Тэд хүнсэндээ 400, бид 100 граммыг л хэрэглэдэг

Юугаар баян түүгээрээ цатгалан амьдарцгаая гээд хэлчихвэл буруудахгүй болов уу. Гэтэл нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ тэргүүлэгч Монгол Улсын иргэн бид үржил шимт хөрснийхөө өгөөжийг бүрэн хүртэж чадахгүй “өлсгөлөн” сууна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн хоногт дунджаар таван төрлийн 400 орчим грамм хүнсний ногоо, жимс идвэл зохилтой гэсэн тооцоо гаргажээ. Гэтэл монгол хүн 2-3 төрлийн 100 орчим грамм л ногоо иддэг гэсэн судалгаа бий.

Хоногт хэрэглэх ногоогоо нэмэгдүүлэн 700-800 грамм болговол хоол, хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдсэн нас баралтыг дэлхийн хэмжээнд жилд 7.5 сая орчим хүнээр бууруулах боломжтойг эрдэмтэд тогтоожээ. Тэгвэл өчүүхэн бага ногоо, жимс хэрэглэдэг монголчуудын хэд нь хоол, хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэж нас барж байгаа бол гэсэн асуулт бэлэн хариултгүй байна.

Манай улс жилд нэг сая орчим га газарт тариалан эрхэлдэг. Өнгөрсөн онд нийт тариалангийн талбайн багахан хэсэгт буюу 23 мянга орчим га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. Үүнийг 3.1 сая хүндээ хуваавал нэг хүн 0.007 га газрын шимийг хүртэж байгаа хэрэг юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр төмсний хэрэглээгээ 100, хүнсний ногооныхоо 50 гаруй хувийг дотоодоосоо хангаж буй.

Тиймээс ч монголчууд импортын ногоонд жил бүр багадаа 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсаар байна. Хэрэв ургац алдахгүй бол төмсний үнэ харьцангуй тогтвортой байдаг болсон. Үнэ тогтворжиж буйн хамгийн том шалтгаан нь эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний талбайд тариалдаг болсонтой холбоотой. Харин зуун хувь хангаж чадахгүй байгаа хүнсний ногооны үнэ ченжүүд, худалдаачдын ааш аягийг дагаж “хөдөлдөг” болсоор удав.

Хаврын хаварт хүнсний ногооны үнэ өсчихдөг, үндэсний их баяр наадам дөхөхөөр тэнгэрт хаддаг. Хүнсний ногооноос манжин, луувангаа хасаад тооцвол нарийн ногооны хангалт ямар байдаг бол. Нийт нарийн ногооны хэрэглээнийхээ 5-7 хувийг л дотоодоосоо хангадаг гэсэн чамлалттай судалгаа гарчээ.

Өмнөх жилийнх нь намар кг нь 1500-2000 төгрөг байсан улаан лооль, өргөст хэмхний үнэ доод тал нь 5000, үүнээс дээш үнэд хүрэх нь ч бий. Дотоодын тариаланчдын нийлүүлэлт хомс, импортлогчдын гарыг хардаг учраас ингэдэг хэрэг. Энгийнээр хэлбэл, дотоодод тариалсан багахан ногоо зах зээлд борлогдоод дуусуут ченжүүд дураараа үнэ нэмчихдэг.

Хүнсний ногоо, тэр дундаа нарийн ногооны үнэ ингэж өсдгийн эхний шалтгаан нь манай улсад хүлэмжийн аж ахуй муу хөгжсөнтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг. Статистик мэдээлэл харвал, 2017 оны байдлаар манайд зуны хүлэмж 52, дөрвөн улирлынх 20 га талбай эзэлж байна. Дөрвөн улирлын буюу жилийн турш ургац авах боломжтой хүлэмжийн талбайн хэмжээ 30 айлын хашааны газартай тэнцэж буй нь үнэхээр чамлалттай.

Өвлийн хүлэмж барихад нэг ам метр талбайд нь 400 орчим мянган төгрөгийн зарцуулдаг гэнэ. Хааш хаашаа 10 метр хэмжээтэй хүлэмж барихад 40 сая төгрөгийн зардал гарна гэсэн үг. Нэг аж ахуйн нэгж 0.5 га-д илүү дэвшилт технологи бүхий шилэн хүлэмж барихад тэрбум төгрөг урт хугацаатай зээлсэн гэсэн.

Өртөг өндөр учраас тариаланчид хүлэмжийн аж ахуй эрхлэхээс зүрхшээдэг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, олон улсын төслүүдээс гучин хувийг урьдчилан төлөн хүүгүй зээл авах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хүлэмжийн аж ахуй төдийлөн нэмэгдэхгүй байгаа аж. Тиймээс нарийн ногооны ургацын хэмжээ жилд 2-4 хувиар л нэмэгдсэн дүн гарчээ.

Уг нь нэг га өвлийн хүлэмжийн аж ахуйгаас 15-20 хүний ажлын байр бий болдог гэсэн тооцоо бий. Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлбэл нэг талаар нарийн ногооныхоо хангамжийг нэмэгдүүлэх, цаашлаад үнэ тогтворжуулах, нөгөөтэйгүүр ажилгүйдлийг бууруулж, нэг сумаар хоёр туулай буудах давуу талтай юмсанж.

Хүнсний ногооны үнэ тэнгэрт хаддаг удаах шалтгаан нь ургацаа удаан хугацаагаар хадгалах агуулах савны дутагдал, ченжийн дамжлага. Манай улсад 2017 оны байдлаар 200 орчим мянган тонн хүнсний ногоо хадгалах багтаамжтай зоорь байв. Энэ нь нийт төмс, хүнсний ногооны ургацын 60 хувьд хүрэлцэх юм байна. Тэгэхээр бүх ургацаа стандартын шаардлага хангасан агуулахад удаан хугацаанд хадгалах боломжгүй гэсэн үг. Ченжийн дамжлага бол ойлгомжтой.

“Хүчит шонхор” гэх мэт бөөний худалдааны төвийн ченжүүд тариаланчдаас ногоог нь худалдаж авна, тэднээс хотын төвийн дэлгүүрүүд авч эцсийн хэрэглэгчдэд хүргэнэ. Ийнхүү 2-3 дамжлагаар орж тээврийн зардал, ашиг шингээсэн ногооны үнэ өсөх нь дамжиггүй.

Нийслэлийн ойролцоо 80 орчим га талбайд ногоон аж ахуй эрхлэгч нэгэн “Гаргасан зардал дээрээ ашгаа нэмээд үнээ тогтоодог. Худалдааны төвүүдээр зарж буй ногооны үнэ бидний борлуулснаас бараг 30-50 хувиар нэмэгдсэн дүн. Ургацаа хураасныхаа дараа энд, тэнд хөөгдөн барин зогсож, багахан хэсгийг нь борлуулдаг. Нөөцлөх агуулах савгүй учраас дийлэнхийг нь ченжүүдэд зарчихдаг.

Зоорилсон багахан ногоогоо худалдахын тулд метр гаруй хэмжээтэй лангуунд сард 150 мянган төгрөгийн түрээс төлдөг. Тээвэр гэх мэт бусад зардлаа нэмэхээр үнэ өсчихдөг. Өнгөрсөн жил ган болж тариаланчид их хэмжээний ургац алдсан учраас энэ жил ногооны үнэ өмнөхөөс илүү өсөөд байна” гэж ярьсан. Түүний яриа хүнсний ногоо тариалдаг хүмүүсийн нийтлэг зовлонг илтгэнэ.

Ногоо тариалах сонирхолтой аж ахуйн нэгж иргэдийн тоо өсөхгүй байгаа нь үнэ өсөх бас нэгэн шалтгаан гэнэ. Манай улс 1990 онд хоёр сая гаруй хүн амтай байсан. Энэ үед 18.5 мянга га талбайд төмс, хүнсний ногоо тариалж байжээ. Тэгвэл 2017 онд 3.1 сая ам бүлтэй болсон ч 23 мянган га талбайд тариалсан. 27 жилийн хугацаанд төмс, хүнсний ногоо тариалах талбай 4000 га-гаар л нэмэгдсэн нь учир дутагдалтай.

30 орчим жил хүнсний ногоо тариалж буй агрономич Ж.Бяцхандаа “Хүмүүс газар тариалангаас залхуурч, зүрхшээн хөдөлмөрлөж чадахгүйгээс зарим ногооны үнэ өндөр байна. Тухайлбал, кг нь 30 мянган төгрөг хүрдэг улаан сармис тариалах хэцүү биш. Нэг га газраас 50 орчим центнер сармис авах бололцоо байхад хүмүүс тарьж идэж чаддаггүйг гайхдаг. Манайх хашааныхаа багахан зайд улаан сармис тариад арваад айлын жилийн хэрэгцээг хангачихдаг. Газартай айлууд бага ч гэсэн хүнсний ногоо тарьж, ядаж зуны хүлэмжийн аж ахуй эрхэлснээр үнийн хөөрөгдлийг бууруулах боломжтой” гэж ярьсан юм.

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах талаар ямар ажил хийж байгааг ХХААХҮЯ-ныхнаас тодруулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг албадан зохицуулж болох, эсэх талаар судалгаа хийж байгаагаа дуулгасан. Улмаар ногоочид болон хэрэглэгчдийг шууд холбож чадвал үнэ буурах боломжтой гэсэн тайлбар хэллээ.

Салбарын яамнаас 2020 оны есдүгээр сар гэхэд 30 мянган тоннын багтаамжтай хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хадгалах, борлуулах зориулалттай цогцолбор нээхээр ажиллаж буй гэнэ. Мөн 2018-2020 онд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хүнсний ногооны тариалалтыг 50 орчим га, ургацыг арав гаруй мянган тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хүнсний, ялангуяа нарийн ногооны хангамжийг сайжруулах, үнэ тогтворжуулахад чамгүй олон ажил амжуулах шаардлагатай юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай