Х.БАТТУЛГА: Бид ОХУ-тай идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна

 “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Эдийн засгийн чуулга уулзалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэлэв. Тэрбээр “ОХУ-тай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатанд гол зорилт болон дэвшиж байгаа юм.

Монгол Улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдлыг хадгалж, хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Юуны өмнө манай хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нь чухал байна. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа товчхон хэлэхэд нэн чамлалттай байгаа. Үүнд хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй даруй засаж залруулах, сайжруулах хэрэгтэй гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу.

Бид ОХУ-тай хоёр болон гурван талт идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам”-тай дүйцэхүйц томоохон 1-2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм. Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах, арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос, Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортолж гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ зорилгод Алтанбулагийн чөлөөт бүсийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бид дүүрэн ашиглах нь зүйтэй.

“Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг бодитойгоор урагшлуулахын тулд хамтын ажиллагааны холбогдох механизмыг боловсронгуй болгох, удирдан чиглүүлэх үүрэг бүхий Төрийн тэргүүн нарын уулзалтыг үргэлжлүүлэх нь чухал юм. Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалт болно.

Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг маань ОХУ дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч, хэлэлцээ эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нээлтэд УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцсон юм.

В.ПУТИН: МОНГОЛ УЛСТАЙ ТОГТООСОН НАЙРСАГ ХАРИЛЦААГАА ӨНДРӨӨР ҮНЭЛДЭГ

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулж буй “Монгол-Оросын санаачилга-2018” хамтын ажиллагааны цуврал арга хэмжээний нээлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлт явууллаа.

Илгээлтэд “Орос-Монголын санаачилга-2018” цуврал арга хэмжээ эхэлж байгааг тохиолдуулан та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Манай улс Монгол Улстай тогтоосон эртний уламжлалт сайн хөршийн, харилцан хүндэтгэлтэй, найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг. Хоёр талын иж бүрэн цогц харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хөгжүүлэх нь Евразийн чиглэлд баримталж буй манай улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтуудын нэг юм.

Энэ утгаараа улс төрийн ажил хэрэгч яриа хэлэлцээг бүхий л түвшинд өргөжүүлэх, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бид онцгой ач холбогдол өгдөг. “Орос-Монголын санаачилга-2018”-ын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүд нь харилцан ярилцах сайхан боломжийг манай хоёр улсын төв, орон нутгийн эрх баригчид, бизнесийн хүрээнийхэн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдөд олгох юм.

Та бүхний уулзалт Орос-Монголын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны олон асуудлыг нухацтай хэлэлцэх боломж олгож, харилцан ашигтай шинэ гэрээ хэлцлүүд байгуулах, шинжлэх ухаан, техникийн дэвшилт ололт болон мэргэжлийн туршлага солилцоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

ОХУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинээр бүрдсэн Засгийн газарт Аж үйлдвэр, худалдааны сайдаар дахин томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргээд, хоёр орны харилцаа, улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрбээр өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээ тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, бизнес эрхлэгчдийн харилцаа улам нэмэгдэж байгааг тэмдэглэж, хоёр орны худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад өнгөрсөн жил 37 хувиар нэмэгдсэн нь үүний тод илрэл гэлээ. Улаанбаатар хотод болж буй “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ нь харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Энэ арга хэмжээний үеэр Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах болсон нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэв.

Монгол Улс ОХУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх сонирхолтой. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ОХУ-ын стандарт, шаардлага хангасан махны хамтарсан үйлдвэр байгуулах, “Ноолуур” төсөлд Оросын талтай хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

ОХУ Монгол Улстай харилцах харилцаа, тэр дундаа соёл, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдгийг Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэмдэглээд, Монголын зах зээлд эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох, нисэх онгоц угсрах, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, нисдэг тэрэг нийлүүлэх сонирхолтой байна гэлээ. Мөн “ДЦС-3”, УБТЗ-ын өргөтгөл, шинэчлэл, хурдны зам тавих зэрэгт оролцох сонирхлоо илэрхийлэв.


Бэлтгэсэн: А.Амина

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай