Жилд 10 мянган хүн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай жишиг эмнэлэг баригдаж байна

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт боллоо

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл өдгөө 38 хувьтай байна.

Нээлтийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал бодлоо солилцсон юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Энэ эмнэлэг баригдсанаар нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийн ард иргэдийн эмнэлэгийн тусламж, хүртээмж сайжирна. Энэ эмнэлэг нарийн мэргэшил, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд гээд үндсэн долоон чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. Энэ эмнэлэгт ажиллах 180 гаруй хүнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван жилийн хугацаанд тэтгэлэгтэйгээр, үнэ төлбөргүй сургаж байгаа. Энэ 180 хүнээс 150 гаруй нь сувилагч, туслах сувилагч гэдгийг хэлэхэд таатай байна. Хүчин чадлын хувьд жилдээ дунджаар 10 мянган хүн хэвтэж эмчлүүлэх, 47 мянган хүн амбулаториор үйлчлэх боломж бүрдэнэ” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж тулгамдсан асуудал болоод байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Улаанбаатар хотод анхны жишиг нэгдсэн эмнэлэгийн барилга, угсралтын ажлын нээлт өнөөдөр болж байна. Үргэлжлүүлээд Азийн хөнгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг барих асуудал яригдаж байгаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 өрхийн жишиг эмнэлэг, 22 цэцэрлэг, 9 сургууль барихаар болсон” хэмээлээ.

Жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтныг сургасан байна. Энэ дагуу өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд батламжийг нь гардуулж өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай