Эхлээд Д.Гантулгыг чөлөөлж, дараа нь Д.Муратын асуудлыг хэлэлцэнэ

Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Жил гаруй үргэлжилж буй хормой хотны хэрүүлээс нийтээрээ залхаж, төрийн хүний ухамсар, ёс зүйг түүнээс төдийгүй Монголын улстөрчдөөс, парламентаас нэхэж, шаардаад эхэлсэн тул энэ удаа түүнийг хамгаалж үлдэх найдлага байхгүй гэдэг нь ойлгомжтой байсан юм. Хуралдаанд оролцсон 11 гишүүний арав нь түүнийг чөлөөлөх саналыг үг дуугүй дэмжсэн нь ч үүний нотолгоо. Уг асуудлыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэнэ гэсэн хүлээлт байгаа. Монголын парламент жил гаруй үргэлжилсэн “бандааш”-ны асуудлаас ийнхүү тусгаарлагдах нь уу гэтэл бас л үгүй бололтой.

ТӨРИЙН ОРДОН ДАХЬ ХОРМОЙ ХОТНЫ ХЭРҮҮЛ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ҮРГЭЛЖИЛНЭ

Д.Мурат, Д.Гантулга нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавилаа. Уг хоригт “Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын 45, 47 дугаар тогтоолыг энэ сарын 11-нд Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруутай, эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд УИХ-ын бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа прокурорын байгууллагын саналыг парламент дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай. Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг. Тиймээс УИХ эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, УИХ-ын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм” гэжээ.

Д.Гантулга чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байхад яагаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар яриад байна вэ. Энэ асуудлыг шийвэрлэхдээ УИХ гишүүнийхээ чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авах уу, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Д.Гантулга УИХ-д буцаж орж ирэх эрхтэйгээ үлдэх нь гэх мэтийн асуултууд ундрав.

Манай парламентын түүхэнд УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд байхад Ерөнхийлөгч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх агуулгатай санал гаргаж байсан туршлага байхгүй. Ийм тохиолдолд хэрхэхийг зохицуулсан хуулийн заалт ч үгүй. Тиймээс эргэлзээ үүсээд буй хэрэг. Хуульчдаас энэ талаар лавлахад “Эхлээд Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээд, дараа нь Д.Муратын бүрэн эрхийн асуудлыг шийдэх байх” гэсэн таамаг төдий хариулт хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байхад яагаад түүний асуудлыг хоригт оруулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад “УИХ-ын эмэгтэй гишүүдээс Ерөнхийлөгчид хүргүүлсэн хүсэлтэд “Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн УИХ-ын тогтоолд хориг тавьж өгнө үү” гэсэн. Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх ёстой.

Д.Гантулгын тухайд, хэдийгээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч эцсийн шийдвэр гараагүй. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн тогтоол хүчинтэй хэвээр байгаа тул хоёр тогтоолд хоёуланд нь хориг тавьсан. УИХ Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг эхэлж хэлэлцээд, хүлээн авч, түүний бүрэн эрх дуусгавар болбол түүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхгүй. Чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд хоригийг хэлэлцэнэ” гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хууль, УИХ-ын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрлэж тогтоол батална” хэмээн заасан. Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногт хэлэлцэх хугацаа үлдээгүй. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй байдал, хормой хотны асуудал ирэх долоо хоногт ч Төрийн ордонд үргэлжлэн яригдах нь ээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БА АН-ЫН БҮЛГИЙН АЙДАС

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан даруйд УИХ-ын гишүүн Д.Мурат мэдээлэл хийв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн хоригийг би зөв гэж үзээд, дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу, хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн. Шалгуулчихаад, удахгүй буцаад ороод ирнэ гэж бодож байгаа. Энэ бол зохиомол хэрэг. Би гэмт хэрэг хийгээгүй” гэсэн. Түүний өмгөөлөгч Л.Батмөнх “Д.Мурат гишүүн бэлгийн дарамт учруулсан хэргээр бус, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа. 2017 онд үүссэн уг хэрэг шийдэгдэхгүй их удааширч буйн ард улс төр байна уу гэсэн хардлага бий” хэмээв.

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Мурат гишүүнийг “алдчих вий” гэсэн айдас АН-ынханд байна. Д.Муратдаа ч гол нь биш, бүлэг нь нэг гишүүнээр дутчих вий гэсэн айдас л даа. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, цаашлаад буруутай гэсэн шийдвэр шүүхээс гаргавал УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах нөхцөл үүснэ. Ингэвэл УИХ дахь АН-ын бүлгийн орших, эс орших тухай яригдахад хүрнэ. УИХ-д наймаас илүү суудалтай нам бүлэг байгуулах эрхтэй бол өдгөө АН есөн суудалтай.

Д.Муратыг “явуулчихвал” наймуулаа үлдэнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах зохицуулалт оруулах төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн. Үүнийг баталчихвал хуралдаа суудаггүйгээрээ алдартай Б.Наранхүүг “сугалах”-д ядах юмгүй. Ийм бодит аюул байгаа болохоор айхаас ч аргагүй.

Тийм ч учраас тэд Д.Муратын нэр холбогдсон асуудлыг “Зөрчлийн хуулиар шийтгүүлж, 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрөх хөнгөн хэрэг” гэж, Бахытгүл бүсгүйн олон нийтэд тараасан нүцгэн, хагас нүцгэн зургууд, уулзахгүй зугтаад байхад нь зууралдаж, бие, сэтгэлийн дарамт учруулдаг, зодож, цохин эрх чөлөөнд нь халддаг, эцэг, эхтэй нь хамт доромжилдог гэх яриаг бүгд улс төрийн зорилготой байсан гэж итгүүлэхээр оролдож байгаа юм.


Бэлтгэсэн: А.Амина

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай