С.Баярцогт батлан даалтад гаргах үед гадуур байцаалтад явсан байжээ

Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног хоригдсон, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаал хашиж байсан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг батлан даалтанд гаргах захирамж өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргалаа. Ингэхдээ хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, хориг тавьсан юм. Мөн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханд ч дээрхтэй адил таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тэднийг цагдан хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд батлан даалтанд гаргах саналаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс НПГ-т хүргүүлж, хяналтын прокурор нь шүүхэд уржигдар 16.00 цаг өнгөрч байхад албан тоот өгсөн юм. Шүүх өчигдөр 15.00 цагийн үед хүсэлтийг нь хэлэлцээд дээрх захирамжийг баталж, өмгөөлөгч нар тэр даруйд түүнийг нь авч үйлчлүүлэгч нараа гаргахаар явсан.

Манай сурвалжлах баг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна очиж нэлээд орой болтол хүлээсэн ч С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хэн нь ч гарч ирээгүй. Учрыг холбогдох байгууллагуудын хэд хэдэн эх сурвалжаас лавлахад “С.Баярцогт Цагдан хорих төвийн эмнэлгийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Үдээс өмнө өрөөндөө байсан ч үдээс хойш мөрдөгч нь байцаалтад авч явсан. АТГ-т байж байгаад батлан даалтанд гарсан бололтой” гэсэн юм.

Энэ хүмүүсийг “Оюутолгой” төслийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.


Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай