СЕНСААЦ: Испанийн шигшээ дасгалжуулагчаа ажлаас нь халлаа

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх багуудын тоонд зүй ёсоор нэрлэгдэж байгаа Испанийн шигшээ баг тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө ерөнхий дасгалжуулагчгүй боллоо. Дасгалжуулагч Хулен Лопетегиг ажлаас нь халсанаа Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес сая албан ёсоор мэдэгдэв. Ийм эрс шийдвэр гаргахад хүргэсэн шалтгаан нь Лопетеги Мадридын “Реал” багтай гэрээ байгуулсан явдал юм. Уг нь тэрбээр хөлбөмбөгийн холбоондоо үргэлжүүлэн ажиллахаар тохиролцож гэрээгээ 2020 он хүртэл сунгаад байсан юм. Гэвч “Реал”-ын амалсан мөнгөнд тэсч чадалгүй ДАШТ-ий дараагаар Мадридыг зорихоор болсон шийдвэрийг нь Рубиалес уучилсангүй. Рубиалес шийдвэрээ мэдэгдэх үеэрээ “Хөлбөмбөгийн холбоонд дүрэм журам гэж бий. Холбоонд ажиллаж буй хүн бүр түүнийг хатуу мөрдөх ёстой гэдгийг эндээс ойлгож авах хэрэгтэй” хэмээн ярилаа. Том тэмцээний яг өмнө ийм эрсдэлтэй шийдвэр гаргаснаар шүүмжлэлд булуулахаа мэдэж байгаа  гэдгээ ноён ерөнхийлөгч мэдэгдээд “Мэдээж ялалт чухал. Гэхдээ үүнээс чухал нь дасгалжуулагчийн ажиллах арга барил. Би үүнийг бусдаас дээр тавьсан нь энэ” хэмээв. Лопетегийн ажлыг авах магадлалтай хүнээр Луис Энрике хүчтэй яригдаж эхэллээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай