Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Д.ГАНТУЛГА: ЗАЛУУ НАСНЫ ГЭНЭН ИТГЭМТГИЙ ЗАНГААСАА ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДСОНДОО ХАРАМСАЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр УИХ шөнө дүл хүртэл хуралдаж, хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин энэ долоо хоногийн эхний өдөр гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гардуулав. Энэ тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлэх үеэрээ тэрбээр “Та бүхэндээ албан ёсны мэдэгдэл танилцуулъя. Надад өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдөр олон байлаа.

Учир нь УИХ-ын гишүүн хувь хүн биш. Сонгогчид, намын хамт олон, Монголын төрийн дээд байгууллага зэрэг олон шалтгаан байлаа. Гэхдээ би өнөөдөр өөрийн шийдвэрээ та бүхэнд мэдээлж байна. Залуу насны гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд холбогдсондоо чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлье. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа хүлцэл өчиж байна. Надад итгэж, дэмждэг мянга мянган найз нөхөд, УИХ-ын төлөөлөл болгосон хэнтийчүүд, үргэлж дэмждэг байсан намын хамт олон, УИХ-ын танхимд хууль хэлэлцэж, батлалцсан “нэг анги”-ийн эрхэм гишүүдээсээ хүлцэл өчье.

Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа зэрэг бүсгүйчүүдээс, улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Залуу хүний хувьд Монголын төрд илүү ихийг хийж бүтээнэ гэсэн итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэж явсан маань хангалтгүй байсанд гүнээ харамсаж байна. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, ингэж харамсах хүртэл явсандаа харамсаж байна.

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улс төрийн золиос болж буйг минь монголчууд ойлгож байгаа гэдэгт итгэж байна. “Энэ бол улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй” гэдгийг ойлгох өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж явна. Иймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдье” гэсэн юм.

Жил гаруйн хугацаанд гүрийж, гуравхан өдрийн өмнө чөлөөлөх бус, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ярьж, “Гэм буруутай, эсэхийг чинь тогтооё. Буруугүй гэдэг нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхээ үргэлжлүүлээд яв” гэхэд уйлан дуугарч, улайран зүтгэж, өөртөө санал өгч явсан хүн гэнэт ингэтлээ “гэгээрнэ” гэдэг юу л бол. Харин ингэхээс гарцаагүй байдалд орсон гэвэл үнэнд илүү ойртох биз.

Д.Оюунхорол тэргүүтэй УИХ-ын эмэгтэй гишүүд “Хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалж үлдсэн УИХ-ын шийдвэртэй санал нэгдэхгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлж өг. Бид УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчөөр хориг тавиулна. УИХ-аар дахин хэлэлцүүлж, хүчингүй болгуулахын төлөө эцсээ хүртэл явна” гэсний дагуу УИХ дахь МАН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцсэн.

Хурлын үеэр Д.Гантулгад “Өөрөө өргөдлөө өгөөд шалгуул. Залуу хүн байна, ирээдүйгээ бодоод, ийм хэрэг хийгээгүй бол нэрээ цэвэрлэ. Хийсэн бол намаа болон Монголын төрийг битгий ингэж бузарла” гэж хэлсэн гэх. Хуулийн байгууллагаас “Хавтаст хэрэгт нотлох баримт цугларсан. Асуудлыг шүүхээр шийдэх шаардлагатай” гэсэн мэдээлэл өгсөн тул эмэгтэйчүүд Д.Гантулгад ийнхүү “хатуурхсан” бололтой.

Тийм ч учраас гурван өдрийн өмнө намын даргаараа өмөөрүүлээд бүрэн эрхтэйгээ үлдэх шийдвэр УИХ-аас гаргуулсан хүн гэнэт чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэрэг болов уу. Хариуцлага, ёс зүй, төр, ард түмнийг хүндлэх гэхээсээ илүү 32, 33-ын бүлгийн хүчний харьцааг тэнцүүлэх, цаашлаад Ерөнхий сайдыг муухай харагдуулах том хөзөр болгох гэх мэтийн улс төр л түүгээр чөлөөлөгдөх өргөдөл бичүүлчих шиг боллоо.

Д.ОЮУНХОРОЛ: УИХ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДЭМЖСЭН ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ

УИХ-ын 13 эмэгтэй гишүүний 11 нь буюу М.Оюунчимэг, Гарамжав хоёроос бусад нь Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн УИХ-ын шийдвэрт хориг тавихыг хүссэн албан бичиг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Энэ талаараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “УИХ-ын баасан гаригийн чуулганаар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрт хориг тавиулах хүсэлтээ бид өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүллээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгчээ. Монголын төрөөр ингэж тоглож болохгүй.

Парламент бол айлын эрх хүүхдүүд орж ирээд, тоглож байдаг газар биш. УИХ хүчирхийллийн гэмт хэргийг дэмжсэн шийдвэр гаргасан нь монголчуудыг доромжилсон хэрэг. УИХ-ын эмэгтэй гишүүд үүнийг эсэргүүцэж байгаа. Цаашид УИХ хууль бус үйлдлийн эсрэг шийдвэртэй тэмцэж, ажилладаг байх ёстой” гэв. Мөн УИХ-ын гишүүн М.Билэгт “Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг парламент хамгаалж үлдэж болохгүй. Хоёр гишүүн өөрсдийгөө буруугүй гэдэгтээ итгэлтэй байгаа бол шалгуулж, үүнийгээ тогтоолгоод, эргээд нүүр бардам мэдэгдэл хийх ёстой байсан юм” гэлээ.

Д.ГАНТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН Ч ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ УИХ ГАРГАНА

УИХ-ын тухай хуульд гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай 6.6.3 буюу “Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан” гэсэн заалт бий. Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтдээ уг заалтыг үндэслэл болгосон. Тэгэхээр Д.Гантулга хүсэлтээ өгсөн ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэсэн үг.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай