Дээд шүүхийн шүүгчид зургаан хүн нэр дэвшсэнээс нэг нь өрсөлдсөнгүй

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд нэр дэвшигчдийг сонгохоор зарласан. Уг орон тоонд таван хүн нэр дэвшсэн бөгөөд тэднээс суурь шалгалт авч дуусчээ. Нэр дэвшигч Б.Амарбаясгалан, С.Буд, Ц.Ичинхорлоо, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Эрдэнэбат нар суурь шалгалтад 60-аас дээш оноо авсан бөгөөд өнгөрсөн даваа гаригаас эхлэн тусгай шалгалтаа өгч буй аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны хоёрдугаар сарын 2-ны 13 дугаар зарлигаар баталсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Шүүхийн мэргэшлийн хорооныхон нэр дэвшигчдийн шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадварыг тусгайлан шалгаж байгаа юм. Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагын сорилд оролцох юм.

Дараа нь Хуульчдын холбоо дүгнэлт гаргах, эцэст нь ШЕЗ-өөс шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гээд нэлээд удаан шат дамжлага дамжих юм билээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Амарбаясгалан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нар нэр дэвшин өрсөлдсөнөөс нэг нь нэрээ татжээ. С.Соёмбо-Эрдэнэ шүүгчийн хувьд өмнө нь дээрх орон тоонд хоёр ч удаа өрсөлдөж байсан нэгэн.

Мөн анхан шатны шүүгчийн сонгон шалгаруулалтын тусгай шалгалтад 53 нэр дэвшигч оролцож Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хууль хэрэглэх ур чадвар, мэдлэгээ шалгуулж байна.


Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай