Дуунд мөнхөрсөн хайр буюу дурлалын гурвалжин

Түүний хөдөлөөгөөн  бүрт нь намайг   татах нэгэн зүйл байна

Ярих болгонд  нь хэзээ ч салмааргүй санагдах  нэгэн зүйл түүнд байна

Хэр их түүнд итгэж байгааг минь харин чи мэднэ

Түүний хэв маягт намайг онцгой татах нэгэн зүйл байна

Түүнээс өөр амраг надад хэрэггүй гэдгийг

Тэр мэдэж байгаагаа инээмсгэлэлээрээ хэлдэг

Чи надаас дурлал чинь улам хүчтэй болох уу гэж асуух юм

Би хэлж мэдэхгүй нь   би хэлж  мэдэхгүй нь

гэж  Ливерпулийн алдарт дөрвөл “The Beatles” хамтлагийн  “Something” дууны мөр. Эл дууг тус хамтлагийн гитарчин Жорж Харррисон өөрийн эхнэр Патрисия Бойд зориулжээ. Харин дууны соль гитарын гоцлолыг Жорж Харрисоны дотны анд Эрик Клэптон тоглосон байдаг. Тэр үед ердөө дөрвөн жилийн дараа Эрик Клептон мөн л Патрисия Бойд буюу Жорж Харрисоны эхнэрт  өөрийн дуугаа зориулна гэдгийг хоёр найзын хэн ч гадарлаагүй биз ээ. Гэвч энэ тухай дараа харин одоо . . .

Эрик  Патрик Клэптон  1945 оны 3 дугаар сарын  30-нд Лондонгоос 50км зайтай орших Рипли хэмээх жижигхэн хотод төржээ. Хэдий эцэг эхийнхээ хайр энхрийлэлийг татахын тулд тэрбээр байдгаараа хичээдэг байсан ч  ээж аав нь хүүдээ их л хөндий ханддаг байсан гэдэг. Энэ хайхрамжгүй үл тоосон хандлагыг Эрик том болсон хойноо л ойлгосон юм. Учир нь Эрикийн эгч 16 настайдаа тэдний амьдардаг хотоос холгүй орших цэргийн баазын нэгэн канад цэргээс хүүхэдтэй болсон ажээ. Дайн дуусаж гэр бүлтэй байсан канад цэрэг эр эх  орон руугаа буцсан нь мэдээж. Хүсээгүй хүүхэд төрүүлсэндээ Эрикийн эгч их л гутран хүүдэддээ эхийн хайрыг өгч чадалгүй Герман руу яваад өгчээ. Хамгийн инээдтэй нь тэрбээр Германд очоод өөр нэгэн канад цэрэгтэй гэрлэн хүүтэй болсон гэдэг. Тэр хүүдээ бүсгүй  эхийн бүхий л хайр сэтгэлээ зориулжээ. Харин түүний хүсээгүй хүүхэд буюу том хүү нь Эрик ажээ. Хотын оршин суугчидаас охиныхоо энэ шившигийг нуухын тулд эцэг эх нь Эрикийг өөрийн хүүхдээ гэж хавь ойрныхондоо ойлгуулсан юм санж. Ингээд Эрик өөрийнхөө эгчийнхээ хүсээгүй  хүү гэдгээ мэджээ.

Эрикийн ээж ааваа гэж бодож байсан эмээ өвөө нь түүний 15 насны төрсөн өдрөөр гитар хөгжим бэлэглэжээ. Энэхүү бэлэг түүний цаашдын амьдарлыг нь шийдэж өгсөн юм. Эрик  өдөржин тухайн үеийн агуу гитар хөгжимчдийн дуу хөгжмийг сонсон тэднийг дууриаж тоглохыг хичээдэг байв. 1961 онд Эрик Кингстоны урлагын  коллежийн дизайны ангид элсэн орсон ч  ердөө нэгхэн жил болоод хасагдсан байна. Учир нь тэрбээр өдөр шөнөгүй гитараа балбасаар хичээлээ хийж амждаггүй байжээ. Гэсэн ч Эрик сэтгэлээр унаагүй байна. Тэрбээр эмээ өвөөгөөсөө цахилгаан гитар авч өгөхийг гуйн харин өөрөө ажилд орно гэж амалжээ. Шилний үйлдвэрт хар ажил хийхийнхээ хажуугаар Эрик  чөлөөт цаг л  гарвал гитаараа тоголсоор  байжээ. Энэ хугацаан түүний уран чадвар үнэхээр гайхалтай болсон юм. Энэ ур чадвараа залуу зөвхөн өөртөө биш бас  хүмүүст үзүүлэхийг хүснэ. Тэгээд тэрбээр гудамжинд тоголдог болсон байна.

Ингээд 1962 он гэхэд Лондон хотын Кингстон, Ричмонд, Вест-Энд дүүргүүдийн гудамжинд гитар хөгжим дээр тоглох нэгэн авьяаслаг  хүүгийн тухай яриа газар авч эхэлжээ. Тэгэхэд Эрик анх гитар хөгжмийн утсанд хүрээд ёрдөө  дөрөвхөн жил болж байлаа. Алдарт “Cream” хамтлагийг байгуулцах хүртлээ Клэптон хоёр гурван хамтлагт тоглоод амжжээ. “The Rooster” хамтлаг бол Эрикийн хувьд тайзан дээр гарсан анхны хамтлаг байв. Энэ хамтлагт тоголж байхад нь Casey Jones & The Engineers Эрикийг  аялан тоглолтын гэрээт  хөгжчимнөөр ажиллахыг  санал болгосон ажээ. Үүнээс хойш Клэптоныг Британи даяраа мэдэх болжээ. Харин “The Yardbirds” хамтлагын тухайд гэвэл  хэдий рок хөгжмийн чиглэлтэй ч Эрик Клэптон тус хамтлагт ирснээрээ блюзын нөлөө нэмэгдэн орж иржээ. Үүний нэг жишээ бол тус хамтлаг  Америкийн блюз хөгжимчин \аман хуур дээр\ Сони Бой Уильямсонтой хамтран тоголсон явдал юм.  Энэ тоглолтын үр дүнд 1965 онд хамтарсан альбом хэвлэгдэн гарсан ажээ. “For Your Love”  хэмээх нэртэй тус хамтлагын анхны хит болсон уран бүтээлийн дараа Эрик удалгүй хамтлагаасаа гарсан юм. Учир нь хит болсон энэ уран бүтээл нь поп чиглэлээр  хийгдсэн бөгөөд хамтлаг цаашдаа ч энэ урсгалаар явах болсонтой холбоотой байжээ. Клэптоны зүрх сэтгэл анхнаасаа л блюз хөгжимд  зориулагдсан аж. Дараачийн хамтлаг болох “Bluesbreakers”-т Эрик төдийлөн удаагүй ч энэ хамтлагт тоголсноороо тэрбээр блюз хөгжмийн шилдэг гитарчин хэмээн тооцогдох болсон билээ.

“Би нэг удаа Эрик дээр очоод шинэ хамтлаг байгуулах гэж байгаагаа хэлээд хамтарч ажиллах санал тавьсан юм. Гэтэл Эрик “Хэрэв Жэк Брюс байх юм бол болж байна” гэсэн болзол тавьдаг байгаа. Би урьд нь Жэктэй хамтарч тоголж байсан учраас үгүй гэж хэлэх мянган шалтгаан надад байсан л даа. Гэсэн ч  би Эрикийн болзлыг зөвшөөрсөн юм” гэж  “Cream” хамтлагын бөмбөрчин Жинжер  Бейкер дурссан байх юм. Рок хөгжмийн түүхэнд анхны супер  хамтлаг хэмээн тооцогддог уг хамтлаг соль гитарчин, бас гитарчин бөмбөрчин гээд ердөө гуравхан хөгжимчидтэй мөртөө  өндөр ур чадвар, авьясаараа дэлхий дахинд нэрд гарч чадсан  билээ. Тус хамтлагыг домогт Жими Хендрикстэй зэрэгцүүлэн хард-рок урсгалыг үндэслэгч гэж зүй ёсоор үздэг. Ердөө хоёр жил гаруй хугацаанд оршин тогтносон тус хамтлагын тарж сарнисан шалтгаан нь ёрдөө л хувь хүмүүсийн хоорондын харьцаа байсан гэдэг. Гурван авьяас гурван амбиц. Клэптон Брюстай хэл амаа ололцохоо болин дээрээс нь  хэзээнээс хоорондоо таарамж муутай байсан Брюс Бейкер хоёрын харьцаа улам  шүрүүсжээ. Үргэлж хэрүүл маргааны дунд байсаар залхсан Эрик бие даан уран бүтээлээ хийхээр шийджээ.

Энэ нь түүний хамгийн зөв шийдэл байсан болов уу. Чухамхүү бие даасан уран бүтээлч болсныхоо дараа л тэрбээр дэлхийн рок хөгжмийн урын санд сувд шиг сайхан уран бүтээлүүдээ оруулсан билээ. Тэрхүү гайхамшигт бүтээлүүд нь түүний амьдарлын зовлон жаргалаас төрж гарсан юм. Ингээд эргээд 1968 он руу “The Beatles” хамтлагын “Somethig” дууны бичлэгийн үе рүү очье. Жорж Харрисоны хайрт эхнэртээ зориулсан дуун дээр Эрик хамтарч ажиллажээ. Энэ нь түүний тус хамтлагтай хамтарсан хоёр дахь уран бүтээл байлаа. Эхний удаа Эрик “The Beatles”-ийн алдарт “While My Guitar Gently Weeps” гэдэг дууны соль гитарын хэсгийг мөн тоголсон байв. “Somethig”  дууны танилцуулга Лондон хотын нэгэн алдартай клубд болохоор төлөвлөгджээ. Товолсон өдөр Эрик тус клубын босгыг заншснаараа өөртөө их л итгэл төгстэй алхан орсон аж. Энэ өдөр тэнд цугалсан олноос гурван хүний хувь заяаг өөрчилсөн бидний хэлдгээр час өдөр байсан юм болов уу даа. “Би гэнэт цэв цэнхэр хоёр том нүдийг хараад л ховсдуулсан юм шиг хөшиж орхисон. Миний хувьд цаг хугацааа зогсчих шиг болсон шүү. Тэр өндөр гоолиг биетэй, болж боловсорсон тариа  мэт  намирсан урт үстэй, цагаан торго шиг арьстай бурханлаг сайхан бүсгүйг би харангуутаа л дуралсан” хэмээн Эрикийн хожим дурсан ярьсан бүсгүй бол Харрисоны гэргий Патриция Бойд байжээ. Энэ орой Клэптоны гар нь салганан  олигтой тоголж чадаагүй байна. Иймэрхүү байдал  хожим нь  давтагдах боловч огт өөр шалтгаанаар байх болно.

            “Эрикийн тэр үед зовж байсан сэтгэлийн шаналалыг  хүн болгон давж гарч чадахгүй” гэж Клептоны танил ярьсан байдаг. Эрик сэтгэлээ барих гэж маш их хичээж байлаа. Энэ хэцүү байдлаасаа гарах гарцыг хайж байсныг нэг нь тэрбээр эгчтэйгээ маш төстэй Патрициягийн эмэгтэй дүүтэй үерхсэн явдал байв.  Тус болоогүй аж.  “Би Фрайар- паркад \Харрисоны эзэмшил газар\ байн байн очдог байсан. Жорж Патти хоёртой хөгжилтэй сайхан үдшийг өнгөрөөн буцахдаа дотор минь хов хоосон  болж байгааг мэдэрдэг байлаа. Амьдрал минь Патти шиг бүсгүй хэзээ ч ахиж олдохгүй гэдгийг би мэдэж байсан. Би үнэн сэтгэлэсээ дуралсан байсан юм. Анхны харцаараа шүү. Энэ хайр маань надад өдрөөс өдөрт зовлон болж байсан. Би өөрийгөө ямар ч гарцгүй байдалд оруулснаа ойлгосон юм. Яагад гэвэл “The Beatles”-ынхны нэгний эхнэрийг булааж болохгүй л байхгүй юу. Тиймээс надад ердөө ганцхан л гарц үлдсэн байсан. Бодит байдлаас тасрах” гэж  Эрик энэ үеийнхээ тухай  ВВС-ийн ярилцлагандаа дурьджээ.  Гэвч архи , хар тамхи ч Паттиг мартахад нэмэр болсонгүй. Эрикт ганцхан гарц л үлджээ. Энэ бол түүний гитар байлаа.

Хажууд ч чинь хэн ч байхгүй болж аймшигт ганцаардал          

Чамайг эзэмдэх үед чи яана вэ?

Хэтэрхий удаан чи надаас зугтаж нуугдлаа

Энэ  ердөө л чиний бардам зан гэдгийг

Чи өрөө мэднэ

Лайла минь ингээд би чиний өмнө сөхрөн сууна

Лайла минь хайрт минь залбиран гууяа

Шаналсан сэтгэлийг минь тавшруулаач

гэсэн   алдарт  “Лайла” хэмээх дуугаа зохиосон юм.  Паттигийн хувьд өөрт нь зориулж хэн нэгэн дуу шүлэг зохионо гэдэг төдийлөн   шинэлэг зүйл биш ч гэсэн нөхрөөс нь гадна бас нэг агуу хөгжимчний уран бүтээлийн гол баатар болно гэдэг таатай  байсан нь мэдээж.   

Удалгүй “Лайла” хэмээх нэртэй Эрикийн анхны бие даасан альбом гарч түүний нэр алдар дэлхий даяар цуурайтан мянга мянган эмэгтэй шүтэн бишрэгчидтэй болсон юм. Харин Эрикийн хувьд Патрисия л хэрэгтэй байлаа. Түүний сэтгэлийн хүлээх нэгэнт алдуурчээ. Эрик Патти руу байнга утасдан уулзахыг хүсэх болжээ. Хөгжимчин хагас жил шахуу Патрисияг шалсан гэдэг. Тэвчээр нь барагдсан бүсгүй нэг удаа зөвшөөрчээ. Тэгээд л тэр хоёр гал халуун дурлалын шуурганд автсан юм. Лондон хотын цэцэрлэгт хүрээлэн дэх жижигхэн кофены газрууд, Тэмза мөрний аялалын усан онгоцууд дурлалт хосын нууцхан болзоонуудыг мэддэг байжээ. Клэптоны хүсэн хүлээсэн мөрөөдөл нь биелсэн ч дотнын андынхаа ар хударгааг муухай зүйл хийж байгаадаа   Эрик шаналах болжээ. Ингээд тэрбээр нэгэн үдэшлэгэн дээр Харрисон руу очоод “Би эхнэрт чинь хайртай. Чи энэ талаар яана гэж бодож байна?” гэж шууд хэлсэн гэдэг. Харин үргэлж тайван юмыг ул суурьтай авч үздэг Жорж “Наад асуудал чинь намайг бараг зовоохгүй байна. Хүн бүр хүсэж байгаа зүйлээ л  хийх ёстой” хэмээн хариулжээ. Бүсгүйн хүний бодлоор бол ямар ч эр нөхөр “Яана гэнэ чи” гээд заамдаад авах ёстой байсан байх л даа. Гэтэл эр нөхрийх нь энэ тоомжиргүй гэхэд дэндүү тоомжиргүй  хариултыг сонсоод  Патрисиягийн  уг үдэшлэгээс гараад явчихажээ. Бүсгүй шөнөжин машинаараа хотыг хэрэн ханатлаа уйлсан гэдэг. Гурван долоо хоногийн  Патрисия чемдонтай хувцсаа аваад Лос-Анжелест амьдардаг эгчийнх рүүгээ яваад өгсөн аж. Ингээд 1979 онд Патрисия Жорж Харисоноос салаад Эрик Клептонтой гэрлэсэн юм.

“Хэрэв Эрикаас өөр хүн байсан бол Патти бид хоёр хэрүүл уруул хийх ,аяга тавгаа хагалах, өмчөө хуваах гээд гэр бүл салалтын бүх муу муухайг үзэх байсан. Харин бид тэгээгүй ээ. Патти найдвартай гар дээр очсон гэдэгт би итгэдэг” гэж Жорж салалтынхаа талаар ярьсан байдаг. Тэрбээр  ингэж бодож байсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан Жорж Эрик хоёр насаараа найзууд хэвээрээ үлдсэн гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ.

Хайртай хүн нь үргэлж хажууд нь дээрээс нь нэр алдар, эд хөрөнгө, авьяас билэг гээд  хүн болгоны зүрхлэн мөрөөддөг ч үгүй амьдралтай болсон хүнд өөр юу хэрэгтэй аж гэж бодохоор. Гэтэл Эрикийн хувьд тий биш байж гэдгийг тэрбээр сүүлдэж ойлгожээ. Хэрэв арваад жилийн өмнө Эрик анх удаагаа Паттиг хараад тэр оройныхоо тоглолтон дээр гар нь салганан бараг тоголж чадаагүй бол харин одоо түүний оролцож  буй тоглотон дээр Жорж Харрисон  харагдав уу үгүй  юу Эрикийн тоглолт муудаад ирдэг байжээ. “Жоржийн гунигтай харцыг хараад миний зүрх өмрөх шиг болдог байсан. Сүүлдээ би найзынхаа өмнө буруутай  гэсэн бодол маань намайг Паттиг хүсэж байснаасминв  илүү зовох боллоо” гэж Эрик дотныхоо найзуудад ярьж байжээ. Хамгаас  илүү хүсэмжилж байсан бүсгүйгээсээ Эрик  аажим аажмаар залхаж эхэлсэн аж. “Патрисия  намайг  өөрчлөх гэж үргэлж  оролддог. Түүнд миний амьдарлын хэв маяг таалагддаггүй, хэдэг цагаар гитар тоглоход минь уурлана. Түүнийхаар бол би үргэлж дээдсийн хүрээлэнгийнх шиг байж өөртэй нь хамт  үдэшлэг, хүлээн авалтаар хэсүүчлэн явах ёстой” гэж Эрик хэн нэгэнд ч биш харин Жоржид гомдоллон ярьдаг байжээ. Патрисиятай  гэрлээд Эрик хар тамхинаасаа гарч чадсан ч архийг хаяж чадаагүй юм. Магадгүй  энэ сэтгэлийн шаналалаа мартахын тулд  бор дарсыг хэтрүүлж хүртдэг байсан биз. Тэрбээр ганцхан архиар ч хязгаарлагддаггүй байжээ.Клэптоны өөр бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь ихэссэр сүүлдээ хууль бусны хоёр хүүхдийн эцэг болжээ. Есөн жил хамт амьдрахдаа хүүхэдтэй болж чадаагүй Патрисияд  энэ явдал  хүндээр туссан билээ. Ингээд 1988 онд Клэптон Бойд хоёр гэрлэтээ цуцлуулжээ.

Цаг хугацаа өнгөрөхөд  тэр гурав  найз нөхдийн харьцаагаа хадгалж үлдсэн юм.1991 онд  Эрик Клептон Жорж Харрисон хоёр хамтарсан аялан тоглолт хийсэн бөгөөд тэр тоглолтон дээрээ хоюулаа Патрисияд зориулсан дуунуудаа дуулсан байдаг.

Энэхүү дурлалын гурвалжингийн баатрууд  болох Эрик Клэптон, Патрисия Бойд, Жорж Харрисон  бүгд шинээр тус тусынхаа амьдарлыг дахин нэг бус удаа цохиосон. Гэвч хэн  нь ч энэ удаагийнх шигээ  тэгтлээ зовж шаналаагүй билээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай