Хөрөнгө завшигчдын толгойг илсэн шүүхэд итгэж болох уу

107.3 тэрбум төгрөгөөр босгосон далангийн нэг хэсэг


-А.Гансүхэд холбогдох үйлдлийг сэргээх тогтоолыг прокурор баталжээ-

 Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд байна. Тус шүүхээс Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож,“Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн талаар бид мэдээлсэн билээ. Чухам ямар үйлдэлд нь шүүх ийнхүү торгох ял шийтгэснийг дэлгэрүүлэн хүргэхийг зорилоо.

13 КОМПАНИЙГ ХОХИРООЖ, 17.4 ТЭРБУМЫГ ЗАВШСАНЫГ ШҮҮХ ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮЗЭВ

“Самсунг Си энд Ти” гэж монголчууд нэрлэх болсон, угтаа Эс Си Ти И Си Эм (SCTECM) гэх нэртэй компанийн захирал Ли Жон Ёлд холбогдох хэрэгт одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, тус компанийн хэлтсийн дарга А.Зориг тэргүүтэй хүмүүсийг 2015 оноос сүр дуулиантай шалгаж эхэлсэн юм. Уг хэргийн гол холбогдогчдын нэг П.Бат-Эрдэнэ нь хил давж зугтсан учраас Интерполоор эрэн сурвалжилж, хэргийг нь тусгаарлан түдгэлзүүлээд буй.

Энэ хэрэгт Ли Жон Ёл ямар оролцоотой байсан, тавдугаар сарын 29-31-ний хооронд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аль үйлдлийг нь хэлэлцсэнийг бид нэхэн сурвалжиллаа. Нийслэлийн Прокурорын газраас БНСУ-ын хоёр иргэнийг “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Үүнд хэд хэдэн үйлдэл багтаж буй. Тодруулбал, Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын шороон даланг босгосон туслан гүйцэтгэгч 13 компанид олгох санхүүжилтээс 17.4 тэрбум төгрөг завшсан үйлдэл багтсан аж. “Монголын төмөр зам” ХК-иас Эс Си Ти И Си Эм компанитай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дээрх чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ул шорооны (далангийн) ажил хийлгэхдээ нэр бүхий 13 компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Улмаар МТЗ-д тайлангаа өгөхдөө 107.3 тэрбум гаруй төгрөгийн ажил гүйцэтгэсэн хэмээн баримт бүрдүүлсэн аж.

Харин туслан гүйцэтгэгч нарт 89.8 тэрбум төгрөг хуваан олгосон гэнэ. Жишээ нь, туслан гүйцэтгэгч “Жилин мандал”-д 1.3, “Мапроуд” ХХК-д 1.5 тэрбум, “Монроуд”-д 978 сая гэх мэтээр нэг компани хамгийн багадаа 300 гаруй сая, их нь 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэсэн байтал тоо, хэмжээг нь багасгаж, санхүүжилтийг нь дутуу олгосон байжээ. 13 компанийг залилан мэхэлсэн энэ үйлдлийг прокурор нотлогдсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн ч шүүх хэрэгсэхгүй болгов.

ХАНБОГД СУМЫНХАН ХҮРТЭХ ЁСТОЙ БАЙСАН МӨНГӨ АЛГА БОЛСОН ТҮҮХ

Ли Жон Ёлтой хамт шүүгдэгчийн ширээнд суусан БНСУ-ын иргэн Гу Ду Хёонд холбогдох үйлдлийг шүүх хэрэг гэж үзээгүй юм. Уг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, НПГ-ын хяналтын прокурорууд дээрх хүмүүс хамтран хөрөнгө завшсан нь батлагдсан гэж үзсэн юм билээ. Манай улсад мөрдөж буй дүрэм журам, стандарт, нормоор бол тусгай эрхтэй аж ахуйн нэгж, хүн төмөр замын зураг, төсөл боловсруулах ёстой.

Гэтэл Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр зам тавих зураг, төслийг ямар ч эрхгүй аж ахуйн нэгжээр, суурь судалгаагүйгээр гүйцэтгүүлсэн аж. Түүгээр ч зогсохгүй холбогдох байгууллага магадлал хийгээгүй байхад боловсруулсан зураг төслөөрөө далан босгох ажлыг эхлүүлсэн гэнэ. Энэ бүх ажлыг зөвхөн “Соён интернэйшнл” компаниар гүйцэтгүүлсэн мэтээр тайлан гаргаж, МТЗ-аас уг ажлын өртөг болох 8.7 тэрбум төгрөг дээр нэмж, 1.9 тэрбумыг шилжүүлэн авсан гэж дээрх хүмүүсийг буруутгаж байсан юм.

Дээрх хоёр хүнээс гадна Пак Жи Хёон гэх эрийг МТЗ-ын хөрөнгөөс завшсан үйлдэлд холбогдуулан шалгасан аж. Түүнийг Ли Жон Ёлтой бүлэглэн Ханбогд суманд төлөх ёстой 691 сая гаруй төгрөгийг завшсан гэж үзэж буй. Улмаар Пак Жи Хёоныг гэрчээр шүүх хуралд оролцуулахаар болсон ч нутаг буцсан байжээ.

Бидний авсан мэдээллээр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга Ханбогд сумаас авч ашигласны төлбөрт дээрх хэмжээний мөнгийг төлөхөөр Эс Си Ти И Си Эм компаниасаа гаргуулсан аж. Улмаар байрыг нь түрээсэлж амьдарч байсан залуучуудаараа “Өмнө хан богд говь” гэх компани байгуулуулж, дээрх мөнгийг тийш нь 2015 оны аравдугаар сарын 21-22-нд шилжүүлэн Ли Жон Ёл авч хувьдаа завшсан буруутай гэж шүүх үзсэн байна. Уг нь дээрх 700-гаад сая төгрөг Ханбогд суманд хууль журмынхаа дагуу очсон бол орон нутгийн иргэдийн амьжиргаа, бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр болох байсан нь гарцаагүй.

Түүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагаар ажил хийлгэсэн хэмээн 72 сая төгрөг завшсан үйлдэлд Ли Жон Ёлыг буруутай гэж үзжээ. Тэрбээр нутаг нэгт Ким Чан Хуан (бас нутаг буцсан) гэгчээр дамжуулан гадаад хэлний мэдлэг сайтай У.Ундрам гэх бүсгүйтэй танилцаж. Улмаар түүгээр төмөр замын бүтээн байгуулалтын тухай мэдээллийг англи хэл рүү хөрвүүлүүлдэг болсон гэнэ. Ингэхдээ мөнгөө шилжүүлэхийн тулд түүний ээж Д.Уламбаярын нэр дээр “Содконсалтинг партнерс” гэх компани ажиллуулжээ.

Тухайн компанитай “Цаг үе, улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, сар бүр 10 сая төгрөг шилжүүлэн, зургаан саяыг нь Ли авдаг байсан нь шалгалтаар тогтоогдож. Ээж охин хоёр ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Өршөөлийн хуульд хамрагдсан юм билээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 24-нд уг гэрээг байгуулсан бөгөөд Ли 2014 он дуустал нийт 72 сая төгрөг шилжүүлэн авсан гэм буруутай гэж шүүх үзжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан хийсэн хурлаас зөвхөн 691 болон 72 сая гээд нийт 800 шахам сая төгрөгийн үйлдлийг нь хэлэлцэж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа.

А.ГАНСҮХ ХЭРГЭЭ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛНЭ ГЭЖЭЭ

Өдгөө ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын алба хашиж буй А.Гансүхэд холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр НПГ-аас хэрэгсэхгүй болгоод байсан юм. Тэгвэл УЕПГ-аас түүнд холбогдох үйлдлийг сэргээн шалгах тогтоол баталжээ. Тус байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр А.Гансүх “Би гэм буруугүй, холбогдсон хэргээ ердийн журмаар буюу шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж гомдол гаргасан аж. Үүнийг нь УЕПГ-аас хянаад хэргийг нь сэргээн АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн юм байна. Түүнийг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатартай хамтран 91 дугаартай, “Ухаа худгаас Гашуун


...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дээрх чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ул шорооны (далангийн) ажил хийлгэхдээ нэр бүхий 13 компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Улмаар МТЗ-д тайлангаа өгөхдөө 107.3 тэрбум гаруй төгрөгийн ажил гүйцэтгэсэн хэмээн баримт бүрдүүлсэн аж. Харин туслан гүйцэтгэгч нарт 89.8 тэрбум төгрөг хуваан олгосон гэнэ...


сухайтын чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгч Эс Си Ти И Си Эм ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Жон Ёлтой “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн хамтарсан тушаал гаргаж, 2013 оны тавдугаар сарын 6-нд “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнээр төмөр зам тавих барилгын ажлын зураг төсөл, худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ байгуулуулан 55.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан.

Ли Жон Ёлыг энэ үйлдэлд болон өөр 2-3 хэрэгт холбогдуулан бас шалгасаар буй юм. Мөн Б.Батзаяа, П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нартай холбоотой өөр хэрэгт шалгаж байгаа ч хоёр гол холбогдогч нь хил даван зугтсан учраас тухайн хэргийг нь түдгэлзүүлчихээд байгаа юм билээ. Прокурорын байгууллагаас авсан мэдээллээр 55.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх өдөр ойртож буй гэх.

Монголчуудын бүтээн байгуулалтдаа зориулсан их хэмжээний мөнгийг завшиж, үрэгдүүлсэн нь нотлогдсоор буй дээрх үйлдлүүдэд нь торгох ял оноосон шиг, бусад хэргийг нь ч ийм байдлаар шийдээд байвал Монголын төр, эдийн засаг хохирсоор үлдэх нь лавтай. Харин шүүхэд итгэх иргэдийн итгэл улам бүр хөсөр хаягдаж болзошгүй.


Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай