Ц.Мөнх-Оргил: Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээсээ дахин дахин нэхэхгүй

 УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.


 -Төрийн үйлчилгээний бараг 70 хувийг улсын бүртгэлийн байгууллага үзүүлдэг. Угтаа төрийн хийх үндсэн ажил нь иргэн хийгээд хуулийн этгээдийг эд хөрөнгөтэй нь алдаа мадаггүй бүртгэж, түүнийгээ үр ашигтайгаар эргэлтэд оруулах явдал. УИХ Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг ид хэлэлцэж байна. Үүнийг баталбал зарчмын ямар гол өөрчлөлт гарах талаар та энэхүү багц төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд мэдээлэл өгөхгүй юү?

-Засгийн газраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийг Иргэний, Хуулийн этгээдийн болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийнхтэй хамтатган УИХ-д өргөн мэдүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Уг хуулийг баталснаар хуулиар хориглосноос бусад бүртгэлийн мэдээллийг нээлттэй ашиглуулна.

Мөн иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр өгөх мэдээллийг ангилан зааж өгөх юм. Мөн төрийн эрх бүхий байгууллага хийгээд иргэн, хуулийн этгээдэд лавлагаа, мэдээлэл өгөх журам тодорхой болно. Өнөөдрийн хууль, эрх зүйн зохицуулалтаар иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай өгөх улсын бүртгэлийн мэдээллийг ангилан заагаагүй. Гол төлөв хаалттай. Тиймээс ч үйлчилгээ авч байгаа этгээд бүртгэлийн байгууллагад зайлшгүй биечлэн ирдэг, олон дахин ирэх шаардлагатай болж, иргэдийг чирэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг засаж, төрийн цаасан суурьт үйлчилгээг багасгаж, цахимаар, чирэгдэлгүй, хүртээмжтэй, зардал багатай болгох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах нөхцөл бүрдүүлэхэд эдгээр хууль чухал алхам болно гэж харж байна.

Тухайлбал, манай улс 1997 оноос үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэж эхэлсэн. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрынхаас нь салангид бүртгэж буй нь Иргэний хууль хийгээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн олон улсын стандартаас зөрдөг. Энэ нь бүртгэлийн нэгдмэл, үнэн зөв байдал алдагдах, өмчлөгчийн эрх баталгаажихгүй байх үндсэн нөхцөл болж байгаа юм. Тиймээс барилга, байгууламжийн эрхийг түүний доорх болон орчны нэгж талбар газрын эрхэд үндэслэн бүртгэхээр төсөлд тусгаж байна. Улмаар газрын кадастрын сан болон эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх Дундын сан үүсгэнэ. Ингэснээр бүртгэлийн зөрүүтэй байдлыг арилгах, улмаар өмчлөгчийн эрх баталгаажих, газар, үл хөдлөх хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж, үнэ цэнэ нь өсөх боломж бүрдэх юм.

Бид төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй явж ирснээс болж тэдгээртэй холбоотой олон асуудал үүссээр буйг залруулах шаардлагатай. Түүнчлэн хуулиас дээгүүр болзол, шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, улсын бүртгэлийн суурь харилцааг илүү тодорхой, нийтэд ойлгомжтой болгохыг зорьж байна. Жишээ нь, зарим бүртгэл, лавлагааны үйлчилгээ үзүүлэх хугацааг богиносгох, тодорхой болгох, төр өөрт байгаа тухайн иргэний мэдээллийг дахин шаардахгүй байх, зарим үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авах боломж нээхээр байгаа юм.

Тухайлбал, Архангай аймгаас нийслэлд суралцаж буй оюутан иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд дахин авахын тулд одоогийн хуулиар аймагтаа очиж өргөдөл гаргадаг, хэвлэгдэхээр нь очиж авахаар байгаа. Мөн бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэнээс авахгүй буюу тэднээс нэхдэг байсан 3-5 төрлийн бичиг баримт буюу хуулбар, лавлагаа, тодорхойлолт зэргийг хасахаар байгаа.

-Засгийн газраас өргөн барьсан төсөл хэлэлцүүлгийн явцад хэр өөрчлөгдөхөөр байна вэ?

-Үзэл баримтлал нь ерөнхийдөө хэвээр хадгалагдаж байгаа. Гэхдээ анхны хэлэлцүүлгийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллагаас хийх суурь буюу иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд үндэслэн бусад салбарт ч төрөлжсөн бүртгэл хийдэг байхаар дэмжсэн. Төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлах талаар ярилцаж байгаа юм. Ингэснээр бүртгэлийн тогтолцоог цогцоор харах боломж бүрдүүлнэ.

-Миний л мэдэхээр бүртгэлийн тогтолцоогоо төгөлдөржүүлнэ гэж Ерөнхий сайд С.Баярын үеэс эхэлж ярьсан. Харин төгөлдөржсөн, эсэхийг хэлж мэдэхгүй юм. Эдгээр хуулийг баталснаар хэр төгөлдөржих вэ. Бүртгэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх гол хөшүүргийг нь та юу гэж хэлэх вэ?

-Төгөлдөржүүлэх ажлыг шат дараатай хийж байна. Жишээ нь, 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баталснаар бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдэж, мэдээллийг цахимжуулах ажлуудыг үе шаттайгаар өрнүүлж байгаа. Энэ хүрээнд иргэний баримтын архив 100, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн сан 98, хуулийн этгээдийн бүртгэлийн 66 хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байна. Үүнийг улам эрчимжүүлэх, хууль, эрх зүйн талаас үүсэж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд энэхүү багц төсөл чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн тогтолцоог төгөлдөржүүлэхэд дахин нэг шат ахих нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

-Иргэний үнэмлэхийг илүү ухаалаг болгох уу?

-Цахим үнэмлэхний хэрэглээг илүү үр ашигтай болгох талаар хэлэлцүүлгийн шатанд ярьж байна. Тодруулбал, иргэний хувийн мэдээллийг үнэмлэхний санах ойд тэмдэглэх, үүнийгээ ашиглан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломж бүрдүүлэх зохицуулалтууд тусгасан.

-Цахим бүртгэл гэдгээс улбаалан асуух гэсэн юм. Бүртгэлээ цахимжуулах нь сайн хэрэг. Гэвч цахим бүртгэлийн аюулгүй байдал, хадгалалтад зайлшгүй анхаарах ёстой. Та ч уг төслийг анх хэлэлцэж эхлэх үед үүнийг анхааруулж байсан. Бид бүртгэлийнхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байж болох уу?

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжийн талаар суурь зохицуулалт тусгаж, цахим мэдээллийн санг хадгалах, хамгаалах, нөөцлөх, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх эрх, үүргийг нарийвчлан зааж өгсөн. Улсын бүртгэлийг цахимаар хөтлөхөөс гадна цаасан эх хувийг заавал хадгалж, архивлаж байх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж ийм зохицуулалт оруулсан.

-Улсын бүртгэлийн байгууллагаас өгөх мэдээллийг зааглах тухайд тодруулахгүй юу?

-Хуулиар хориглосноос бусад мэдээллийг нээлттэй ашиглуулах, иргэний, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр өгөх мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж ангилахаар тусгасан. Нээлттэй мэдээллийн талаар онцолбол, олон улсад тогтсон чиг хандлагыг харгалзан хуулийн этгээд, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбогдсон зарим мэдээллийг иргэн, хуулийн этгээд чөлөөтэй, үнэ төлбөргүйгээр цахим системээр харж болохоор заасан.

Нөгөө талаас нууцын тухай хууль, тогтоомжтой уялдуулан иргэний биеийн давхцахгүй өгөгдөл гарын хурууны хээ, төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд хамаарах зарим мэдээллийг хаалттай байхаар тусгасан. Дээрх хоёр төрлийн мэдээллээс бусдыг хязгаартай буюу тодорхой үндэслэл, журмын дагуу ашиглуулахаар байгаа юм.

-Бүртгэлтэй холбоотой асуудал хамгийн их хөндөгддөг үе бол сонгууль. 2020 оны сонгуулиар “Бүртгэлд л но, булхай байна” гэж хэлүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхдээ биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд үндэслэж, оршин суугаа нутаг дэвсгэрт байгуулагдсан сонгуулийн хэсэг тус бүрээр гаргадаг. Манай улс 2010 оноос эхэлж 16-гаас дээш насны иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийг авч эхэлсэн. 2018 оны байдлаар 16-гаас дээш насны иргэдийн 98.29 хувь нь уг бүртгэлд хамрагдсан байна.

УИХ-ын нийт долоон удаагийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн байгууллага Сонгуулийн тухай хуулийн дагуу гаргасан байдаг. Тайлан, мэдээнээс харахад бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Харин сонгуулийн үеэр “Манай хаяг дээр өөр иргэн бүртгэлтэй байна” гэсэн гомдол гаргадаг ч энэ нь бүртгэлийн байгууллагаас шалтгаалсан асуудал биш. Иргэд орон сууц, хашаа байшингаа худалдаад явахдаа шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, иргэний бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягаа өөрчлүүлээгүй байх тохиолдол гардаг.

Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Иргэний бүртгэлийн тухай хуулиар улсын бүртгэгч нь тухайн хаяган дээр амьдардаггүй иргэнийг бүртгэлээс хасах, өөрчлөлт хийх эрхгүй. Харин хаягтай холбоотой асуудлыг цэгцлэх, боловсронгуй болгох талаар хуулийн төсөлд холбогдох зохицуулалт тусгасан. Тодруулбал, иргэн оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон ч улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан байцаагчийн дүгнэлтээр түүний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болохоор тусгасан. Ингэснээр нэг хаяган дээр бүртгэлтэй байгаа олон сонгогчийн зөрчлийг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Тантай уулзсаных Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх нь зүйтэй, эсэх талаарх байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Шаардлагагүй. Ажиглагчийн статусаа хадгалаад явахад манай эрх ашигт бүрэн нийцнэ. Энэ байр сууриа анх удаа илэрхийлж байгаа юм биш. Өнөөдрийг хүртэл миний байр суурийг өөрчлөх шинэ мэдээ, мэдээлэл, үндэслэлийг Засгийн газар гаргаж өгөөгүй л байна. Юуны өмнө, энэ нь яг юу хийдэг, хийх, ямар зорилготой байгууллага вэ гэдгийг бид ойлгож, мэдэх ёстой. Ямар ч олон улсын байгууллагад гишүүнээр элсэнэ гэдэг их, бага хэмжээгээр өөрийн бүрэн эрхт байдлаасаа татгалзаж байгаа гэсэн үг.

Тийм учраас ямар байгууллагад элсэх тухай яриад байгаагаа сайн ойлгох хэрэгтэй. Одоогоор ШХАБ нь цэрэг, улс төрийн эвсэл болон эдийн засгийн интеграцын байгууллага биш гэдгээ өөрөө зарласан. Тэгвэл юу юм бэ, ямар зорилготой байгууллага вэ гэдэгт бид хариулт авч чадахгүй л байна. Сайн судлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, энэ байгууллагад элссэнээр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын ач холбогдол харагдахгүй л байна.

Уг байгууллага өөрөө эдийн засгийн интеграцын байгууллага биш гэдгээ мэдэгдсэнийг дахин хэлье. Монголчууд тусгаар тогтнолтойгоо холбоотой аливаа асуудалд их сонор сэрэмжтэй, мэдрэмжтэй ханддаг. УИХ ч тийм байх ёстой. Ямар ч тохиолдолд ганц байнгын хороогоор хаалттай хэлэлцүүлэг хийснийгээ асуудлыг шийдсэн гэж ойлгож болохгүй. Байнгын хорооны хуралдаанд 10 гишүүн сууж байгаад зургаа нь дэмжвэл Монгол Улс ШХАБ-д элсэх шийдвэр гаргах аюул байна. Орох нь зөв, буруу гэдэг нь тусдаа асуудал. Өргөн хүрээний, мэдээлэлтэй хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлсний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Олон нийт энэ асуудлаар мэдээ, мэдээлэл авч, хэн нь ямар байр суурьтай байсныг мэдэх эрхтэй.

-Уг байгууллагад манай улс гишүүнчлэлтэй болох тухай яриа ер нь энэ удаагийнх шиг “өндрөө авч” байсан тохиолдол байдаг юм болов уу. Энэ удаа ингэж ярих болсон шалтаг, шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Өмнө нь энэ асуудлыг судалж л байсан. Гадна, дотнын шахалтад нэгдсэн байр сууринаас хариу өгч байсан. Одоо яагаад ингэж шуураад буйг нь мэдэхгүй, ойлгохгүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай