Ким Жөн Уны зардлыг хэн төлөх вэ?

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын уулзалт товлосон газар Сингапур, тогтсон өдөр 12-нд болох нь өдөр ирэх ирэх бүр тодорхой болж байна. Тиймээс олон улсын сэтгүүлчид өөр сэдэвт анхаарал хандуулж эхэллээ. Тухайлбал, уулзалт ямар барилга байшинд болох, төрийн тэргүүнүүд хаана буудаллах зэргийг судлан мэдээлж байна. Гэхдээ олны анхаарлыг татаж буй хамгийн сонирхолтой сэдэв нь Умард Солонгосын төлөөлөгчдийн Сингапурт байрлах зардлыг хэн төлөх тухай юм.

Сингапурын засгийн газар Сингапур хотынхоо Орчард роуд хэмээх дүүргийг зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд “Онцгой бүс” байлгахаар сая тогтов. Ингэснээр цагдаагийн газар тус бүст нэмэлт хяналт тавих, шалгах эрхийг эдэлж байна. “Онцгой бүс”-т элчин сайдын цөөнгүй яамд оршдогоос гадна Shangri-La тэргүүтэй өндөр зэрэглэлтэй зочид буудлууд байрладаг.  2015 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Тайванийн ерөнхийлөгч Ма Инжоугийн түүхэн уулзалтыг зохион байгуулсан Shangri-Laд Доналд Трамп төлөөлөгчдийн хамт буудлах аж. Америкийн сэтгүүлчдийн мэдээлсэнээр Ким Жөн Ун буудаллах газрынхаа болзлыг нэлээд хатуу тавьж байгаа гэнэ. Тэрбээр барууны хөрөнгө оруулалттай газар буудаллахгүй гэсэн бөгөөд түүний хүсэл нь ази эзэнтэй зочид буудал байх ёстой гэнэ. Тиймээс сонголт Fullerton зочид буудал дээр тогтож байгаа сурагтай. Хотын төвд сүндэрлэн байрлах уг буудал  Сингапурын топ таван зочид буудлын нэгээр байнга тодордог гэнэ. Ерөнхийлөгчийн люкс өрөө нь 201 квадрат метр талбайтай бөгөөд тусгай лифттэй, аварга том шилэн верандатай. Гэсэн хэдий ч үнэ өртөг нь боломжийн хэмжээнд буюу 6000 доллар болохыг туршлагатай жуулчид өгүүлж байна. Үүнээс улбаалан, Умард Солонгосын төлөөлөгчдийн зардлыг хэн төлөх тухай асуудлыг барууны сэтгүүлчид хөндөж байна. Тэдний үзэж байгаагаар зардлыг өөрсдөө төлөх сонирхол Умард Солонгост байхгүй байгаа гэнэ. Үүнийг батлахын тулд хэвлэлүүд БНСУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн уулзалтын зардлыг аль тал төлсөн баримтуудыг дурдаж байна. Тухайлбал, Пёнчанд зохиогдсон өвлийн олимпод Умардын улс төрчид, урлагийнхан, хөгжөөн дэмжигчид оролцоход Өмнөдийн тал бүх зардлыг хариуцжээ. Тэд үүнд 2.6 сая доллар зарцуулсан байна. Харин олимпод өрсөлдсөн 22 тамирчны нь асуудлыг Олон улсын олимпийн хороо дааж авсан. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Өмнөд, Умардын саммитад Сөүл таван саяыг зарцуулжээ.

Гэвч Сингапурт болох уулзалтын үеэр угшил нэгт ахан дүүстээ туслах боломж БНСУ-д хомс байна. Учир нь тэд тус уулзалтад оролцохгүй, тэдний газар нутагт болохгүй. Washington Post сонины бичсэнээр БНАСАУ-ын төлөөлөгчдийн зардлыг бүрэн хариуцахаар Америкийн тал эхний шатны хэлэлцээрүүдийн үед төлөвлөж байсан ч хожим энэ санаанаасаа татгалзсан гэнэ. Ингэхдээ зардлын асуудалд анхаарахыг Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүүнээс хүссэн байна. Ийм асуудал яригдсан гэдгийг Сингапурын Батлан хамгаалахын сайд Нг Энг Хен хэлсэн үгээрээ шууд бусаар баталсан. Тэрбээр саяхан хийсэн мэдэгдэлдээ “Түүхэн уулзалтыг амжилттай зохион байгуулах үүднээс Сингапур зарим зардлыг хариуцахад бэлэн” хэмээн онцолсон юм. Гэтэл АНУ-ын Төрийн департментийн төлөөлөгч Хизер Науэрт сэтгүүлчдийн дэвшүүлж байгаа дээрх хувилбарыг эрс үгүйсгэж “Зардлыг төлөх тухай бодол бидэнд байгаагүй. Бусдаар төлүүлэх гэсэн оролдлогыг ч хийгээгүй” хэмээн мэдэгдсэн. Харин Сингапурын Батлан хамгаалахын сайд өөрийн ярьсан зүйлээ тогтож “Аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зардал” хэмээн тайларлав. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэгэн байгууллага Умардын төлөөлөгчдийн зардлын асуудлыг шийдэх саналыг бодитоор тавилаа. Цөмийн зэвсгийг устгахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын компани өнгөрсөн онд хүртсэн Нобелийн шагналынхаа урамшуулал мөнгө 1.1 сая долларыг БНАСАУ-ын төлөөлөгчдийн буудаллах зардалд зориулахаа мэдэгдэв. Гэсэн ч гэлээ хөрөнгө мөнгөний нэмэлт эх үүсвэр зайлшгүй хэрэг болно. Тухайлбал, Ким Жөн Уны аюулгүй байдлыг хангах лимузин машины зардлыг яах вэ? Учир нь Умард Солонгосын тал удирдагчийнхаа унааг Сингапурт аваачих төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Уулзалтын тов яригдаж байх үеэс мэргэжилтнүүдийн хөндсөн өөр нэг сэдэв бол нисэх онгоц.

Умард Солонгосын засгийн газрын хөлөглөдөг Ил-62 онгоц хуучин ЗХУ-ын үеийн бүтээгдэхүүн бөгөөд олон жилийн илэгдлийн явцад эдэлгээ нь муудсан тул өөр онгоц хэрэглэхээс өөр аргагүйд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Хэрэв байдал үнэхээр ийм байх тохиодолд гуравдагч орноос онгоц түрээслэхээс өөр аргагүй болох нь ээ. Уулзалтыг хийх тов, хэлэлцэх сэдэв зэрэг том ажлууд дээрээ АНУ, БНАСАУ-ын тал тохиролцож чадсан ч гэлээ дээрх өгүүлсэн асуудлууд түүхэн уулзалт амжилттай болоход их бага хэмжээгээр нөлөөлж мэдэхээр байна гэдгийг барууны хэвлэлүүд онцолж байна. Тиймээс ойрын өдрүүдэд дээрх сэдвүүдээр нэг бус яриа хэлэлцээр болно гэдэгт сэтгүүлчид итгэлтэй байна.

Тэгвэл дэлхий нийтийн анхаарал өөрсөд рүү нь төвлөрсөн байгаа торгон агшинг  сингапурчууд овжин ашиглаад эхэлжээ, ялангуяа бизнесмэнүүд. Тухайлбал, хоол ундааны бизнес эрхлэгчид Трамп, Ким хэмээн нэрлэсэн янз бүрийн хоол, коктейль, колаг борлуулж байгаа бол сувенир үйлдвэрлэгчид медальон гаргаад эхэлжээ. Тэр дундаа, нэг бүрийн нь үнэ 1000 доллароор үнэлэгдсэн медальоныг цуглуулагчдад зориулсан  гаргасан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай