Амлалт өгөлгүй амжилтад хүрсэн Хятадын лидер Ши Жин Пинь

Энэ жилийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий 75 эрхмийн жагсаалтыг БНХАУ-ын дарга Ши Жин Пинь тэргүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путин удаалсан. Хоёр хөрш орон маань дэлхийн эдийн засагт голлох нөлөө үзүүлж, удирдагчид нь удаа дараа шилдгээ баталсаар байна. Гэхдээ тэд хэлэхээсээ хийх нь их. Тэр дундаа Ши Жин Пиний амьдрал, гаргасан шийдвэр олонд ил тод бус байдаг. Өдгөө 65 настай тэрээр ард түмэндээ амлалт өгдөггүй гэдгээрээ зартай. Гэсэн хэдий ч түүнийг  тосгоноосоо явахад нутгийн иргэд гаргаж өгөхөөр галт тэрэгний зогсоол хүртэл 30 км алхаж байсан гэдэг. Амлалт сонссоор залхсан ард түмэндээ Ши Жин Пиний намтрыг танилцуулж байна. 

Бага нас
Ши Жин Пинь нь 1953 онд Шэнси мужийн Фупин хошуунд төржээ. Тухайн үеийн төрийн тэргүүн Мао Зедунь түүний  эцэг Ши Зон Шунд тун их итгэл хүлээлгэдэг байсан гэдэг. Эцгийгээ төрийн нарийн бичгийн дэд дарга байх хугацаанд хугацаанд Ши Жин Пинь Хятадын бусад удирдагчдын хүүхдүүдийн хамт агийн хороололд өсч байв. Гэсэн ч баян тансаг амьдрал удаан үргэлжилсэнгүй түүний эцэг хэдэн жилийн дараа  Маогийн зарлигийн дагуу албан тушаалаасаа огцорч, хөдөө нутагт хүүтэйгээ хамт цөлөгджээ. Хятад хэл судлаач, орчуулагч Д.Болдбаатар гуайн үзэж буйгаар түүний цөлөгдсөн явдал тус улсын ирээдүйн удирдагчаа бэлтгэх нарийн бодлого байж болох юм.  Тэдэнтэй хамт цөлөгдсөн 30 000  хүн сандарч үймэлдэж байхад Ши Жин Пинь л инээж байсан гэдэг.  Тэрээр Хятадын хамгийн л хүнд хэцүү нөхцөлтэй цөлд очсон. 

Цөлд учирсан гурван даваа

Өндрөөс уруудсан түүнд эхэндээ амар байгаагүй ч энд чинь л жинхэнэ амьдралын сургууль байна гэж хожим ойлгосон гэдэг. 

Цөлд амьдрахдаа тэрээр гурван том даваа давсан.

Нэгт нохойн бөөсний даваа

Хоёрдугаарт хоол ундгүй байхын даваа

Гуравдугаар түлшгүйн даваа

Тухайн үед сард 20 кг түүхий амуу өгдөг байжээ. Түүнийгээ чанаж идэх түлээ байхгүй. Элсэн цөл шахуу газар өвс зулгааж галладаг болохоор амуу нь дандаа түүхий болно. Хүнд бэрх амьдрал, хоол ундгүй нөхцлөөс шантарсан нутгийн залуус шилжин суурьшихын түүс болж удлаа гэхэд гурван жил болоод л цэрэгт явчихдаг байсан гэнэ. Гэтэл тэр тэндээ долоон жил амьдарчээ. Магадгүй түүний дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн болох гол хүчин зүйл нь тэнд байсан долоон жилийн хугацаанд суусан амьдралын ухаан байж болох юм.  Хожим Хятадын хамгийн том сургуульд сураад төгсөхдөө яам тамгын газар ажиллах боломжтой байсан ч тосгондоо очжээ.  

 Улс төрийн гараа 

1969-1975 он буюу Соёлын хувьсгалын жилүүдэд хөдөлмөрлөсөөр  тосгоны дарга болсон байна. 1976 онд Мао Зедунь нас барж, Ши Жинпиний эцэг өндөр хэргэмдээ буцан очжээ. Эцэг Ши Гуандон мужийн намын нарийн бичгийн дарга болж, Хятадын эдийн засгийн ач холбогдол бүхий анхны бүсийг удирдаж байв. 1979 онд Цингуа их сургуулийг химийн инженерчлэл мэргэжлээр төгссөн Ши Жинпин эцгийнхээ зэвсэгт нөхөр Гень Биаогийн хувийн туслах болж цэргийн албанд идэвхитэй хүчин зүтгэх болов. 1982 онд түүний эцэг Коммунист намын гол хүчин болох Улс төрийн хорооны нарийн бичгийн дарга болж, Ши Жин Пин Хэбэй аймгийн намын нарийн бичгийн дэд даргад томилогджээ. 

Албан тушаалийн дагуу Ши Жин Пинь 1985 онд АНУ-д болсон уулзалтад хөдөө аж ахуйн төлөөлөгчөөр оролцож, ихээхэн туршлагатай иржээ. Бас нэгэн “Ши Жин Пиний намтар” хэмээх номын зохиогч Пи Хо АНУ-д томилолтоор явсан нь түүнд ихээхэн нөлөөлсөн гэж бичжээ. Зохигч “Наанаа бол Ши Жинпин үндэсний үзэлтэн, харин сэтгэл судлалын үүднээс тэрээр барууны орнууд ялангуяа АНУ-тай сайн харилцаатай болохыг эрмэлзэх болсон” гэжээ. Мөн зохиогч түүний охин Ши Минже Харвардын их сургуульд хуурамч нэрээр сурч байсныг, Ши Жин Пин дэд дарга болсныхоо дараа АНУ-ын олон удирдлагтай уулзсаныг дурдсан байдаг. Ши Жинпин эдийн засгийн нөлөөтэй бүсүүд болох Фужиан, Зежиань, Шанхайг удирдаж байхдаа хувийн өмчийг баяжуулах, гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжиж Хятадын санхүүгийн системд ардчиллыг авчирсан хэмээн судлаач Чень Ли өгүүлсэн байна. 

Хийсэн хамгийн далайцтай үйлдэл: Авлигачдыг дарсан нь

2007 онд Шанхайн намын хорооны ларга Чэн Лянтюй авилгын хэргээр баривчлагдахад зургаан сарын турш энэ хотын намын даргаар ажиллав. Харин Шанхайн намын хорооны даргын ажлыг хийж байсан хүн БНХАУ-ын тэргүүлэгч болдог бичигдээгүй хууль үйлчилдэг. Ши Жин Пинийг Хятадын тэргүүлэгч болох үед алгуурлалгүй шийдэх шаардлагатай олон асуудал хуримтлагдсан байв. Нэн тэргүүнд авлигаас болж Хятадын коммунист намын нэр хүнд ард олны дунд ихээхэн унасан явдал. Иймд нэн тэргүүнд намын эгнээг авлигачдаас цэвэрлэх кампанит ажил эхлүүлсэн юм. Хятадын коммунист намыг ирээдүйд удирдаж магадгүй гэгдэж байсан Бо Силай, Гуанжу хотын намын дарга Вань Цинлян, Нийгмийн аюулгүй байдлын сайд асан Чоу Юнкан, Чунчин мужийн дарга Ван Лижүн, Хятадын Төмөр замын яамны Лю Чижүн гээд олон арван өндөр албан тушаалтнуудыг авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган шүүж цаазар авах, бүх насаар нь хорих гэх мэт хүнд ялаар шийтгэв. Хууль бусаар олсон мөнгөө гадаадад амьдардаг хүүхэд, хамаатнуудын нэр дээр шилжүүлэх замаар хариуцлагаас мултарч байсан намын 1000 гаруй гишүүнд арга хэмжээ авч албан тушаалаас нь буулган бусдыг нь гадаадад байгаа төрөл саднаа нэн даруй Хятад руу эргүүлэн татахыг шаарджээ. 

Түүний бодлого

 Дэлхий дахин “Америк мөрөөдөл” л гэж мэддэг байсан бол тэрээр түүхэнд анх удаа “Хятад мөрөөдөл” гэсэн ойлголт гаргаж ирэв.  Манай урд хөршийн мөрөөдөл нь хувь хүн гэхээс илүүтэйгээр улс, үндэстнийг бүхэлд хамарсан шинжтэй. 
Ши Жинпин “Хятад мөрөөдөл” гэдгийг товчхондоо  Хятадыг баян, хүчирхэг гүрэн болгох, хятад үндэстнийг эрчимтэй хөгжүүлэх, ард түмнийг элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэж тодорхойлсон байна. Үүний тулд гурван шаардлага хэрэгтэй гэнэ.

Нэгд, өөрийн гэсэн Хятадын онцлогтой замаар хөгжих ёстой.

Хоёрт, мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх оронч үзэл, өөрчлөн шинэчлэлт, инноваци дээр тулгуурласан Хятад маягийн сэтгэлгээ, онцлогийг хөгжүүлэх хэрэгтэй. 

Гуравт, Хятадын бүх хүчийг нэгтгэх ёстой.

Ийнхүү тэрээр Хятад мөрөөдлийг дэлхий дахинд тунхаглаж хамгийн хүчирхэг удирдагч гэдгээ харуулсан юм. Өнөөдөр дэлхийн ихэнх орны иргэд MADE IN CHINE гэсэн бичигтэй бүтээгдэхүүнийг хэрэглэсээр л байна...  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай