Олон горьдлого тээсэн уулзалт

Талууд эрх тэгш яриа хэлэлцээ хийхэд бэлэн тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын маргааш Сингапурт эхлэх уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад томоохон түлхэц өгнө. Улмаар уг хэлэлцээ тогтвортой үргэлжилж, Солонгос хоорондын харилцаанд нааштай нөлөөлнө хэмээн ажиглагчид үзэж байна.

БНАСАУ-ын удирдагчийн гаргасан санаачилгыг БНСУ идэвхтэй дэмжсэнээр тус хоёр орны харилцаа, цөмийн зэвсэг устгах, цаашлаад АНУ-тай үл ойлголцлоо харилцан буулт хийх замаар шийдэх алхмууд хийж буй. Одоо хүн төрөлхтний түүхэн эргэлтийн гэж онцлохоор үйл явдал болох гэж байна. АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт бараг хагас жилийн дипломат хүчин чармайлтын оргил хэсэг юм. Ийм өндөрлөгт хүргэсэн үйл явдлын хэлхээг эргэн сөхье.

БНАСАУ цөмийн хүчнээ байгуулж дууссан, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа юуны түрүүнд БНСУ-тай хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа удирдагч Ким Жөн Ун энэ оны нэгдүгээр сарын 1-нд мэдэгдсэн. Ингэснээр сүүлийн гурван жилд анх удаа Пхеньян болон Сөүл харилцаагаа хэвийн болгох хэлэлцээ хийж, хоёр Солон госын тамирчид нэг далбаан дор олимпын наадамд оролцлоо.

Төрийн тэргүүн нар нь дээд хэмжээний уулзалт хийхээр болсон төдийгүй Ким Жөн Ун уулзах хүсэлтээ илгээснийг Д.Трамп хүлээн авсан юм. Үүний нотолгоо болж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр нь дэвшсэн Майкл Помпео БНАСАУ-д нууцаар айлчилж, удирдагчтай нь уулзав.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа дөрөвдүгээр сарын 27-нд Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт болж, хойгоо энх тайван байлгаж, хөгжин цэцэглэж, нэгдэхээ нотолсон Панмунжомын тунхаг бичиг байгууллаа. Дараа нь БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын гурван хоригдлыг суллан, нутаг буцаасан. Ингээд сүрдүүлсэн, эргэж буцсан мэдэгдэл хийж байсан ч Трамп, Ким нарын Сингапурт уулзах бэлтгэл хангагдаж, хоёр удирдагч тус улсад хэдийнэ очжээ.

1950-1953 оны Солонгосын дайныг эцэс болгох хэлэлцээр энэ уулзалтаар байгуулж магадгүй байна. Энх тайван тогтоох чин эрмэлзлээ илэрхийлж БНАСАУ цөмийн байгууламжийнхаа тодорхой хэсгийг буулгасан бол үүний хариу алхмаа АНУ хараахан хийгээгүй буй. Ямартай ч дээд хэмжээний уулзалтаас хамтарсан баримт бичиг гаргахыг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео үгүйсгэсэнгүй.

Нэгэнт бүс нутгийн асуудал хөндөгдсөн учраас түүхэн уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарыг уулзуулахаар Японы Засгийн газар төлөвлөж байна. Үүнийхээ дагуу энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлын үеэр БНАСАУ-тай албан ёсны бус уулзалт хийхээр төлөвлөжээ.

Токио гол нь Пхеньянтай хэлхээ холбоо тогтоож, харилцааныхаа түвшнийг аажмаар дээшлүүлэх боломжийг эрэлхийлж буй юм. Энэ ч үүднээс Сингапурын уулзалтад Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ГХЯ-ны төлөөлөгчдөө илгээх болжээ.

Улаанбаатарын уулзалт амжилттай болбол Япон улс эхлээд ирэх наймдугаар сард Сингапурт болох олон улсын бага хурлын үеэр Гадаад хэргийн сайд нараа, цаашлаад хоёр тал оролцвол ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ш.Абэ, Ким Жөн Ун нарыг хэлэлцээ хийлгэх боломжийг судалж буй аж. Үүний дараа талууд Токиод, эсвэл Пхеньянд хоёр талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж болох гэнэ.

АНУ, БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтын чимээ гарсан цагаас хойш манай улс дэлхий дахины анхаарлын төвд байж, уг арга хэмжээг зохион байгуулж болох газруудын тоонд бараг л эцсийн мөчийг хүртэл багтсан. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт эхэлсэн, “Солонгосын нэгдлийг дэмжих форум” олон улсын цуврал арга хэмжээний хүрээнд болсон бага хурлын төлөөлөгчид ч үүнийг онцлон тэмдэглэсэн билээ.

Тодруулбал, энэ хуралд оролцогч Элчин сайд, нийгэм, улс төрийн ухааны доктор, БНАСАУ-ын Пэктусаны нийгэмлэгийн тэргүүн Ж.Ломбо “Сүүлийн үед, ялангуяа энэ он гарсаар Солонгосын хойгийн асуудал бүс нутгийн төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байна. Ийм үед олон улсын бага хурал Улаанбаатар хотод болсон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ. Энд БНСУ, АНУ, ОХУ гээд олон орноос эрдэмтэн, судлаач оролцож байна. Харин БНАСАУ-ын төлөөлөгчид оролцсонгүй.

Тэд дараагийн долоо хоногт болох Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцоно. Цаашдаа Солонгосын хойгийн асуудлаар Умард, Өмнөд Солонгосын аль алинтай нь сайн харилцаатай байхын тулд хоёр Солонгос нэгдэх, тус хойгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж манай улсад бий. Монголын санаачилсан, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талт харилцааны асуудлыг хэлэлцдэг Улаанбаатарын уулзалт ирэх долоо хоногийн эцсээр болох юм. Үүнд БНАСАУ, БНСУ зэрэг бүс нутгийн 20 орны төлөөлөгч оролцоно.

Сингапурын уулзалтын талаар гэвэл, БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаа мэдэгдэж, зарим тоног төхөөрөмж, байгууламжаа буулгах зэргээр бодитой алхам хийж байна. Солонгосчуудын ярьдгаар бөмбөг (хөлбөмбөгөөр зүйрлэхэд) Америкийн талд очсон. Тиймээс Сингапурын уулзалт нь БНАСАУ-ын талаарх Америкийн байр суурийг илтгэх байх.

Дайн зогсоосон хэлэлцээрийг найрамдлынх болгох, хоёр талын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоох, хамтын ажиллагааны явц, БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Эдгээр асуудал шийдэгдвэл хоёр талын харилцаа аяндаа өргөжих магадлал өндөр” гэсэн билээ.

Тэгвэл тус хурлыг зохион байгуулагч “Солонгосын нэгдлийн Монголын форум”-ын ерөнхий зохицуулагч Б.Лхагваа “Хоёр Солонгосын асуудалд холбогдогч буюу анх хуваасан АНУ, ОХУ, цаашлаад Хятад, Япон оролцох ёстой ч олон улсын оролцоог тухайлбал, төвийг сахисан, Зүүн хойд Азидаа бусад улстай маргаангүй цорын ганц орон болох манай дэмжлэгийг их хүсдэг. Засгийн газар, иргэний нийгмийн шугамаар тус хойгийн асуудлыг олонтаа хэлэлцэж байна.

Энэ удаагийн хуралд оролцогчдын хэлсэнчлэн Улаанбаатар эхлэл нь болж, зөв газраа хэмээн тодотгож байгаа нь нэгдүгээрт, аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор нутаг дэвсгэрээ 1990 онд цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Францын дэмжлэгийг авсан Монголын Засгийн газрын дипломат үйл ажиллагааны туршлага, хоёрдугаарт, ардчилсан нээлттэй нийгэмд тайван замаар шилжсэн туршлага, гуравдугаарт, үндэсний хуваагдмал байдал удаашрах тусам газар нутаг, улс үндэстнийхээ хэсгийг бусдад алдаж, эргэж нэгдэх боломжгүй болсон түүхэн гашуун сургамж (Өвөрмонголыг Хятадад, Буриадыг Орост)-тай холбоотой” гэв.

Тус бага хуралд оролцсон, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намтай ярилцсанаа хүргэе.

-Түүхэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсны ач холбогдол, үр дүнгийн талаар Таны байр суурийг сонирхож болох уу?

-Энэ онд Өмнөд, Умард Солонгосын Төрийн тэргүүн нар хоёр ч удаа уулзсаны сацуу удахгүй АНУ, БНАСАУ-ын удирдагчид яриа хэлэлцээ хийхээр бэлтгэж байна. Хагас зууны турш үргэлжилсэн гал түр зогсоох гэрээ дуусгавар болж, Солонгосын хойгт үүрдийн энх тайван тогтон, хамтран ажиллаж, улмаар нэгдэхийг хоёр Солонгос төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг хүсэж байгаа.

Энэ сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулсан Солонгосын хойгийн нэгдлийг дэмжих олон улсын форум бол бидний энэ хүсэл зорилго болоод найдварын бодит илрэл гэж итгэж байна. Түүнчлэн АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулаад хэлэхэд хоёр улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ амжилттай болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ хоёр тал шууд ярилцаж, хоорондоо ойлголцон, өнгөрсөн хугацааны үл ойлголцлоо шийднэ хэмээн найдаж байна.

Тус уулзалтаас мэдээж сайн үр дүн хүлээж байгаа ч дайсагнасан харилцаатай байсан хоёр улсын удирдагчид уулзаж буй нь өөрөө маш том өөрчлөлт юм.

-Уулзалтын үр дүн нааштай гарахгүй болох вий гэсэн болгоомжлол бий юү?

-Үр дүнг урьдчилан хэлэх, эсвэл АНУ, БНАСАУ хоорондоо хэлэлцэх асуудлыг талаар санал бодлоо илэрхийлэх нь зохисгүй гэж бодож байна. Харин Солонгосын хойгт энх тайван тогтоох, тус бүс нутгийг хөгжүүлэхэд энэ уулзалт маш чухал ач холбогдолтой гэдгийг хэлье. Энэ талаар БНСУ-ын Засгийн газар санаа тавин, АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай болгохын төлөө тус хоёр улстай нягт харилцаатай буй.

-Монгол Улс тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нөлөөлж чадсан уу. Улаанбаатарт уг уулзалтыг зохион байгуулах тухай дэлхийн хэвлэлүүд их анхаарал хандуулж, бичсэн.

Монголд суугаа Элчин сайдын хувьд энэ талаар Та юу гэж бодож байна вэ?

-Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, хоёр Солонгосын харилцааг сайжруулах нь солонгосчууд төдийгүй монголчуудын хувьд маш чухал асуудал. Солонгост амьдарч буй 50 мянга гаруй монгол хүн амгалан тайван байхын сацуу хоёр Солонгосын харилцаа сайжирснаар БНСУ, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа ч улам илүү өргөжин тэлэх юм.

Энэ талаасаа, хэдийгээр биеллээ олж чадаагүй ч миний бие Монгол Улсыг АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газар болгох идэвхтэй санал, санаачилгыг дэмжиж байсан. Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөсөн Монголын төр, засгийн сэтгэл зүтгэл Солонгосын ард түмэнд хэдийнэ хүрсэн гэж бодож байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай