Л.САРАНЦЭЦЭГ: ЭКСПОРТЫН БИЗНЕС ХИЙСЭН ХҮН ХЭЗЭЭ Ч ЯДУУ БАЙДАГГҮЙ

Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төвийн захирал Л.Саранцэцэгтэй экспортын чиглэлийн бизнесийн талаар ярилцлаа.

Танай байгууллага яагаад экспортын бизнесийг сонирхох болов?  Монгол Улс үйлдвэрлэгч орон биш шүү дээ...

Өнгөрсөн жил надад  жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих, санхүүжилт босгох чиглэлээр Олон улсын сургагч багш бэлдэх БНЭУ-ын Засгийн газрын ITEC хөтөлбөрт  хамрагдах боломж олдож,  тус улсын Жижиг дунд үйлдвэрлэл, ур чадварын яамны дэргэдэх NIESBUD интитутэд суралцсан. Энэ хугацаанд профессор Х.П.Сингхийн лекцэнд сууж Энэтхэг улс экспортыг нэмэгдүүлсэн туршлагаасаа хуваалцсан нь миний хувьд ихээхэн сонирхол татсан.

Тэр цагаас хойш Монгол улсын экспортод өөрийн гэсэн хувь нэмэр оруулах мөрөөдөлтэй болж  энэ талаар илүү мэдлэг олж авахын тулд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Зах зээл судлалын хүрээлэнгийн гадаад худалдааны менежерийн сургалтанд мөн хамрагдлаа.  

Бид  хуучин байсан тогтолцооноос хамааралтай хэвшмэл ойлголтууд, газар зүйн байршил, эдийн засаг, татварын бодлого зэрэг хэд хэд хүчин зүйлээс хамааралтайгаар экспортлогч биш импортлогч улс болоод байгаа л даа. 

Экспортлогч улс болохын тулд Энэтхэгт хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцаач? 

Сүүлийн жилүүдэд Энэтхэг улсын экспорт эрчимтэй өсч байгаа нь хүн ам ихтэй эсвэл байгалийн нөөц баялагтайдаа биш Засгийн газраас нь Гадаад худалдааг дэмжих цогц бодлого баримталж буйтай холбоотой. Энэ бодлогын цөм нь “Импортыг хумьж, экспортыг өсгөсөн үйлдвэрлэгч Энэтхэг улс”  байх.    Яавал эцсийн бүтээгдэхүүнийг импортлохгүй байх вэ гэсэн асуултад тэд хариулт хайж, шийдэж байна. Экспортын бизнес хийсэн хүн хэзээ ч ядуу байдаггүй гэдэг ойлголт Энэтхэгт түгээмэл. Тийм ч учраас хүн бүр экспортлогч байхын  төлөө тэмцэж байна. 

Төр нь чухам ямар хэлбэрээр бодит дэмжлэг үзүүлдэг юм бол? 

Энэтхэг улс дотоодын үйлдвэрлэлээ нэг, хоёр, гурван  чиглэлээр дэмжих биш хоорондын уялдаа холбоо бүхий цогц бодлого боловсруулан хэрэгжүүлдэг. Жишээлбэл, хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт,  дэвшилтэт тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвараас чөлөөлөх, гадны сайн экспертүүдээс мэдлэг чадварын зөвөлгөө авах төлбөрийг нь хариуцах гэх мэт. Хэрэв экспортын бүтээгдэхүүн нь алслагдсан нутгийн иргэдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон бол илүү их дэмжлэг, урамшуулал өгдөг.  Ингэснээр ажлын байр нэмэгдэх, хямд өртөгтэй үндэсний бүтээгдэхүүн бий болох нөхцөл бүрддэг. 

Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хамгийн түрүүнд чанар гэдэг үндсэн шалгуурыг тавьдаг бөгөөд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй тохиолдолд үйлдвэрлэгч төрийн дэмжлэгийн гадаа үлдэнэ гэсэн үг. Иймээс төрөөс олгож буй дэмжлэг авахын тулд үйлдвэрлэгчид чанарыг тэргүүн эгнээнд тавьдаг. 

Энэтхэгийн Гадаад худалдааны яамны харъяа, бараа бүтээгдэхүүний нэр төрөл бүрийг хариуцсан 34 зөвлөл байдаг. Үйлдвэрлэгч экспортоор бүтээгдэхүүнээ гаргахын тулд экспортын лиценз авдаг бөгөөд энэхүү лицензийг авснаар автоматаар тухайн зөвлөлийн гишүүн болдог. Зөвлөлд тухайн салбарын бүх холбоо болон олон нийтийн байгууллагууд харъяалагдана. Эдгээр зөвлөлүүд нь үйлдвэрлэгчдэд бүх талын дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл, Энэтхэгчүүд торгоор алдартай. Торгон бүтээгдэхүүн хариуцсан зөвлөл нь өөрийн гишүүн үйлдвэрлэгчдэд буй бэрхшээлүүдийг тодорхойлж зөвлөх үйлчилгээ үзүүлэх, энэ чиглэлийн гарааны компаниудад бүтээгдэхүүнээ зах зээлд сурталчлан таниулах маркетинг хийх, экспортлох гарц нээж өгөх, үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнийг нь оролцуулах, гадаадын зах зээлийн судалгааг хийж эрсдэл боломжийг нь тооцож гишүүддээ мэдээллэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. 

Түүнчлэн экспортоор бүтээгдэхүүнээ гаргах үе шат болгонд институт байдаг. Жишээлбэл, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдлээд ямар сав баглаа боодолтой гаргахаа мэдэхгүй тохиолдолд  сав баглаа боодол хариуцсан институци нь өнгө загвар дизайн гаргаж хямд өртөгтэйгөөр үйдвэрлэж өгдөг. Ингэж санаа олохоос эхлээд экспортод гаргах үе шат болгонд төрийн дэмжлэг оролцоо нь дарамт гэхээсээ дэмжлэг байдлаар оролцдог нь өнөөдрийн Энэтхэг улсын экспортын салбарын амжилтын үндэс юм л даа.

Тэгвэл монголын нөхцөлд энэ бүхнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? 

Монголын  жижиг дунд үйлдвэрлэгчид сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдий ч нэг бүрийн өртөг өндөр байдаг нь дотоодын хэрэгцээг хангах боломжийг бууруулдаг. Үүнд тухайн үйлдвэрлэгчдийн буруу гэхээсээ илүүтэй бодлогын түвшинд зарим дэмжлэгийг бодитой олгохгүй байгаатай хоблоотой гэж үзэж байна. Банкны хүү, ажиллах хүчний зардал, байрны түрээс, ямар нэг зөвшөөрөл авах татвар, хураамж зэрэгт зарцуулсан мөнгөө тухайн бүтээгдэхүүндээ шингээхээс өөр аргагүй. Манай үйлдвэрлэгчдийг дээрхийн адил цогц бодлогоор дэмжээд өгвөл хямд өртөг бүхий чанартай бүтээгдэхүүн  зах зээл дээр аяндаа бий болох боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд бэлэн мөнгөний дэмжлэгээс илүүтэй дарамт шахалтгүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгөх нь ус агаар шиг хэрэгтэй санагддаг. 

Ре экспортын талаар ямар бодолтой байдаг вэ? 

Бид бүх зүйлийг заавал Монголдоо хийх албагүй юм. Худалдан авагч манай улсад байхгүй зүйлийг хүслээ гэхэд хаана байгаа газраас нь импортлоод нэмүү өртөг шингээн реэкспорт хийх бүрэн боломжтой. Жишээлбэл, Энэтхэгийн экспортын бүтээгдэхүүний эхэнд байдаг алмазыг орос болон африкийн орнуудаас импортлон үнэт элэл болгон бусад улсад экспортолдог. Өөрийн улсад заавал үйлдвэрлэх шаардлагагүй. Гуравдагч улсын экспорт буюу гадны 2 улсын хооронд экспортын бизнес хийх зэрэг бид дэлхий хэрхэн хөгжиж, хэрхэн экспорт импорт хийж байгааг судлан илүү өргөнөөр сэтгэх хэрэгцээ шаардлага бий болж байна. 

Танай байгууллагын тухайд экспорт, импортыг дэмжих чиглэлээр яг ямар ажил хийж байна вэ?

Бид энэ чиглэлээр сургалт явуулж, экспортын бизнес эрхлэх гээд юунаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст итгэл найдвар, урам зориг төрүүлдэг. Ингэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай, бодит мэдээлэл өгөх нь чухал. Тиймээс энэ сургалтыг зохион байгуулахдаа профессор Х.П.Сингхийг урьж, бизнес эрхлэгчидтэйгээ уулзуулдаг.  

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай