Ж.БЯМБАСҮРЭН: Эверестээс бууж ирчихээд Лхоцед авирах эрч хүчийг монгол түмэн надад хайрласан

Лхоце уулын оргил дээр. Цаана нь Эверестийн оргил дүнхийж байна


Уулчин бүхний мөрөөдөл Эверестэд анх удаа авираад, оргилд нь гарсан Ж.Бямбасүрэнтэй ярилцлаа. Дэлхийн дээвэрт мөрөө гаргасан Монголын долоо дахь уулчин (түүнээс өмнө Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан) болсон тэрбээр ийнхүү дэлхийн долоон ноён оргилын зургаад нь Төрийнхөө далбааг мандуулав. Нэг удаагийн авиралтаар Эверест, Лхоцегийн оргилд гарсан Монголын анхны уулчин Ж.Бямбасүрэнд одоо ганцхан даваа бий. Тэр нь өмнөд туйлын ноён оргил Винсон Массиф. Хэрвээ тэрбээр эл оргилд мөрөө гаргавал “Seven summits”-ын болзол хангасан Монголын хоёр дахь (түүнээс өмнө Б.Гангаамаа), эрэгтэйчүүдээс анхны уулчин болох юм.


-Та хоёр сар шахам хугацааг зарцуулан байж Эверестийн оргилд гарсан нь ямар хэцүү бэрх, тэсвэр тэвчээр шаардсаны илрэл болов уу. Монголдоо ирээд цөөнгүй хоночихлоо. Биеийнх нь ядаргаа тайлагдан, бүрэн тэнхэрсэн үү?

-Овоо хэд хоног амран, эмнэлэгт үзүүлээд бие сайхан тэнхэрсээн. Эх орондоо ирсний дараа монгол хоолонд дасахгүй, дотор нэлээд хямарлаа. Би дөрөвдүгээр сарын 7-нд Эверестийг зорьсон. Далайн түвшнээс дээш 2600 метрт оршдог Балбын Лукла хотоос зургаа хоног алхаж Эверестийн үндсэн отог (5300 метрт байдаг)-т очлоо. Ер нь тэнд сүүл мушгиж очсон уулчдын нэг нь, би. Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1300 метрт оршдог.

Тэгэхээр Эверестэд нийслэл хотдоо амьдарч байгаа мэт дасахын тулд үндсэн авиралтаас олон хоногийн өмнө очих шаардлагатай л даа. Агаарын даралт, уулын өндөрт дасан, 10-аад хоног амарсан. Надтай хамт авирсан уулчдаас гурав нь тэнд дасаж чадалгүй, авиралтаа зогсоосон. Анх удаа очсон гэхэд би харьцангүй хурдан даслаа. Хүйтэн юм ууснаас болж хоолой өвдөж, сөөсөн. Эверестэд очсоноос хойш Монголд иртэл ханиалгаад авирахад нэлээд хүндрэлтэй байлаа. Бас зарим үед толгой өвдсөн. Өндрийн өвчний илрэл л дээ.

-Дэлхийн дээвэрт анх удаа авирахын өмнө хэрхэн төсөөлж байв. Бэлд нь очсоныхоо дараа өндрөөс нь хэр их сүрдэв?

-Дэлхийн долоон ноён оргилын тавд нь мөрөө гаргачихсан, далайн түвшнээс дээш 7000 метрээс өндөрт оршдог ууланд авираад үзчихсэн болохоор өмнөхөөсөө харьцангуй туршлагатай байлаа. Тэгсэн мөртлөө Эверестийг хараад шоконд орсон. Оргил руу нь авирна гэж төсөөлөхөд санаанд багтаагүй. Би өндөр, сүрлэг оргил зөндөөг харсан ч “Ийм өндөр уул байдаг гэж үү” гээд дуу алдан, үнэхээр сүрдсэн. Өмнө нь зураг, бичлэгийг нь харж байсан ч бодитоор үзэх тэс өөр юм билээ.

-Томоохон ууланд авирахын өмнө оргил руу олон удаа мацаж, буун өндөрт нь дасдаг юм билээ. Үндсэн авиралтаа 12-нд эхэлсэн бил үү?

-Тэгсэн. Далайн түвшнээс дээш 6000 метрт байх эхний отгийг шууд алгасан, дараагийнхад нь (6400 метрт байдаг) очиж амарсан. Тэгээд маргааш нь гуравдугаар отогт (7000) хүрээд хоносон. Уг нь 14-ний орой дөрөвдүгээр отогт очин, 4-5 цаг амарчихаад, шөнөжингөө авирсаар оргилд нь үүрээр гарахаар төлөвлөсөн юм. Гэтэл цасан шуурганы улмаас гуравдугаар отогт амраад маргааш нь авирсан. Далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт орших сүүлчийн отогт уулчид түр амардаг, ер хонодоггүй. Тэрнээс өндөрт отог байрлуулах, хонох боломжгүй юм билээ. Тэгээд шөнөжингөө авирсан даа. Тогтмол хөдлөөд, авираад байвал даарахгүй. Олон уулчин нэг цуваанд орон, бие биенээ хүлээхээр их даардаг юм билээ. 15-ны 22.00 цагт гаран, шөнөжингөө авирсаар маргаашийнх нь 11.30-д оргилд нь гарсан.

-Эверестийн оргилд гарахыг та олон жил зорьсон. Дэлхийн дээвэрт мөрөө гаргахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үнэнийг хэлэхэд юу ч бодогдоогүй. Их ядарсны улмаас баярлаж, догдлох сөхөө надад байгаагүй. Тэгтлээ ядарсан л даа. Нэлээд удаан амарсны дараа ойр орчноо харан, “Дэмжсэн хүмүүсийнхээ итгэлийг даалаа” гэж бодсон. Оргил дээр нь 40 орчим минут болчихоод буулаа. Ядраад гуравдугаар отогт очиж амрах тэнхээ байгаагүй тул аргагүйн эрхэнд дөрөвдүгээр отогт хоносон. Азаар байгаль дэлхий ивээн, тэнгэр хангай муухайраагүй ээ.

Тэгж явсаар 18-нд үндсэн отогт очсон. Авиралтын үеэр Японы уулчин нас барахад амар байгаагүй. Хөөрхий минь өмнө нь Эверестэд авирахдаа гараа хөлдөөсөн юм билээ. Ганцаараа авирдаг мундаг уулчин л даа. Шөнө амарч байх нь ээ элгэн хаданд гэрэл анивчаад л байна. Өнөөх уулчин авирч байгаа нь тэр. Бид “Ёстой мундаг юм аа” хэмээн шагшаад хонотол маргааш өглөө нь бурхан болчихсон байсан. Зүв зүгээр майхандаа амарсан мөртлөө мөнх нойрсчихсон гэсэн. Тийм харамсалтай тохиолдол авиралтын үеэр заримдаа гардаг.

-Хэдийгээр оргилд гарах зорилготой яваа ч хамгийн чухал нь амь нас. Тийм харамсалтай зүйл тохиолдоход сэтгэл, санаагаар унасан уу?

-“Би маргааш сэрэхгүй байх вий. Гэнэтийн зүйл тохиолдон, амь насаа алдах вий” гэж ер санаа зовоогүй. Хэрвээ тухайн хүн нас барах цаг нь болсон бол чулуунд бүдрээд ч тэнгэрт одно. Хүний хувь заяаг өөрчлөх аргагүй. Тийм болохоор гэнэтийн зүйлээс ер айж, эрсдэлтэй алхам хийхээсээ зүрхшээдэггүй.

-Та Эверэстийн оргилоос бууж ирснийхээ дараа Лхоцед авирсан. Анхнаасаа тийм төлөвлөгөөтэй байсан уу, эсвэл...

-Эндээс хоёуланд нь авирахаар төлөвлөөд очсон. Нэг удаагийн явалтаар Эверест, Лхоце уулын оргилд гарсан анхны монгол уулчин боллоо. Надаас өмнө Эверестэд авирсан уулчид Лхоце руу мацаж байгаагүй.

-Тэгж их ядарчихаад Лхоцегийн оргилд авирах эрч хүчийг юунаас авав?

-Эверестээс бууж ирсний дараа маш олон хүн цахим хаягаар баяр хүргэж, урмын үг хайрласан. Тэр үед би өөрөөрөө бахархсан. Нөгөө талаар Эверестийн оргилд гарчихлаа гэж баярлах сөхөө орсон л доо. Хэчнээн их ядарсан ч олны сэтгэлийн сайхан үг надад эрч хүч хайрлаж, Лхоцегийн оргилд гарахад тусалсан. Үгээр хүнийг алж ч болно, аварч ч болно гэдэг үнэн юм билээ. Урмын үг хүнд хэчнээн их эрч хүч хайрладгийг тэгэхэд би бүр их ухаарсан.

Үүний сацуу гол зорилгодоо хүрсэн болохоор юу ч гэсэн үзээд алдъя гэж бодлоо. Яах вэ, үнэхээр алхаж чадахаа байвал болчихъё, ямар алдах юм байх биш гэж бодсон л доо. Тэгээд авирав аа. Лхоце зогсох ч боломжгүй эгц уул юм билээ. Олонх уулчин гуравдугаар отогт нь хонон, дараагийнхад нь амраад оргил руу нь авирдаг. Бид энэ удаа тэгэлгүй шөнөжингөө авирсаар үүрээр оргилд нь гарсан. Хүн сэтгэлийн амьтан гэдэг үнэн юм билээ.

Лхоцегийн оргилд тийм ч их ядраагүй. “Чадахгүй бол яана” гэж санаа зоволгүй авирсан болохоор тэгсэн байх. Би хятадын уулчинтай хамт авирсаар 22-нд оргилд нь гарсан. Буцахдаа замдаа төөрөөд ёстой баларсаан. Уг нь гуравдугаар отогт амаръя гэж шерпа (уулчны туслах) ятгасан ч би шууд буучихсан юм. Тэгээд үндсэн отгоо олдоггүй ээ. Гурван цаг гаруй төөрөн, уйгагүй хайсны эцэст арайхийж олсон шүү.

-Зорилгодоо хүрэхийн тулд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Ойролцоогоор 100-гаад сая төгрөг. Найз, нөхөд туслан, хүнээс мөнгө зээлэн, автомашинаа худалдаж санхүүгийн асуудлаа зохицуулсан. Авиралтаа дуусгаад л Монгол руугаа хурдан буцан, туслаж, дэмжсэн хүмүүстээ талархсанаа илэрхийлэн, баярт мөчөө хуваалцъя гээд яарлаа.

-Эверестийн оргилд гарах бодол танд хэзээнээс төрөв?

-Анхандаа зүгээр л ууланд алхдаг байлаа. Аажим аажмаар улам өндөр оргилд гарах юмсан гэж боддог юм билээ. Цэцээ гүнд авирсныхаа дараа Асралт хайрханд гаръя гэдэг ч юм уу. Ер нь тэгж ахиулж явсаар Эльбруст авирсан. Тэр үеэс дэлхийн долоон ноён оргилд гарах юм сан гэж зорьсон л доо. Тэгээд зургаад нь мөрөө гаргасныхаа дараа Эверестэд авирахаар шийдэв. Өнгөрсөн жил дэлхийн дээвэрт гарахаар зорьсон ч санхүүгийн хүндрэлийн улмаас чадаагүй.

Энэ удаа Гантулга гэдэг залуугаар удирдуулсан менежментийн баг ажилласны хүчинд би зорилгодоо хүрлээ. Санхүүгийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байсан үе хамгийн хэцүү. Хэрвээ мөнгө бүтвэл Эверестэд авирна, бүрэн цуглуулж чадахгүй бол дараа жилийг хүлээхээс өөр аргагүй. Намайг Монголоос Балбыг зориход мөнгө бүрэн цуглаагүй байсан шүү дээ. “Бүтэх болов уу, яах бол” гэж санаа зовоод л явсан ч олны дэмээр тэнд очихоос өмнө санхүүгийн асуудал бүрэн шийдэгдсэн. Тэгээд л авиралтын зардалд санаа зовох шаардлагагүй болж зөвхөн олны итгэлийг алдахгүй шүү гээд л авирлаа.

-Монгол уулчинтай хамт авирах боломж байсан уу. Хэн нэгэнд санал тавьсан уу?

-Эверестэд авирахад зардал өндөртэй, бүрдүүлэхэд бэрх гэдгийг өнгөрсөн жил мэдэрсэн учраас хэн нэгэнд хамт авирах санал тавиагүй ээ. Харин намайг хамт Эверестийг зорьё гэсэн бол дуртайяа зөвшөөрөх байсан.

-Олон сая төгрөг зарцуулан, амь насаа дэнчин тавин байж Эверестийн оргилд гарсан нь ямар ач холбогдолтой вэ?

-Уулчдын олимп бол Эверестийн оргил. Дэлхийн дээвэрт гарсан уулчин олимпын аварга болсноос ялгаагүй. Учир нь Эверестэд одоогоор 6000 гаруй, Монголоос долоохон уулчин гараад байгаа нь авирахад үнэхээр хэцүү, бэрхийнх нь илрэл болов уу. Монгол уулчин Эверест, Лхоце оргилд гарлаа гээд гадаадын цөөнгүй хэвлэл онцолж байна. Энэ бол эх орныхоо нэрийг дэлхийд сайнаар дуурсгаж, монгол хүн тэсвэр тэвчээртэйг үлгэрлэсний илрэл биз ээ. Монгол Улс уулчинтай, уулчин нь далайн түвшнээс дээш 8000 метрээс өндөрт оршдог хоёр оргилд хэдхэн хоногт багтаан гарч чаддагийг нотоллоо. Хэрвээ аливаа зүйл заавал ашигтай байх учиртай бол уулын спортын өгөөж, ач холбогдол нь ерөөсөө энэ. Энэ спортоос үүнээс өөрөөр ашиг олох боломжгүй.

-Та 16-гийн тоог бэлгэшээж явдаг юм билээ. Яагаад тус тоог онцолсон юм бэ?

-Би Эльбруст есдүгээр сарын 16-нд, Килиманжарод аравдугаар сарын 16-нд, Хүйтний оргилд нэгдүгээр сарын 16-нд, Эверестэд тавдугаар сарын 16-нд гарсан. Бас миний утасны дугаар 16-гаар төгссөн. Тэгээд л би 16-гийн тоог бэлгэшээж явдаг юм.

-Амиа алдах ч эрсдэлтэй гээд гэр бүлийнхэн нь хориглодог уу?

-Ихэнхдээ дэмждэг ч заримдаа эсэргүүцдэг шүү. Тэгэхээр нь би аль болох зөвөөр ойлгуулахыг хичээдэг. Гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмждэгийн хүчинд чамлахааргүй амжилтад хүрлээ.

-Та дэлхийн долоон ноён оргилын зургаад нь гарч, одоо Винсон Массиф үлдлээ. Монгол Улс “Seven summits”-ын эзэн болсон ганц уулчинтай нь Гавьяат тамирчин Б.Гангаамаа. Мөрөөдлөө гүйцээхийн тулд өмнөд туйлын ноён оргилыг зорих бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Тийм ч өндөр биш, 4897 метрт оршдог ч Эверестэд авирснаас их өртөг шаардана л даа. Яаж ийж байгаад зорилгодоо хүрчих юм сан. Долоон тивийн ноён оргилд 400 гаруйхан уулчин гарсан юм билээ. Дэлхий дээр далайн түвшнээс дээш 8000 метрээс өндөрт оршдог 14 уул бий. Юуны түрүүнд “Seven sum­mits”-ын эзэн болохын төлөө зүтгэнэ ээ. Хэрэв тэгж чадвал “Алуурчин” хэмээгддэг К2 оргилд авирч магадгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай