Иргэн бүрт 24 сая төгрөгийн өр ногдоно гэв

Монгол Улсын өрийг манай зарим судлаач, эдийн засагч судалж, “Монгол Улсын өрийн саарал ном”-ыг гаргажээ. Гадаадаас авч буй зээлийн төслийн удирдлага, санхүүгийн үр өгөөжийг судалгааны багийнхан нэгдүгээрт тавиж, хэд хэдэн зөвлөмж эрх баригч нарт хүргэж буй аж. Энэ талаар эдийн засагч Т.Доржханд “Номонд оруулсан зөвлөмжөөс жишээ болгон дурдъя. Ойрын хугацаанд төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, өрийн удирдлагыг шинэчлэх, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээ хэлцлүүдийг хязгаарлах, өндөр хүүтэй арилжааны зээлээс татгалзах, гадаадаас зээл авахдаа ханшийн хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах, зээлдүүлэгч улсын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг хүлээж авах нөхцөлтэй зээлээс татгалзах, Засгийн газар болон Төв банк баталгаа гарган, хувийн хэвшилд зээл зуучлахыг хуульчлан зогсоох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Эл судалгааг бид улс төрийн ямар нэг хүчний захиалгаар хийгээгүй, мэргэжлийн судлаачдын байр суурьнаас хандсан” хэмээв. Дашрамд дурдахад, улсын гадаад өр оны эцэст 30 тэрбум давсан байх төлөвтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэн бүрт 24 сая төгрөгийн өр ногдох аж.


Бэлтгэсэн: Ё.Ичинноров

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай