ФОТО: Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид чуулж байна

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах нь” зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй дэлхийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны өмнө тулгамдсан нийтлэг асуудлыг шийдвэрэлэх чухал механизм байдаг. Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчин бий болгож, залуучуудад эрх мэдэл олгох зэрэг олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг юм. НҮБ Дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг баталсны дараахан буюу 2016 оны 2 дугаар сард манай хууль тогтоох байгууллагаас Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Энэхүү үзэл баримтлалын үндсэн зарчим нь Монгол хүн эрүүл амьдрах орчинтой, найдвартай ажлын байртай, орлогын тогтмол эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй тогтолцоотой байж, чинээлэг, хангалуун амьдрахад чиглэж байгаа юм. Энэхүү зарчмыг хэрэгжүүлэхийн тулд 2030 он хүртэл Монгол Улс олон тулгуурт, нээлттэй эдийн засгийг хөгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-үүнээр дунд орлоготой орнуудыг тэргүүлэх эгнээнд хүрч, дундаж болон чинээлэг давхарга давамгайлсан орон болох зорилт тавиад байна. Бид үүнийг бүс нутгийн улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх ёстой. Тиймээс энэхүү чуулга уулзалтад онцгой ач холбогдол өгч байгаа юм” хэмээв.

Зөвлөгөөнд Япон, БНХАУ, Малайз зэрэг Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 33 төлөөлөгч оролцож, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын Эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих тухай, Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай, Тэгш бус байдлыг арилгах тухай болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тухай зорилтыг хэрэгжүүлэх боломж, нөхцлийн талаар хэлэлцэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай