Вашингтон хот буцалж байна

 

Америкийн нийслэл Вашингтон хотын иргэд өнөөдөр баяртаа бялхаж, цэнгэлдээ умбаж байна. Олон жилийн хүлээлт, олон улирлын мөрөөдөл нь бүрэн утгаараа биеллээ. Учир нь Стэнлийн цомын эздээр түүхэндээ анх удаагаа шалгарав. Хоккейг бишрэн сонирхож,  шимтдэн үздэг хамгийн тэргүүний хотуудын нэг Вашингтон өөрийн баг “Кэпиталс”-аа аварга болгуулах гэж сүүлийн 20 гаруй жил байдаг чадлаараа дэмжсэн. Ялангуяа хоккейн жинхэнэ фанат Тео Леонсис хэмээх эрхэм багийн нь эзэн болсон 1999 оноос хойш энэ спортыг сонирхогч вашингтончуудын тоо хэдэн  мянгаараа нэмэгдсэн. Хүрэх нөлөө, хамрах далайцаараа зарим тохиодолд хотынхоо бейсбол, америк хөлбөмбөг, сагсан бөмбөгийн багуудыг давж байдгийг Дэлхийн спортын толгой сэтгүүл Спортс Иллюстрэйтред нэг бус удаа онцолж байв.

Тэрбумтан Леонсис “Вашингтон”-д эзэн суусан даруйдаа багийнхаа бүрэлдэхүүнийг эрс сайжруулах бодлого барьж, тухайн үеийн супер одод Яромир Ягр, Роберт Ланг тэргүүтнийг элсүүлсэн. Гэвч дөрвөн жилийг ямар ч үр дүнгүй өнгөрөөсөн тул тэрбээр дараа жилийн драфтаас Александр Овечкиныг багтаа авахад бүх анхаарлаа чиглүүлэв. Үүний дүнд Үндэсний хоккейн лигийн бүх үеийн шилдгүүдэд өнөөдөр зүй ёсоор багтах болсон орос хоккейчныг 2004 оны драфтын №1-ээр элсүүлсэнээр “Кэпиталс”-ийн мандан бадрал эхэлсэн түүхтэй. Гэхдээ бадарч бүрэн чадаагүй. Тэдний бадардаг талбар нь улирлын тоглолт л байлаа. Улирлынхаа аваргаар хэд бол хэдэн удаа шалгарсан авч Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөнд эртээ шатанд бүдэрнэ. Тэр дундаа сүүлийн жилүүдийн босоо баг “Питтсбург” нэжгээд удаа нухуулсан. Энэ бүх төрх байдал нь эзэн Леонсисийн барьж ирсэн бодлогод нөлөөлсөнөөр “Вашингтон” 2017 онд од статустай, өндөр цалинтай цөөнгүй тоглогчоо өөр баг өөд үдэж мордуулсан юм. Үүний дүнд, сүүлийн таван жилийн хамгийн сул бүрэлдэхүүнтэй болж хувирав.

Үүнээсээ болж олон доромжлолыг амссан. Плей-оффын хоёрдугаар шатанд гурван жил дараалан ялагдсан гэдгээр дасгалжуулагч Бэрри Тротц баахан шүүмжлэлд өртсөн, багийн бус хувийн үзүүлэлтдээ анхаардаг гэгдэж ахлагч Овечкин хавтгай дайруулсан, хэрэгтэй үед чухал гоолыг алддаг хэмээн хаалгач Брэден Холтби битүү бөмбөгдүүлсэн. Улмаар, азгүй удирдагч азгүй багаасаа яв хэмээгдэж эзэн Леонсис нь ч ад үзэгдсэн. Харин Вашинтон хотынхон л тэдэндээ үнэнч байлаа. Дээрх бүх шалтгааны улмаас тус баг сэтгэл зүйн асар их дарамттайгаар шинэ улирлыг эхлүүлсэн. Сэтгүүлч, мэргэжилтнүүдийн үнэлэх багийнх нь чанар чансаа өмнөхөөсөө хоёр дахин уруудсан нь багийн тоглолтод сөргөөр нөлөөлж байв.

Тиймээс 2017-2018 оны улирал “Вашингтоны Кэпиталс”-ын хувьд сорилтын жил байлаа. Хүчээр суларсан ч гэлээ гаднаас шидлэх дарамтад нугачин даруулах уу, эсвэл давж гарах уу? Даруулахад плей-оффын ялагдал хэрэгтэй бол давахад Стэнлийн цомын түрүү шаардалгатай. Гэтэл тэд даван гарч чадлаа. Тиймдээ ч Вашингтон хотын иргэд магнай хагартал баярлаж байна. Оргил жилүүддээ чадаагүй мөрөөдлөө суларсан үедээ бодит болгоно гэдэг баг хамт олны хүрч болох дээд үзүүлэлт, хөгжөөн дэмжигчдийн хүртэж болох оргил кайф юм. Португалийн хөлбөмбөгийн шигшээ 2016 оны Европын аваргад хэрхэн түрүүллээ ээ? Яг түүн шиг л тохиол “Кэпиталс”-т тохиов.

Тэдний байгуулсан эхний гавьяа нь плей-оффын эхний шатанд “Коламбус Блю Жакэтс”-ийг хожсон явдал. 0:0-оор хожигдож байсан цувралыг 4:2 болтол нь өөрчилнө гэдэг... Тэгвэл үүнээс том алдрыг дараагийн шатанд хүртсэн. Сүүлийн хоёр жилийн турш плей-оффт авралгүй ялагдсан “Питтсбург Пингвинз”-ийгээ 4:2-оор ялахад Хойд Америкийн хоккейн толгой мэргэжилтнүүд, олгой сэтгүүлчид нүдэндээ ч итгээгүй. “Пингвинз” чинь Стэнлийн цомын 2016, 2017 оны эзэд, өнөө цагийн трэнд шүү дээ. Тиймээс, чухамхүү энэ ялалт хэнд ч дийлдэхгүй байх эрч хүчийг “Кэпиталс”-д өгчээ. Тийм ээ, конференцийн аваргын төлөө өрсөлдөөнд “Тампа Бэй Лайтнинг”-т хуниулангаа алдсан нь үнэн.

Гэхдээ “Питтсбург”-тэй хийсэн цувралаас авсан итгэл Овечкины багийн моторыг тултал нь нэгэнт цэнэглэчихсэн байлаа. Тиймдээ ч “Вегас Голден Найтс”-ыг шувтаргын цувралд зомгол мэт бут ниргэсээн. NHL-д элссэн эхний улиралдаа дуулиан дэгдээсэн, бүрэлдэхүүн нь хүчирхэг, сайн менежер, шилдэг дасгалжуулагч гээд “Вегас”-ын олон давуу тал, бахарлыг нь “Вашингтоны Кэпиталс” үл тоон, эс анзаарч 4:1-ээр ялан Стэнлийн цомын эздээр шалгарлаа, түүхэндээ анх удаа. Харин Вашингтон хот 26 жилийн дараа хагартлаа баярлаж байна. Америкийн дөрвөн том лигт (NHL, NBA, NFL, MLB) баг нь тоглодог хэдий ч тэд 1992 оноос хойш аваргын цомоор иргэддээ баярлуулаагүй юм. Тэгвэл бартаа олонтой он жилүүдийн эцэст баяр дүүрэн ялалтыг ийнхүү хоккейчид нь бэлэглэлээ.  

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай