Г.Жамбалдорж: Цол авах юм сан л гэж зорьсноос түрүүлэх талаар бодоогүй ээ

Аймгийн хурц арслан цолтой 14 хүчтэн зодоглож, өмнөхөөсөө хавьгүй чансаатай болсон өнөө жилийн Бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх,аймгийн начин Ганзоригийн Жамбалдоржтой ярилцлаа.

Багадаа үндэсний бөхөд төдийлөн хорхойсдоггүй байсан тэрбээр 2009 онд болсон нийтийн монгол бөхийн барилдаанд түрүүлсэндээ урамшин нэлээд хожим буюу 21 настайдаа зодоглож эхэлжээ. Бөхөөр тууштай хичээллэхийн тулд тэр жилээ нийслэлд ирсэн Г.Жамбалдорж 2014 онд Баянхонгорын наадамд тав даван, аймгийн начин цол хүртэж, түүнийгээ хоёр жилийн өмнө баталсан юм.

Аймгийн арслан цолтой долоо (Хурц арслан О.Гантулга, У.Береке, Б.Эрдэнэхүү, Б.Суманчулуун, арслан П.Эрхэмжаргал, Б.Тайван, Д.Бадамгарав), заан нэг (Б.Түмэндэмбэрэл)-ийг өвдөг шороодуулж, цэргийн арслан болсон тэрбээр “Хэвлэлд анх удаа ярилцлага өгөх гэж байгаа болохоор нэлээд сандарч байна. Ер нь барилдахаас ч хэцүү юм аа” хэмээн инээмсэглэсээр ярилцлагаа эхлэв.

-Та өмнө нь Бүх цэргийн наадамд хоёр удаа зодоглохдоо доогуур даваанд өвдөг шороодсон юм билээ. Энэ жил түрүүлнэ гээд өрсөлдөв үү. Эсвэл цол авахын төлөө зүтгэв үү?

-Цол авах юм сан л гэж зорьсноос түрүүлэх талаар бодоогүй ээ. Цэргийн наадамд өнгөрсөн жил өрсөлдөхдөө нэгийн даваанд өвдөг шороодсон.

Өнөө жил аймгийн цолоо цэргийнхтэй хослуулах зорилго тавин, бэлтгэлээ “Хилчин” спорт хороонд, улсын заан Мягмарсүрэн багшийн удирдлагад базаалаа. Бэлтгэлээ нэг удаа ч таслаагүй.

Ер нь уйгагүй зүтгэсэн, шантралгүй хөдөлмөрлөсөн. Багш нар “Энэ жил нэг юм дуулгахаар байна. Улам хичээгээрэй” гэсэн. Тэгэхэд нь нээрэн ч цол авах юм шиг санагдан, урамшаад улам хичээлээ.

Би долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэл хийдэг. Барилдааны бэлтгэлээ Мягмарсүрэн, хүчнийхийг нь Баттулга багшийн удирдлагад базаадаг.

-Түрүүлье гэж зориогүй өрсөлдсөн болохоор сэтгэл зүйн дарамт багатай, тайван өрсөлдсөн байх.

-Тэгсэн. Өмнөө хэтэрхий том зорилго тавьчихаар заримдаа сандарч, барилдаанаа бүрэн гаргаж чаддаггүй. Энэ удаа тэгээгүй, сайхан барилдъя, бэлтгэл хэр байгаагаа шинжье гээд л өрсөлдсөн.

-Зарим тамирчин амжилтаа зөгнөдөг гэдэг. Танд ямар нэгэн баярын совин татсан уу?

-Барилдаанаас хоёр хоногийн өмнө багын маань найз Лхагвасүрэн “Чамайг цэргийн наадамд түрүүлэн, арслан болж байна гэж зүүдэллээ хө” гэсэн. “Алдар” спорт хороо руу явж байхдаа “Найзын минь зүүд биелэх болтугай” гээд их бэлгэшээсэн шүү.

-Аймгийн начин цолтой, эрэмбэ багатай болохоор нэгийн даваанаас л арслан цолтой бөхчүүдтэй оноолт таарсан. Аймгийн заан цолны болзол хангасны дараа түрүүлэх талаар бодож эхэлсэн үү?

-Тэгсэн шүү. Хүн гэдэг их шуналтай юм билээ. Цол авбал л бол оо гэж байсан хүн чинь түрүүлэх тухай бодсон шүү. Тэгээд цэргийн заан болчихлоо гэж амжилтдаа ханалгүй тайван барилдахыг хичээлээ.

-Цэргийн наадамд хоёр удаа үзүүрлээд байсан аймгийн заан Б.Түмэндэмбэрэлтэй түрүү булаалдсан. Улсын цол хүртэх бөхийн таамагт нэлээд дээгүүрт яваа түүнийг шахаж татаад давсан, та. Барилдааны өмнө тийм мэх хийхээр төлөвлөсөн үү?

-Түүнтэй барилдахын өмнө манай нутгийн бөхчүүд “Элэг бүс, сэнжигнээс нь лав атга. Сэрвүү барьцнаас хавирах мэхнээс нь болгоомжлон, өөртөө итгэлтэй, урагш давшиж барилдаарай” гэж захисан. Барилдааны үеэр Түмэндэмбэрэл нэлээд сандран, биеэ барьж байгаа нь анзаарагдлаа.

Өмнө нь хоёр ч удаа үзүүрлэсэн болохоор дахин бүдрэх вий гэж болгоомжилсондоо тэгсэн байх. Би сугадаж барилдъя гэж бодсон ч өрсөлдөгч маань нягт хамгаалан, санаснаар болоогүй. Тэгж байтал хоёулаа золгож барилдъя гэхээр нь зөвшөөрчихлөө. Золгонгуутаа л шахаж татъя гэж төлөвлөснийхөө дагуу барилдаад давсан.

-Та түрүүлэхдээ аймгийн арслан цолтой долоон бөхийг өвдөг шороодуулсан. Хамгийн өрсөлдөөнтэй, хүнд барилдаан аль нь байв?

-Тэр, энэ гэж онцлохын аргагүй ээ. Бүгд л хүч шавхсан барилдаан боллоо. Цэргийн арслан цол хүртсэний дараа өөртөө ч итгээгүй. Зүүдлээд ч байгаа юм шиг санагддаг юм билээ. Гэртээ хурдан харьж, баярт мөчөө гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах сан гэж их яарсан.

-Цол олгодог барилдааны дараа “Үнэн хүчээр давав уу. Мөнгөөр сөхрүүлэв үү” гэх хардлага спортын хорхойтнуудын дунд байдаг болж. Эл хардлага өмнө нь олны хараанд төдийлөн өртөөгүй таныг ч бас ээрч байгаа нь анзаарагдсан. Энэ талаар та ямар бодолтой явдаг бол?

-Том, жижиг ямар ч цолыг шударга барилдаад хүртвэл сайхан. Дараа нь цолондоо эзэн байж, баталж чадахгүй бол муухай шүү дээ. Нэг хүн цахим хуудсандаа “Жамбалдорж үзүүрт хүртлээ гар амар барилдлаа” гэж нийтэлсэн байна лээ. Хүнийг тэгж муухай гүтгэн, амжилтыг нь үгүйсгэж болохгүй.

Сүүлийн таван жил бэлтгэл хамт хийж буй манай нутгийн бөх, хурц арслан Эрдэнэхүү зургаагийн даваанд надтай учраа таарахдаа барилдалгүй тахим өгсөн. Бусадтай нь үнэн хүчийг үзэн, шударга барилдсаан.

-“Цэргийн арслан Жамбалдорж” хэмээн цоллуулах сан гэж хэр их яарч байна вэ?

-Нэг их яарсан юм алга. Улсын наадмаас өмнө барилдаан болвол өрсөлдөнө.

-Та нэлээд хожим үндэсний бөхөөр барилдсан юм билээ. 21 настайдаа эл спортод хөл тавихад юу нөлөөлөв?

-Ээжийн талд аймгийн арслан Баасанбат, Очирбат гэдэг хүчтэн бий. Бага байхад аав намайг дугуйланд бүртгүүлэх гэхээр нь зугтаачихдаг, барилдах дургүй байлаа. Бөхийн спортоор хичээллэхэд ах их нөлөөлсөн. Ах 2009 онд болсон нийтийн монгол бөхийн барилдаанд бүртгүүлсэн ч “Бөхийн бэлтгэл хийдэг” гээд барилдуулаагүй юм билээ.

Гэрийнхээ гадна хөлбөмбөг тоглож байтал ах “Миний дүү барилд” гэж ятгасаар байгаад өрсөлдүүлсэн. Албан хүчээр шахам хүч сорьсон би тэр барилдаанд түрүүлсэндээ их урамшсан. Ер нь тууштай бэлтгэл хийвэл амжилт ойрхон санагдсан л даа. Тэгээд л ахыгаа даган, Улаанбаатар хотод ирж билээ.

Оюутны байранд амьдран, бэлтгэлийнхээ хажуугаар “Шонхор олимп” дээд сургуульд дасгалжуулагчийн мэргэжлээр сурсан. Нийслэл хотод өмнө нь ирж байгаагүй надад дасахад тийм амар байгаагүй ээ.

-Түм түжигнэн, бум бужигнасан Улаанбаатар хотод дасахад хамгийн хэцүү нь юу байв?

-Төөрч, будлихгүй явахаас авахуулаад бэрхшээл юу эс мундах вэ. Хотод ирснийхээ дараа бэлтгэлдээ явахдаа буруу чиглэлийн автобусанд суугаад, цөөнгүй удаа төөрсөн. Тэгэх бүрт ахаасаа утсаар асуудаг байлаа. Би ер нь 2011 оноос үндэсний бөхөөр тууштай бэлтгэл хийж эхэлсэн.

-Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны шавь бил үү?

-Тийм ээ. Манай нутгийн бөх л дөө. Тэр жил нэгэн барилдааны үеэр Нацагдорж багштай танилцаж билээ. Тэгээд Спортын төв ордонд чөлөөт , үндэсний бөхийн бэлтгэл хийсэн.

-Одоо ер нь чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг үү. Ямар амжилт гаргасан бэ?

-Заримдаа л. Цаашид ч бас чөлөөт бөхөөр дагнах бус үндэсний бөхтэй хослуулан хийх бодолтой. Аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авснаас өөр гавьтай амжилт гаргаагүй ээ.

-Бэлтгэл хийн, барилдах тусам таны ур чадвар ахиж байгаа нь мэдээж. Шинээр ямар мэх, арга барил сурахаар төлөвлөв?

-Ер нь олон бий. Юуны түрүүнд сэрвүү барьцнаас хөл авч сурахыг хичээж байна. Улсын гарьд Б.Гончигдамба шиг л бөх болох юм сан гэж хичээдэг, үлгэрлэдэг. Түүний биеэ авч яваа байдал, хөдөлмөрч нь таалагддаг.

-Барилдаан таардаггүй, ер дийлдэггүй бөх бий юү?

-Байгаа. Дархан-Уул аймгийн харьяат, аймгийн арслан Н.Эрдэнэчулуунтай барилдаан таардаггүй. Түүнтэй аймгийн начин болсон жилээ найман удаа барилдахдаа ганц ч даваагүй.

Тэгэхэд ингэж өвдөг шороодсон, одоо ингэж өрсөлдъё гэж зөндөө зүйл төлөвлөөд барилддаг ч санаснаар болдоггүй юм.

-Сүүлийн жилүүдэд уран барилдаантай, гоёмсог мэх хийдэг бөх эрс цөөрч. Ихэвчлэн сонгооны барьцнаас тэгс, ингэсхийгээд давах хүсэлтэй болоод байгаа нь анзаарагддаг. Үүнийг өөрчлөхөд хамгийн зөв гаргалгаа юу вэ?

-Дүрмээ яс мөрдөх хэрэгтэй. Уг нь дэвжээнээс гурван удаа зугтаж гарвал барилдаанаас хасах дүрэм бий. Даанч хэрэгжих нь хуруу дарам. Зарим улсын цолтныг гурав байтугай олон гарсан ч хасдаггүй. Дүрмээ мөрдөөд, хэрэгжүүлээд байвал бөхчүүд шуурхай, уран барилддаг болоход их тустай.

-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм билээ. Бөх барилдаад гэр бүлээ тэжээх боломж өнөөгийн нийгэмд хэр байдаг вэ?

-Ээ дээ, ер нь хэцүү дээ. Бөхийн спортод элэгтэй нутгийнхаа хэдэн ахын буян, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхныхаа дэмжлэгээр л болгож явна. Бэлтгэл, барилдаан гээд гэр бүлдээ хангалттай цаг тэр бүр гаргаж чаддаггүй.

-Энэ жил улсын наадамд зодоглох уу, аймагтаа өрсөлдөх үү?

-Хоёулаа давхацчихсан. Би аймгийнхаа наадамд 2012 оноос хойш зодоглож байна. Энэ жил Баянхонгорынхоо наадамд хүч сорьё, цолоо ахиулъя гэж бодож байлаа. Цэргийн арслан болсныхоо дараа бодлоо өөрчилсөөн. Би улсын наадамд гурван удаа зодоглоод байна. 2016 онд өрсөлдөхдөө гурвын даваанд улсын начин Э.Дашид, өнгөрсөн жил түрүү бөхөд өвдөг шороодсон.

Цол дагаж бяр гэдэг. Тиймээс тааруу барилдах эрх надад байхгүй. Ер нь улсын цолтны эгнээнд багтахын төлөө зүтгэнэ ээ. Манай аймгаас 2011 оноос хойш улсын цолтой бөх төрөөгүй. Ж.Чулуунбат начны амжилтыг үргэлжлүүлэн, нутгийн олноо баярлуулах юм сан.

Манай аймгийн “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүдийг Лувсанпүрэв, Батгэрэл багш дасгалжуулдаг. Бид наадмын бэлтгэлдээ энэ сарын 15-нд гарна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

Илгээх

Энэ тухай