Цаг нөхцөөсөн чуулган үүргээ гүйцэтгэж чадах уу

 УИХ-ын хаврын чуулганы бүрэн эрхийн хугацааны гуравны хоёр нь өнгөрчээ. УИХ-ын тухай хуулийн 15.1-т “УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нээс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-наас мөн оны долдугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж, хаана” хэмээн заасан. Үүнийг баримталбал чуулган долдугаар сарын 2-нд завсарлах нь. Дээрх хуулийн 15.4-т “Энэ хуулийн 15.1-т заасан чуулганы хугацааг шаардлагатай бол УИХ-ын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай захирамж гаргана” гэсэн заалтыг ашигласан ч хаврын чуулган наадмын өмнө завсарладаг нь нэгэнт тогтсон жишиг билээ. Үлдсэн нэг сарын хугацаанд УИХ төлөвлөсөн ажлаа амжуулж чадах уу.

ЮУ АМЖУУЛАВ

Байнгын ажиллагаатай, хууль тогтоох дээд байгууллага хэмээн сайрхдаг УИХ энэ хаврын чуулганы бүрэн эрхийн хугацааны гуравны хоёрт ямар хууль, тогтоомж хэлэлцэн баталж, юу амжуулсныг багцлахаар албан ёсны цахим хуудас руу нь өнгийв. Өнгөц харахад өдөр бүр хуваарийн дагуу хуралдаж, олон асуудал хэлэлцэн, их л завгүй ажиллажээ гэмээр. Жаахан ахиулж бодоод, гарсан үр дүнг нь сонирхвол тийм ч шагшиж магтаад байхаар зүйл алга шиг. Гарсан мэдээллүүдийн дийлэнх нь ойр зуурын хэлэлцүүлэг, энд тэндхийн зөвлөх, туслах, түр хамаарагч гэх мэт “жин багатай” зочдын уулзалтын тухай юм. Чуулганаар хэлэлцэж, баталсан хууль, тогтоомжууд ч нэг л даац муутай, хатуухан хэлэхэд цаг нөхцөөсөн шинжтэй.

Нэг жишээ дурдъя. Хаврын чуулган эхэлснээс хойших хоёр сарын хугацааны талд нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хуулийн мухардалд орлоо, үүнийг мухардлаас гаргана хэмээн сүржин эхэлсэн болохоор уг төсөл олон нийтийн анхаарлыг багагүй татсан. Гэтэл хуулийн өөрчлөлтийг хаваржин хэлэлцэж батлахдаа өмнө нь хоёр ч удаа ҮХЦ-д очиж, хүчингүй болсон заалтыг дахиад агуулгаар нь сэргээчихэв.

Тодруулбал, “Гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг ҮХЦ 2011 оны аравдугаар сарын 21-нд дунд суудлын, 2012 оны хоёрдугаар сарын 15-нд их суудлын хуралдаанаараа гаргаж байж. Тухайн үед УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Үндсэн хуультай зөрчилдсөний улмаас хүчингүй болсон заалтыг өөрчлөхдөө “Гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь”, “гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж” гэснийг “хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” хэмээн үгийг нь сольж, агуулгыг нь өөрчлөлгүй баталсан байна.

Энэ талаар нэр бүхий иргэд дахин мэдээлэл гаргаж, Цэц иргэдийн мэдээллийг их суудлын хуралдаанаараа хэлэлцээд “ҮХЦ-ийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон УИХ-ын тухай хуулийн заалтыг агуулгаар нь төдийгүй үгийн утгын хувьд илүү явцууруулан дахин сэргээсэн, ингэснээрээ УИХ өөрөө Үндсэн хуулийн “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна” хэмээн үзэж, дээрх заалтыг хүчингүй болгох шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан билээ. Гэтэл энэ удаа УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дээрх заалтыг агуулгаар нь сэргээхээс илүү зүйл хийж чадсангүй.

Хаврын чуулганаар УИХ-ын зүгээс санаачилан боловсруулж, батлуулсан хуруу дарам цөөн хуулийн нэг нь энэ юм. Үүнээс гадна “хар жагсаалт”-д орохгүйн тулд хийсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэтийн ганц нэг хуулийн өөрчлөлт бий ч тэдгээр нь амьдралд төдийлөн хэрэглэгдэж, иргэдийн анхаарлыг татаад байхааргүй. Эдгээрээс гадна Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хоёр хэсэг байгуулсан гэсхийгээд УИХ-ын хаврын чуулганаар амжуулсан ажил дуусах тийшээ хандаж байна.

Засгийн газраас өргөн барьсан Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг өөрчилж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгох, Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгох, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай зэрэг салгаж нийлүүлж, эргэж буцсан асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэснийг дурдахгүй байж болохгүй. Өнгөрсөн хоёр сарын хугацааг иймэрхүү л ажил хийж өнгөрөөжээ.

ЮУГ АМЖУУЛСАНГҮЙ ВЭ

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулсан. Олон нийтийн анхаарлын төвд байгаа дээрх хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэх нь гэсэн хүлээлт ч нийгэмд үүсээд байв. Гэтэл Монгол Улсын хууль эрх зүйн орчинд дорвитой өөрчлөлт болох учиртай, энэ парламентаас хүлээж буй томоохон шинэчлэл болох эдгээр хуулийг хэлэлцэх нь бүү хэл төслийг нь өргөн барих ч сураг алга. Төсөл боловсруулж, өргөн барих үүрэг хүлээсэн ажлын хэсгүүд ч таг чиг боллоо.

Уг нь аливаа асуудлыг хэлэлцэхэд зөв байсан ч зөрж, сөрж “хэвтээд” байх хүчтэй цөөнхгүй, нэг нам дангаараа шахам УИХ-ыг бүрдүүлж буй ийм үед ямар ч хуулийг баталъя хэмээн хөдөлбөл тэдэнд саад болох хүч үгүй. Энэ нь нэг талаараа эрх баригчид хяналтгүй, дураараа авирлах сул талыг бий болгож буй ч нөгөө талаас нь харвал шийдэж чаддаггүй асуудлуудаа нэг талд нь гаргах боломж билээ. Харин өнөөгийн үнэмлэхүй олонход зүтгэл, зориг дутаад байх шиг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил овоо эрчимтэй явсан ч сүүлийн үед хий нь гарсан гүзээ шиг болов. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ч дутахгүй олон парламент дамжиж яригдсан, гарцаагүй шинэчлэхээс аргагүй гэдгийг нь дээр, дооргүй хүлээн зөвшөөрдөг Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг ч “амь орохгүй” л байна. Сонгуулийн ерөнхий хорооныхон санал гаргаж, бараг төслийг нь бэлэн болгоод өгсөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулах асуудал ч усанд хаясан чулуу шиг сураг алдарлаа.

Үлдсэн ганц сарын хугацаанд эдгээр том хуулийг хэлэлцэж батална гэдэг нь үлгэр. Ингэж байтал энэ парламентын бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь өнгөрөх нь. Зун амарч, зугаалаад намар ажлаа жигдрүүлэх гэж “бойтоглож” байтал төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх хугацаа тулна. Хуулиар заасан хугацаатай эдгээр асуудалтайгаа ноцолдож байтал он гарна. Сонгуулийн өмнөх жил ийм том хуулиудыг хэлэлцэж суухтай манатай, хот хөдөөгүй улстөржөөд, сонгуулийн халуундаа дэмийрээд эхэлнэ. Энэ бол тааж ядах юмгүй зүй тогтол билээ. Бүрэн эрхийнхээ хугацааны эхний хоёр жилийг өнгөрүүлсэн шигээ алгуурласаар байвал энэ удаагийн парламент Монгол Улсын хууль эрх зүйн шинэчлэлд оруулсан хувь нэмэргүй үлдэхэд ойрхон байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай