Ёс зүйн эрэлд: Манайхан ба тэднийхэн

 БНСУ-ын нэгэн сургуулийн оюутан охин хамт сурдаг нөгөөгөө хичээлдээ суудаггүй, шалгалтандаа ордоггүй байж хамгийн сайн дүн авдгийг шударга бус хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлэн гудамжинд ганцаараа суусан нь сургуулийнхныхаа, цаашлаад ард түмний дэмжлэгийг авч, Ерөнхийлөгчөө гучин жил шоронд суулгалаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найзынх нь найз тус сургуулийн захирал байсан нь түүнийг буруутан болгосон.

Ерөнхийлөгчийн найз Цой Сун Силийн охин хичээлдээ суухгүй, шалгалтаа өгөхгүй явж байгаад А дүн авдгийг хамт суралцдаг оюутнууд тэвчиж чадаагүйгээс эхэлсэн тэмцэл яван явсаар Ерөнхийлөгчөө албан тушаалаас нь буулгаад зогсохгүй торны цаана суулгасан билээ.

Өөр нэг орны Засгийн газрын гишүүн хүлээн авалтад очоод үнэтэй дарс худалдан авсныхаа төлөө, бас нэг нь АНУ руу айлчлалаар явахдаа тэнд сурдаг хүүгээ айлчлалын багийнхны онгоцонд “туулайчлуулсан” учир хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон тухай сонсож байв. Гадаадын орнуудын улстөрчдийн ёс зүй, тэдэнтэй хариуцлага тооцдог механизмын тухай энэ мэтийн жишээг сонсоод монголчууд эвэртэй туулай үзсэн мэт гайхан шагшдаг.

Авлига авсан Ерөнхийлөгчийг “Аав нь энэ улсын төлөө насаараа зүтгэсэн, өөрөө БНСУ-ын анхны эмэгтэй Төрийн тэргүүн” гэж, айлчлалын багийн тусгай онгоцонд “дайгдаж” сургууль руугаа явсан хүүг “замын зардалгүйгээсээ, аавынхаа мөнгийг хэмнэсэн” гээд өмөөрч, зөвтгөөд өнгөрөх байх, манайхан тэгдэг юм чинь хэмээн таамаглаж байтал тэд огцорч, шоронд суучихдаг учраас бид тэгтлээ гайхаж, сониучирхан хүлээж авдаг болов уу.

Үнэнийг хэлэхэд манай улстөрчид биднийг ийм болгож “хүмүүжүүлжээ”. Хууль зөрчсөн, шударга бус зүйл хийсэн гэдгийг нь олон нийт харсаар, ярьсаар байхад л яаж ийж байгаад эрх мэдэлтнүүд буруугүй болж дуусах явдал манайд энгийн үзэгдэл. Тийм учраас иргэд ингэж л байх ёстой мэт хүлээж авдаг, үүнд нь сэтгэл зүйгээ бэлтгэн хүлээдэг болоод уджээ.

МАНАЙХАН: ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ХИЙСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ НЭГНЭЭ ХАМГААЛААД ҮЛДЭЭВ

Болдоггүй эрхтнээрээ “тоглосон” УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн шийдвэр УИХ-аас гарлаа. Уг шийдвэр иргэдийг хоёр хоног бухимдуулав. Гэвч энэ бухимдал бямба, ням гаригийн амралтад замхарна, их л удлаа гэхэд наадам гэхэд ор тас мартагдана. Үүнийг бид ч, улстөрчид ч мэдэж байгаа.

МАН-ын шинэ үеийнхний төлөөлөл, УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод жил гаруйн хугацаа өнгөрч буй. Тэрбээр “зэрлэг цэнгэл”-ийнхээ төлөөсөнд өөрийнхөөсөө гадна намын, УИХ-ын, Монгол төрийн нэр хүнд, үнэлэмжийг унагав. Залуу гишүүн өнгөрсөн хугацаанд энэ хэргээс бултаж, нуугдах, өөрөөсөө зайлуулж, холдуулах гэж янз бүрээр оролдож, Төрийн ордны индрээс “Тэднийд хоносон.

Бандаашаа өмсөөд гарсан” хэмээн ам алдаж, хууль хяналтын байгууллагаар хэргээ хэрэгсэхгүй болгуулж, эцэст нь дахин эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, “тохиролцоод унтсан” гэж мэдүүлж, яллагдагчаар татагдах гээд урт замыг туулсан. Өдгөө түүнийг АТГ-т шалгаж буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаж, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат эмэгтэй хүнийг цохиж, зодсон, биеийнхээ нууц, далд байх ёстой хэсгүүдийн зургийг дахин дахин илгээж, дарамтанд оруулсан хэрэгт буруутгагдаад буй.

УИХ-ын гишүүдэд эмэгтэй хүнийхээ хувьд дээрэлхүүлж, доромжлуулсан хохирогч гэж өөрсдийгөө танилцуулсан эмэгтэйчүүд ээлж дараалан мэдээлэл хийсээр энэ хоёр хүний өдөөсөн хэргийн талаар монголчууд бүгд мэддэг болоод зогсохгүй аль ч талаас нь харсан ёс зүйн алдаа гэдгийг дээр дооргүй хэлсээр байгаа. Дээр дурдсан хэргийг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол ёс зүйн алдаагаар тогтохгүй эрүүгийн гэмт хэрэгтэн болох юм. Түүнийг шалгаж, тогтоох шаардлага байгаа тул хуулийн байгууллага гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгаж, гэм буруутай, эсэхийг нь тогтоох саналаа УИХ-д хүргүүлснийг нь хууль тогтоох байгууллага “нулимж” орхив.

Ерөнхий прокурор УИХ-ын даргад хүргүүлсэн саналдаа Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.

Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино, Эрүүгийн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1-д “Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” хэмээн заасныг үндэслэл болгосон.

Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн үндэслэл хангалттай байсан, тийм ч учраас Улсын ерөнхий прокурор ийм санал гаргасан гэсэн үг. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор уг асуудлыг хэлэлцэхдээ ч “Нийгмийн анхаарлыг ингэтэл татсан, УИХ-ын гишүүд ёс зүйн ноцтой алдаа гаргасан байж болзошгүй асуудлыг бүрэн эрхээр хааж, хаацайлаад өнгөрөөж болохгүй. Хуулийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгуулах нь зөв” гэсэн байдлаар асуудалд хандаж, УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ч “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлье. Цаашид ч ёс зүйн алдаа гаргавал ингэдэг жишиг тогтог” гэсэн байр суурь илэрхийлэх гишүүн нэг бус байж. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Залуу хүнийг хазайсан дээр нь түлхмээргүй байна” гэсэн утгатай үг хэлсэн нь гишүүдэд нөлөөлсөн гэх. Намын даргын энэ үг нутгийн дүүгээ өмгөөлөхөөс гадна Засгийн газрын тулах цэг, тогтох хүч болсон 33-ын бүлгийнхээ нэг гишүүнийг алдах айдсаас үүдэлтэй гэх хардлага ч байгаа. Намын даргын үг гишүүдийн саналд нөлөөлсөн, эсэхийг яг таг хэлэхэд хэцүү ч МАН-ынхан Д.Гантулгаа авч үлдэхээр болж, түүнийг дагаад Д.Мурат өршөөгдөв.

Ингээд “УИХ хүчирхийллийг, ёс зүйгүй байдлыг дэмждэг гэдгээ албан ёсоор нотоллоо. Иргэдээ, Монгол төрийг доромжилоо” гэх мэт үгийн суманд парламент шүүрэн шанага болтлоо шүршүүлсэн хоёр хоног өнгөрч байна. Гол мөрөн хүртэл өөрийгөө цэвэрлэж, усанд нь хөвсөн хог новшийг эрэг рүүгээ гаргаж хаядаг байхад манай хууль тогтоогчид ёс зүйгүй, эрүүгийн хэрэгтэн ч байж мэдэх хүмүүсээ хамгаалж, тэдэнтэйгээ хамт цааш явахаар боллоо.

Гэхдээ сонгогчдыг, Монголын төрийг доромжилсон УИХ-ын шийдвэрт хориг тавих боломж Ерөнхийлөгчид бий. Хуулиар олгосон онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж, хууль тогтоох байгууллагын увайгүй шийдвэрт хориг тавибал ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй байгаагийн хэрэг гарах билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай