Бадигар сүмээр аялаарай

ӨМӨЗО-ы Бугат хотын гэрэл зургийн холбооныхон “Мони уулын энгэр дэх эртний хийд Бадигар сүм” фото зургийн үзэсгэлэнгээ Театрын музейд өчигдөр нээлээ. Үзэсгэлэнд 300 гаруй жилийн түүхтэй Бадигар сүмийн шашны зан үйл болон ойрын 10 жилд гарсан өөрчлөлтийг харуулсан аж. Энд Бугат хотын 54 гэрэл зурагчны 60 бүтээлийг дэлгэсэн бөгөөд тэдгээрийн 20 нь манай улсад иржээ.

Эдгээр бүтээл нь тус сүмийн жилийн дөрвөн улиралд буй өнгө төрх, онцлогийг харуулсан байна. Гэрэл зурагчин Эдви Шоу Хуаны “Цасан цагаан бурхны улс” бүтээл нь цас орж буй намуухан үдэш Бадигар сүмийн амар тайваныг тусгасан бөгөөд цонхоороо шар гэрэл цацруулсан ганц байшин дүнсийн харагддаг учраас ийн нэрлэсэн гэнэ. Түүнчлэн уг зурагт модны саглагар мөчрүүдийг тусгаж гэрэл зурагчны нарийн мэдрэмжийг шингээсэн нь үзэсгэлэнд ирсэн зочдын анхаарлыг гойд татаж байв.

Үүгээр ч зогсохгүй уг сүмийн лам хуврагууд ном айлдаж, тэдэнд мөргөн зогсох иргэдийн урт цуваа төгсгөл үгүй мэт харагдах нь сонирхолтой. Эл үзэсгэлэнг гаргах болсон тухайд Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар “Гадаад орнуудын гэрэл зургийн холбоодтой хамтын ажиллагаа өргөжүүлэх хүрээнд ээлжит үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Саяхан ӨМӨЗО-ы Алшаа аймгийн гэрэл зурагчдын үзэсгэлэнг манай улсад гаргасан бол энэ удаа Бугат хотын гэрэл зургийн нийгэмлэгийнхэн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэ нь зөвхөн Буддын шашны зан үйлийг харуулснаар онцлог юм” гэв.

Бугат хотын гэрэл зургийн нийгэмлэгийн тэргүүн Хэ Шохуа “Монгол, Дундад хоёр орны найрамдалт харилцааг бататгах, соёлын солилцоог өргөжүүлэх зорилгоор эл үзэсгэлэнг нээж буй” хэмээн онцолсон юм. Дашрамд дурдахад, үзэсгэлэн хоёр хоног үргэлжлэх гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай