Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-ыг зорьж буй иргэдийн анхаарах ёстой 11 зүйл

ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд болно. Тус улс үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна.

Хэрэв та ОХУ-руу зорчихоор зэхэж буй бол дараах зүйлсийг анхаарна уу.  Үүнд:

  1. ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор /өмнө нь 5 хоног байсан/ бүртгүүлэх үүрэгтэй тул ОХУ-д байх хугацаандаа түр буусан бүх түвшний зочид буудалд бүртгэл хийлгэнэ.
  2. Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ.
  3. Тэмцээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс Даваа-Ням гарагийн хооронд өдөр бүрийн 09-17 цагийн хооронд ажиллаж, иргэдийг бүртгэх боломжтой. Хаяг: Консульский отдел Посольства Монголии в Российской Федерации, Москва, 115127, Спасопесковский пер., 7/1
  4. Галт тэргээр ОХУ-д зорчих иргэдийн хувьд ирсэн даруйдаа байрлах зочид буудал эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх бөгөөд энэ тохиолдолд галт тэрэгний билетээ үзүүлж, галт тэргээр ирсэнээ нотлох шаардлагатай.
  5. ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.
  6. Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2000 рублийн торгуультай бөгөөд торгуулиа төлсний дараа бүртгүүлэх боломжтой.
  7. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан оросын бүх хотуудад аюулгүй байдлыг цэрэг цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалж буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явах,
  8. Гадаад паспортын хүчинтэй хугацааг анхааран үзэж, хэрэв зургаан сараас доош хугацаанд хүчинтэй байвал шинээр паспорт авах,
  9. ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж, гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцсан байх,
  10. ОХУ-аар дамжин бусад оронд зорчих иргэд ОХУ-д 24 цагаас илүү саатсан тохиолдолд бүртгэлд хамрагдах,
  11. Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх гэх мэт зүйлсийг  анхаарна уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай