“Манай улс Зүүн хойд Азид идэвхтэй, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээж байна”

“Зүүн хойд Азийн асуудал, ялангуяа БНАСАУ-тай хийх АНУ, БНСУ-ын харилцаа дэлхий нийтийн анхаарлын төвд буй. Монгол Улс БНАСАУ, БНСУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай бөгөөд Зүүн хойд Азийн асуудалд идэвхтэй, зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээн ажиллаж байна” хэмээн “Солонгосын нэгдлийг дэмжих форум”-ыг үүсгэн байгуулагч хийгээд ерөнхий зохицуулагч, судлаач, доктор Б.Лхагваа “Хурцадмал байдлыг намжаан, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурлын үеэр хэллээ.

Тус бага хурлыг АНУ-ын “Дэлхийн энх тайвны сан”, “Дорно, өрнө хүрээлэн”, БНСУ-ын “Нэг Солонгос сан”, “Солонгосын нэгдлийг дэмжих хөдөлгөөн” болон Монголын “Солонгосын нэгдлийг дэмжих форум”, “Цэнхэр сүлд” зэрэг төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй. Ирэх жилийн гуравдугаар сарын 1-нд болох Солонгосын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн ач холбогдлыг Солонгосын нэгдмэл үнэт зүйлийн хэмжээнд гарган ирж, түүхэн сургамж, ач холбогдлыг нь Солонгосын хойгийн хөгжил дэвшлийн шинэ эрин үетэй холбохыг тус хурал зорилгоо болгожээ.

Олон улсын ийм цуврал арга хэмжээ тус хөдөлгөөнтэй холбогдсон Монгол, Энэтхэг, Японд үргэлжилж, ирэх жилийн гуравдугаар сарын 1-нд БНСУ-д өндөрлөх аж. Энэ хурлыг манай улсаас эхлүүлсэн нь газар зүйн байршил нь геополитикийн хувьд ач холбогдолтой, хоёр Солонгостой адил тэгш, найрамдалт харилцаатай, Зүүн хойд Азид энх тайван, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтой холбоотой. Дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид тус бүс нутгийн асуудалд Монгол Улс ямар оролцоотой байх талаар санал бодлоо хуваалцаж байна.


Тус хуралд оролцогч Элчин сайд, Нийгэм, улс төрийн ухааны доктор, БНАСАУ-ын Пэктусаны нийгэмлэгийн тэргүүн Ж.Ломбо болон зохион байгуулагч, “Солонгосын нэгдлийг дэмжих форум”-ын ерөнхий зохицуулагч Б.Лхагваа нараас дараах тодруулгыг авлаа.

-Уулзалтыг зохион байгуулах болсон зорилго, үр дүнг Та хэрхэн үнэлж байна вэ?

Ж.Л: -Сүүлийн үед, ялангуяа энэ он гарсаар Солонгосын хойгийн асуудал бүс нутгийн төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байна. Шинэ жилээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёнчаны олимпод төлөөлөгчид, тамирчдаа илгээх санал тавьж, түүнд оролцсон. Дараа нь БНСУ-тай дээд хэмжээний уулзалтыг хоёр ч удаа зохион байгуулж, Панмунжомын тунхаглал гаргалаа. Улмаар АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийх санал тавьж, хоёр тал ирэх долоо хоногт уулзахаар товлоод байна.

Энэ хооронд уг дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад хийх яриа хэлэлцээ хүртэл өрнөлөө. Ийм үед олон улсын бага хурал Улаанбаатар хотод болсон нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Энд БНСУ, АНУ, ОХУ гээд олон орноос эрдэмтэн, судлаачид оролцож байна. Харин БНАСАУ-ын төлөөлөгчид оролцсонгүй. Тэд дараагийн долоо хоногт болон Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцоно.

Цаашдаа Солонгосын хойгийн асуудлаар Умард, Өмнөд Солонгосын аль алинтай нь сайн харилцаатай байхын тулд хоёр Солонгос нэгдэх асуудал, тус хойгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах боломж манай улсад бий. Дараагийн удаа олон улсын ийм арга хэмжээ зохион байгуулахдаа Монголд байгаа олон нийтийн байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулбал илүү үр дүнтэй байх болов уу.

-Энэ жилийн Улаанбаатарын уулзалтын онцлог юу вэ?

-Манай улсаас санаачилсан, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талт харилцааны асуудлыг хэлэлцдэг Улаанбаатарын уулзалт ирэх долоо хоногийн эцсээр болох юм. Үүнд БНАСАУ, БНСУ зэрэг бүс нутгийн 20 орны төлөөлөгч оролцоно. Энэ жилийн онцлог гэвэл манай улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх аравдугаар сарын 15-нд болно.

Мөн БНАСАУ байгуулагдсаны 70, тус улсын удирдагч Ким Ир Сен Монголд хоёр дахь удаагаа айлчилсны 30 жилийн ой зэрэг чухал тэмдэглэлт үйл явдлыг манай хоёр орон бүтэн жилийн турш тэмдэглэж байгаа. Энэ үеэр бүс нутгийн хамтын ажиллагаатай холбогдсон асуудалд бүс нутгийнхаа орнуудыг оролцуулсан олон улсын арга хэмжээ зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой юм.

-АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын талаар Таны бодлыг сонирхож болох уу?

-Яриа хэлэлцээ болно, болохгүй гэж эргэж буцсан хэдий ч уулзах нь тодорхой болж байна. БНАСАУ дээд хэмжээний уулзалт хийх санал тавилаа. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаа мэдэгдэж, зарим тоног төхөөрөмж, байгууламжаа буулгасан зэрэг бодитой алхам хийж байна. Солонгосчуудын ярьдгаар бөмбөг (хөлбөмбөгөөр зүйрлэхэд) Америкийн талд очсон. Тиймээс Сингапурын уулзалт нь БНАСАУ-ын талаарх Америкийн байр суурийг илтгэх байх.

Дайн зогсоосон хэлэлцээрийг найрамдлынх болгох, хоёр талын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоох, хамтын ажиллагааны явц, БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг цуцлах зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Эдгээр асуудал шийдэгдвэл хоёр талын харилцаа аяндаа өргөжөөд явах магадлал өндөр.

-Таны тэргүүлдэг Пэктуссан нийгэмлэгээс ямар ажил төлөвлөн явуулж байна вэ?

-Пэктуссан нийгэмлэг хоёр орны түүхэн үйл явдлуудад ач холбогдол өгч, арга хэмжээнүүд төлөвлөснийг ГХЯ-д хоорондоо харилцан зөвшилцсөн. Энэ онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д айлчилсан. ГХЯ-д хооронд хамтран ажиллах олон арга хэмжээ зохион байгуулж байна.

-Хуралд оролцогчдын байр суурь ямар байна вэ. Монгол, Солонгос хоёрыг анх юу холбосон бэ?

Б.Л: -Хуралд ирсэн гаднын зочид нээлтийн үеэр хэлсэн үгэндээ зөв цагт, зөв газраа, зөв байр суурин дээр зогсож буйгаа онцоллоо. Эдгээрээс хурлын ач холбогдол мэдэгдэх байх. Юуны өмнө ХХ зууны эхэнд дэлхийн I дайн дууссаны дараа 1919 онд Парист болсон Энх тайвны бага хурал болон тус хурлаас батлан гаргасан Версалийн гэрээгээр олон улсын харилцааны дэг журмыг тодорхойлсон. Ингэснээр Европ дахь эзэнт гүрнүүд мөхөж, үндэстнүүд тусгаар тогтнолоо сэргээж, олон улсын харилцаанд Европ давамгайлсан эрин дууссан.

Тухайлбал, 1911 онд Монгол Улс Манжийн төрөөс тусгаар тогтнолоо зарласан. 1919 оны гуравдугаар сарын 1-ний Солонгосын тусгаар тогтнох хөдөлгөөн тайван нөхцөлд өрнөсөн. Энэ үйл явдлын 100 жилийн ой ирэх жил болно. Хятадад 1919 оны тавдугаар сард оюутны хөдөлгөөн өрнөсөн. Европоос эхтэй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний давлагаа Азид өрнөж, үндэснийхээ тусгаар тогтнолыг сэргээн мандуулах гэсэн улс төрийн зорилго, харилцааны түүхэн үнэт зүйлс нь ХХ зууны эхэнд Монгол, Солонгос хоёрыг холбожээ. Уг холбоог Солонгосын эх орончид Монголд үйл ажиллагаа явуулсан, тэр үеийн манай Засгийн газраас хилийн чанад дахь солонгос иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэсэн хоёр чиглэлээр авч үздэг.

-Хоёр Солонгосыг нэгтгэхэд Монгол Улс ямар үүрэг, оролцоотой байна вэ?

-Тус хоёр улсын асуудалд холбогдогч буюу анх хуваасан АНУ, ОХУ, цаашлаад Хятад, Япон оролцох ёстой ч олон улсын оролцоог, тухайлбал, төвийг сахисан, Зүүн хойд Азидаа бусад улстай маргаангүй цорын ганц орон болох манай дэмжлэгийг их хүсдэг. Засгийн газар, иргэний нийгмийн шугамаар тус хойгийн асуудлыг олонтаа хэлэлцэж байна. Энэ удаагийн хуралд оролцогчдын хэлсэнчлэн Улаанбаатар хот эхлэл нь болж, зөв газраа хэмээн тодотгож байгаа нь нэгт, аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилгоор нутаг дэвсгэрээ 1990 онд цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Францын дэмжлэгийг авсан Монголын Засгийн газрын дипломат үйл ажиллагааны туршлага, хоёрт, ардчилсан нээлттэй нийгэмд тайван замаар шилжсэн туршлага, гуравт, үндэсний хуваагдмал байдал удаашрах тусам газар нутаг, улс үндэстнийхээ хэсгийг бусдад алдаж, эргэж нэгдэх боломжгүй болсон түүхэн гашуун сургамж (Өвөрмонголыг Хятадад, Буриадыг Орост)-тай холбоотой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай