ФОТО: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв Улаанбаатарт нээгдлээ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБООУСТ)-ийн нээлт өнөөдөр ГХЯ-нд болов.

Далайд гарцгүй орнуудын хөгжлийн түвшин далайд гарцтай орноос дунджаар 20 хувиар доогуур байна гэсэн судалгааг НҮБ-ын Дээд төлөөлөгчийн газар гаргажээ. Мөн Дэлхийн банкны Бизнес эрхлэлтийн тухай тайлангаас харахад далайд гарцгүй хөгжиж буй орнуудын гадаад худалдааны зардал далайд гарцтай орнуудаас даруй хоёр дахин өндөр байгаа юм. Тиймээс ДГХБООУСТ-ийн үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулахад энэхүү төв нь гол тулгуур болно. Тиймээс Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх, судалгаа, мэдээллийн дижитал номын сан байгуулах, гишүүн орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар ба тээврийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хандивлагч улс, олон улсын байгууллагаас дэмжлэг авах чиглэлд хамтран ажиллахыг санал болгож байна” гэлээ.

Монгол Улс 2006 онд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад зориулсан судалгаа хийх, бодлогын зөвлөмж гаргах зорилго бүхий Засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага бий болгох санал гаргасныг НҮБ дэмжиж, 2009 онд тус төвийг Улаанбаатар хотноо байгуулах тогтоол баталсан юм. Улмаар Монгол Улс тус төвийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрийг 2010 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурлаар батлуулсан байна. Одоогоор уг хэлэлцээрт Монгол, Лаос, Армени, Афганистан, Казахстан болон Парагвай, Киргиз, Тажикистан, Балба зэрэг 12 орон нэгдээд буй юм. Цаашдаа далайд гарцгүй бусад орныг энэхүү хэлэлцээрт нэгдэхийг Шадар сайд уриалсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай