ФОТО: Солонгосын хойгийн асуудлаар эрдэмтэд Улаанбаатарт чуулж байна

Солонгосын хойгийн харилцаа дулаарч, БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Улаанбаатар хотноо “Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын бага хурал болж байна. Тус хурлыг нээж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг үг хэлэв. 

Тэрбээр "Энэхүү олон улсын бага хурал нь бүс нутгийн улс орнуудын төрийн бус байгууллагуудын санал, санаачилгаар болж буй нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Сар гаруйхан хугацааны өмнө болсон нэгэн томоохон үйл явдал бол өнгөрөгч сарын 27-ны өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт бөгөөд “Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэл, нэгдлийн талаарх Панмунжеомын Тунхаглал”-д гарын үсэг зурсан явдал байлаа. Мөн удахгүй болох АНУ-ын ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагчийн түүхэн дээд хэмжээний уулзалт болох гэж буй нь цаашид бүс нутаг дахь хурцадмал асуудлыг намжаахад томоохон хувь нэмэр болох учиртай бөгөөд улмаар Солонгосын хойг цөмийн зэвсэггүй бүс нутаг болоход алхам алхамаар ойртож буйн илрэл юм.

Мөн манай улс БНАСАУ-тай 1948 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Харин 1990 онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоож, эдүгээ хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа.

Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд цөмийн зэвсгээс ангид статустай манай улс  бүхий л түвшинд идэвхтэй оролцож ажиллах нь зүйн хэрэг" хэмээн онцлов. 

Хуралд АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг улсын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, судлаач эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд тус оролцож байна.

Түүнчлэн, Монгол улсын геополитикийн давуу чанар Зүүн хойд Азийн бүс нутагт өрнөж буй үйл явцын үр дүнд хэрхэн нөлөөлж болох, Монгол Улсын төвийг сахих бодлого болон гадаад хамтын ажиллагаа, Эвсэлд үл нэгдэх бодлого баримтлалын талаар МУИС, ХУИС, ШУТИС зэрэг их дээд сургууль Стратеги судалгааны хүрээлэн, Цэнхэр сүлд ТББ зэрэг мэргэжлийн болон олон нийтийн байгууллагын судлаач эрдэмтэд байр сууриа илэрхийлэн оролцож байна.

Уг уулзалт Улаанбаатар хотод энэ сарын 7, 8-нд үргэлжилнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай