Төсвийн хөрөнгийн хууль бус, хяналтгүй зарцуулалтыг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар энэ оны нэгдүгээр сарын 26-нд гишүүн Н.Учралын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл болон Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Дээрх хоёр төсөл нь Монгол Улсад тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдгийг хууль санаачлагч Н.Учрал тэмдэглэн хэлсэн.

Тэрбээр “Энэ хууль бүх шатанд, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын түвшинд ч хэрэгжих ёстой. Засгийн газар болон шат шатны байгууллагууд төсвийг боловсруулахдаа төрийн санхүү, эдийн засгийн чадавхыг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр ашгаа дээшлүүлэхдээ төсвийн эрх захирагчдын зарцуулалтын хяналтыг сайжруулахад, мөн татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг хууль бусаар, хяналтгүй, дураараа зарцуулж байгааг таслан зогсоох эрх зүйн орчныг УИХ өнөөдөр бүрдүүллээ. Одоо хуулийг хэрэгжүүлэх ажил үлдэж байна.

Ирэх оны төсвийг боловсруулж, батлахад норм, нормативтай, зураг төсөлтэй, хөрөнгө оруулалтууд нь бүгд стандарттай, орон тоог хүртэл тодорхой хэм хэмжээнд нийцүүлдэг байдал руу шилжих нь зүйтэй. Энэ төрлийн баримт бичгүүдээ дагаж, мөрдөж ажиллавал өнөөдөр хүлээгдээд байгаа хөрөнгө оруулалтын олон ажил урагшлах бололцоо бүрдэж байна” хэмээсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцэж буй төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжид олон нийт сэтгэл ханамжгүй байдаг. Монгол Улс 330 сумтай. 1000 хүрэхгүй иргэнтэй, сумын эмнэлэг, сургууль, дотуур байр нь 6000 хүн амтай сумынхаас өөр гэдгийг бүх талдаа тооцдог байх нь зөв.

Цаашдаа төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутгийн хүн амын тоо, нийслэлээс алслагдсан зай гэх зэргийг харгалзсан норм, нормативыг мөрддөг байх шаардлага бий” гэлээ. Мөн тэрбээр шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн урсгал зардлын асуудал 2022 оноос хойших улсын төсөвт нэлээд ачаалал үүсгэх магадлалтайг тэмдэглээд, 2019, 2020 оноос үүнийг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх шаардлагатайг сануулав. Энэ нөхцөл байдал, хойшдын үр дагаврыг цогцоор нь тооцсон төсвийн зарлагын бодлого, төсвийн урсгал зарлагын реформыг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлага бий гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай