖЭЭ

Харин сүүлийн үед ажлын хэсгийнхэн нэлээд идэвхжиж, АН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцон мэдээлэл өгөөд яваа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болсны илэрхийлэл болов уу. Эх сурвалж ч “Яг бэлэн болчихлоо гэж хэлэхэд хэцүү. Овоо болов уу гэж байтал нэг нь нэг юм ярьж, боосон төслийг маань задлаад байна. Өнгөрсөн хугацаанд ажлын нэг дэд хэсэг л гэхэд хариуцсан чиглэлээрээ 18 удаа хуралдаж, төслийг 12 удаа засварласан. Энэ бүхний эцэст ямартай ч эрх бүхий субекътүүдээс санал авахаар хүргүүлээд байгаа. Тэднээс ямар хариу ирэхээс олон зүйл хамаарна” хэмээсэн.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бэлэн болсон төслийн талаар бүхэлд нь Ерөнхийлөгч, Засгийн газраас, шүүх эрх мэдэлтэй холбогдсон асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс, хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос санал авах, мөнгө, зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцөх, үндэсний аюулгүй байдалтай холбогдсон асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр заасан. Дээрх байгууллагаас санал авахаар хүргүүлсэн гэдэг нь төсөл эхний байдлаар бэлэн болсон гэсэн үг билээ.

АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ЗҮРХШЭЭВ ҮҮ

Холбогдох байгууллагуудаас санал авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн ажлаа дуусгахаар төлөвлөж буй аж. Тэд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, уг төслийг УИХ-д өргөн барих амаргүй ажлыг бусдад ацаглахаар шийдсэн бололтой. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулийн комисс байгуулах саналаа хууль тогтоогчдод хүргүүлэх талаар ажлын хэсгийнхэн ярьж буй аж.

Харин уг комиссыг хэзээ байгуулах, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг хэн хүлээх нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын чуулган завсарлахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад уг комиссыг байгуулах асуудал ийм бүрхэг байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намар хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө биелэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ШИЙДНЭ

Төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцлээ гэж бодоход хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжвэл дараагийн хэлэлцүүлэгт оруулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн дөрөвний гурваар батлах, ард нийтийн санал асуулгаар батлах гэсэн хоёр хувилбараас аль нэгийг сонгох ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Хоёрдугаар хэлэлцүүлэгт тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзвэл ард нийтийн санал асуулга явуулах тогтоол батална” гэж заасан. Тухайн үед хэрхэхийг мэдэхгүй ч ажлын хэсгийнхэн аравдугаар сард ард нийтийн санал асуулга явуулж, батална гэж тооцож буй аж.

БОЛЗОШГҮЙ СААД

“Үндсэн хууль бол ард түмний зөвшилцлийн гэрээ” гэдэг. Энэ нь нийгмийн бүх тал, олон нийт, улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрч байж уг хуулийг өөрчлөх ёстой гэсэн санаа. УИХ дахь сөрөг хүчин одоогийн байдлаар юу юугүй сэлэм эргүүлчихээргүй шинжтэй. Тэд улс төрийн намууд, ялангуяа УИХ дахь 76 гишүүний ойлголцол, зөвшилцлөөр уг асуудлыг шийдэх учиртайг дахин дахин сануулж, олонх, цөөнхөөр талцаж, нэг хэсэг нь хүч түрж батлах ёсгүй хэмээж байгаа. Энэ нь бидэнтэй ойлголцож, зөвшилцөөд үүнийгээ хийж болно гэсэн санаа шиг уншигдаж буй.

Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засаг, оюун санаа, хүн ам зүй, иргэний нийгэм, улс төрийн ухамсар, соёл, техник, технологи, олон улсын харилцаа гээд олон зүйл өөрчлөгдсөн. 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төр, засгийн бүтэц, тогтолцоог цэгцлэх, хариуцлагыг чангатгах, цөөнгүй зүйлийг гацаанаас гаргах шаардлага тулгараад буйг дээр дооргүй хүлээн зөвшөөрч буйн нэг илрэл нь сөрөг хүчний аядуу байр суурь биз ээ.

Үүний хажуугаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болж буй тухай мэдээлэл гарахтай зэрэгцээд эсэргүүцэгчид гарч ирж мэдэхээр байна. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон “Зарчмын том өөрчлөлт хийгээгүй гэчихээд сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Энэ бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж буйгаар ялгаагүй хэрэг” хэмээсэн. Өөр ч эсэргүүцэгчид гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай