Сайхан ААВЫН сайн ОХИН

С.Саянцэцэг багш олон шавьтай. Одоо Консерватори болсон, хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн бага, дунд, ахлах ангийн сурагчид, СУИС-ийн магистрын сургалтын гадаад оюутан, мөн хувийн сургалтад нь хамрагддаг, төгөлдөр хуурч болох замыг сонгосон олон хүүхэд, залуус түүний эрдмээс суралцаж байна.

Багш хөгжмийн сургалтын орчин үеийн чиг хандлагаар гэх үү, шавь нараа “хувийн”, “хувьсгалын” гэж ялгадаггүй. Хуучны ЗХУ болон Монголд л хөгжмийн сургалтад мэргэжлийн, сонирхогч гэж ялгавартай хандаж ирснийг тэрбээр буруушаадаг. Хөгжим л бол хөгжим, сурах л бол сурах гэсэн ойлголт байдаг болохоос биш, улсын эсвэл хувийн мэргэжлийн сургуульд сурдаг нь хөгжим сайн тоглодог болдог, харин хувиараа сурдаг нь чаддаггүй гэвэл өрөөсгөл ойлголт болох аж. Саяа багш сонгодог хөгжмийн өлгий Европт мөрдлөг болсон уг зарчмаар аль ч сургуулийн шавь нартаа адилхан хандаж, шаардлага жигд тавьж ажилладаг юм билээ.

Залхуурч, шантарвал хэн ч хөгжим тоглож сурахгүй. Авьяастай болоод хичээл, зүтгэл сайтай нь хаана сурахаас үл хамаараад сайн хөгжимчин болж чадна гэж үздэг. Гэхдээ багш “Хөгжимд ам гардаггүй. Насан турш суралцдаг мэргэжил. Тоглох тусам шинэ юм олж мэддэг. Тоглоод үнэхээр хөгжим сонсгож чадаж байгаа бол тэр хөгжимчин. Түүнээс биш хуруунууд нь хар, цагаан даралт дээгүүр чөлөөтэй, гоё гүйж байгаа болгон хөгжимчин байдаггүй.

Хөгжмийг хүн гэж ойлгох юм бол тэр амьтай, сэтгэлтэй, бүлээн дулаан, заримдаа уйтгар, гунигтай, тэр ч бүү хэл чимээгүй уйлах нь ч бий. Сонсогчдод энэ бүхнийг мэдрүүлж байвал тэр хөгжимчин. Өөрөөр хэлбэл, хөгжмийг хүний хэлээр яриулж, сэтгэхүйгээр сэтгүүлж буй мэт тоглож чадаж байх аваас түүнийг хөгжимчин гэж үздэг” хэмээн ярьж байна. Сурагчдыг олон жилийн хөдөлмөрийн дүнд ийм уран бүтээлч болгох нь зорьсондоо хүрдэг багшийн ажил биз ээ.

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь, Консерваторийн дэргэдэх Хөгжим бүжгийн коллежийн оюутан Мэргэншагайн тоглолт өнгөрсөн сарын дундуур Улсын филармонид болсон юм. Түүнээс тав хоногийн дараа багш, шавь хоёр Москвад очсон байв. Шавиа ОХУ-д алдартай Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид шалгуулахад тэнцэж хоёулаа бөөн баяр болжээ. Коллеж төгстөл нь багшиллаа, цаашид яаж явах нь оюутны, эцэг эхийнх нь хэрэг гээд орхиж болох ч Саяа багшид тийм хүнийрхүү зан үгүй ажээ.

“Шавь минь Хөгжмийн академид элсэх боллоо. Орос хэл мэдэхгүй учраас бэлтгэл курст орох нь. Төгөлдөр хуураараа бол тэнцлээ. Багш нь ОХУ-ын Гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч, профессор Юрий Богданов юм байна” хэмээн бичсэн байв. Ингэж бичиж байхад нь багшийн нүдэнд баярын нулимс цэлэлзэж байсан ч байж магад.

С.Саянцэцэг багш сүүлийн жилүүдэд эх орондоо ажилласан зургаан жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг зах зухаас нь үзэж эхлээд буй юм. Консерваторийн дэргэдэх Хөгжим бүжгийн коллежийн сурагчид нь сургуулиас зарласан уралдаанд байнга тэргүүн болон дэд байр эзэлж байна. Гуравдугаар ангийн сурагч, өмнө нь Испани улсад хоёр ч удаа олон улсын хөгжмийн наадамд тоглож, олон орны хөгжимчдийн хайрыг татсан найман настай шавь О.Нандин нь энэ оны нэгдүгээр сард Москвад болсон суут С.Рахманиновын нэрэмжит олон улсын уралдаанд насныхаа ангилалд гуравдугаар байр эзэлсэн юм.

Хамт очсон хүүхдүүдээс зургаан настай охин Амин-Эрдэнэ тусгай байрын шагналтан болсон. Дэлхийн хөгжимд үнэлж баршгүй байр суурьтай С.Рахманиновын нэрэмжит уралдаан гэдэг бол өөрөө чансаа, нэр хүнд билээ. Саяа багш чемоданы булан ч өргөж дийлэхгүй хэдэн “маамуу” дагуулан олон улсын уралдаанд оролцуулна гээд онгоцны буудал руу гарахыг харахад хөгжим, урлаг, шавь нарынхаа хөгжлийн төлөө ингэж явах хүн тийм олон бил үү гэж бодогдож байв.

Төгөлдөр хуурч, багш С.Саянцэцэгийн аав нь хөгжмийн нэртэй зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсан гэдгийг манай уншигчдын зарим нь мэдэх байх. Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг 1992 онд төгссөнөөс хойш Испани улсад суурьшин амьдарсан түүнд аав нь бодлоо хэлжээ. “Миний охин Монголдоо ирж хүүхдүүдэд хичээл зааж, гарын шавь төрүүлэх ёстой шүү” гэж л дээ.

Ингэж хэлж байсан аав нь гэнэтхэн өвдөөд тэнгэрт хальчих юм гэж төсөөлж ч байгаагүй охин нь тухайн үед өөрийнхөөрөө зүтгэсэн. “Би Испанид төгөлдөр хуурчдын уралдаан, хөгжмийн их наадмыг монголчууд маань өргөнөөр оролцоосой гэсэн хүслээр зохион байгуулдаг болсон. Олон ч багш, оюутан, сурагч очиж оролцдог. Хүүхдүүдийн нүд нээгддэг гэж багш нар ярьдаг юм. Ингэж хэлэхэд нь урамшдаг, уралдаан, наадам санаачилсан минь зөв болжээ гэж ойлгодог. Үүгээрээ өөрийгөө Монголынхоо сонгодог хөгжмийн хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж бодон сэтгэл өег амьдардаг. Таны хэлж байгаа зөв. Би эх орондоо ирж багшилж сайхан шавь нар төрүүлэх бодол үргэлж тээж явдаг. Гэхдээ арай болоогүй” гэж хэлж байжээ.

Саяа багшийн сайхан аав өдгөө бурхны оронд буй. Охин аавыгаа өөд болоход ээждээ хань болж амьдрахаар гэр бүлийн хүний хамт Монголдоо ирсэн. Өдгөө багшаар ажиллаж эхэлснээс хойш зургаа дахь хичээлийн жилээ үдэж байна. Аав, ээжийнхээ итгэж найдаж байснаар төгөлдөр хуурч болж, тэднийхээ цээж тэнэгэр амьдралын нэгээхэн шалтгаан нь болон амьдарч ирсэндээ С.Саянцэцэг сэтгэл дүүрэн байдаг. Хөгжмийн зохиолч аавынх нь хүсэл, зорилго Монголын хөгжим, тэр дундаа сонгодог хөгжим. Нарийвчилбал төгөлдөр буюу төгөлдөржсөн хуур хөгжим дэх монгол хөгжим байсан. Харин тэрхүү монгол хөгжмийг Монголоо төлөөлөн дэлхийн улс орнуудын нэр хүндтэй тайзнаа эгшиглүүлж, мэргэжлийн ур чадвараа харуулан тоглосоор яваа төгөлдөр хуурч С.Саянцэцэг хөгжимдөх урлагт яг л багш нар шигээ хатуу чанга ханддаг. Бас багш нарынхаа адил бурууг өршөөдөггүй сурган хүмүүжүүлэгч.

Түүний багш нарын тухай хэлэхийн өмнө бяцхан Саяа хэрхэн хөгжмийн сургуулийн сурагч болсон түүхээс сонирхуулъя.

Саяа цэцэрлэгт байхын төгөлдөр хуураар аав, шигээ гоё тоглохыг хүсдэг байв. Тэгээд ч аав ээж нь охиноо Хөгжим бүжгийн сургуульд оруулна гэж төлөвлөсөн байжээ. Гэтэл охиныг “Төгөлдөр хуураар тоглож байгаа юм байна, гэхдээ тэнцээгүй” гээд гаргасан байлаа. Тэгэхэд нь гайхсан ээж нь ааваас нь далдуур дагуулан Ардын жүжигчин С.Гончигсумлаа багшид шалгуулж гэнэ. Гончигоо багш цагаан толгойгоо илэнгээ “Ийм хүүхдийг яагаад авдаггүй юм бэ” гээд сургуулийн захиргаанд бичиг хийж явуулжээ.

Саяа ингэж дахин шалгуулж байж Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангийн сурагч болсон түүхтэй. Анхны багш нь Лепшан гэдэг эстони эмэгтэй. Тухайн үед ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар нутаг буцахад охин сургуулийнхаа залуу багш нарын нэг Тувааны Цолмонгийн шавь болов. Удалгүй багш, шавь хоёр хоёулаа тоглодог болсон байна. Тоглодог гэж товойлгох нь учиртай. Хөгжмийн мэргэжлийн багш нар хичээлээ л заахаас тэр бүр тайзан дээр тоглодог нь ховор. Харин Т.Цолмон үргэлж бэлтгэл сургуулилалт хийж, шинэ шинэ бүтээл тоглосоор ирсэн бүтээлч багш юм. Тийм болохоор нь ч төр Ардын жүжигчин цол хүртээгээ биз ээ.

С.Саянцэцэг 1-8 дугаар ангидаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн шилдэг сурагчдын нэг байсан бөгөөд сургуулиас зохион байгуулж байсан бүх л концерт, уралдаан, сургуулийн тайлан концертуудад тоглож байлаа. 1976 онд МАХН-ын XVII их хурал, Монголын пионерийн байгууллагын дээд чуулганы хүндэтгэлийн концертод тоглосон. ХБДС-ийн оюутан, сурагчдын дунд зохион байгуулсан “И.С.Бахын зохиолыг хэн сайн тоглох вэ” уралдаанд тэргүүн байр эзэлж аав, ээжээ баярлуулжээ.

Зургадугаар ангид байхдаа Монгол, Зөвлөлтийн уран бүтээлчид хамтран Улсын дуурь бүжгийн театрт тоглосон Төрийн хүндэтгэлийн концертод С.Рахманиновын Музыкальный момент 4 (ми минор)-ийг тоглов. Дараа жил нь анх удаа гадаадад тоглож үзлээ. Болгар улсын Софи хотод болсон Дэлхийн хүүхдийн урлагийн их наадамд Монгол Улсаа төлөөлж оролцон Ф.Листийн концертын этюд тоглож, дуучин хүү С.Алтан-Уяагийн концертмейстерээр ажиллажээ. Энэ бүхэн түүний тайзан дээрх амьдралын эхлэл байв.

П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулиа төгсөж, Испани улсад амьдрах болсноор тэрбээр 1992 оноос Испани болон Европт тоглож эхэлсэн. Яван явсаар Хойд, Өмнөд Америк, Ази тивийн улс орнуудын театр, танхимуудад ч хүрч очив. Испани дахь анхны том концерт нь Мадридад 1994 онд болжээ. Тус улсад ийнхүү Монголын төгөлдөр хуурч анхлан тоглолоо. Үүний дараа “Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглож өгнө үү” гэсэн урилга нэгэн менежерээс хүлээж авснаар Мерида зэрэг хотод П.И.Чайковский болон С.Рахманинов нарын зохиол бүтээлүүдээс тоглон урам зориг оржээ.

Ингээд тоглоод байж болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй ч болов. Цаашид олон олон хөгжмийн зохиолчийн бүтээлээс тоглох хэтийн зорилго тавьж, төлөвлөгөө гаргасан аж. Нэг удаагийнх нь концертын үеэр 600 хүний суудалтай том танхим, гоё тайзнаа монгол хүн тоглох гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байжээ. Үзэгчид багтахгүй болохоор танхимын арын өрөөнд хүмүүсийг суулгаад том дэлгэцээр сонсгож байсан гэдэг. Тэр үеэс бие дааж ажиллах, чөлөөт уран бүтээлч байхын амтыг мэдэрч эхэлсэн юм билээ.

С.Саянцэцэг, түүний нөхөр Ричард нар Мадридад суурьшсанаар испани, франц хөгжмийн мэргэжил дээшлүүлэх хоёр жилийн курст Испанийн нэртэй төгөлдөр хуурч Гиермо Гонсалесын удирдлага дор 1994-1995 оны турш суралцан төгсчээ. Энэ багш Саяаг урьж үнэ төлбөргүй сургаснаар Испани, Францын төгөлдөр хуурын тоглолтын түүхтэй танилцах ховорхон боломж олдсон нь тэр байлаа. Багш нь өөрөө франц, нарийвчлан тодруулбал парис шкоолтой байсан нь Саяагийн сонирхлыг маш их татаж, багшлах арга барилын хувьд ч гэсэн дэвшил авчирчээ. С.Саянцэцэг нэг бус удаа “Энэ том мэргэжилтэнтэй учрах ерөөлтэй байжээ” гэж өөрөө өөртөө хэлж байсан аж.

Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн Испани дахь амьдрал, уран бүтээл санаснаар, үр өгөөжтэй байсныг тэрбээр “П.И.Чайковскийн” дунд, дээд сургуульд амжилттай суралцсантай холбон үзэж болно. Тэрбээр П.И.Чайковскийн Консерваторийг “Цэвэр тав” дүнтэй төгссөн. Энэ амжилт бол түүний эрхэм хүндэт багш нар, тэдний дундаас онцолж дурдах дээд сургуулийнх нь багш М.Фёдоровагийн нөлөө. Энэ багш олон чиглэлээр анхдагч, сонгодог урлагт танигдсан эмэгтэй.

ЗХУ-ын анхны эмэгтэй клавесинист, ноотноос харж цээжлэх чадвараар алдартай. И.С.Бахын бүх зохиолыг тоглодог, Скрябинч төгөлдөр хуурч ажээ. Д.Шостаковичийн II концертын анхлан тоглогч, Ф.Шопен, Шимановский нарын уран бүтээлийн бүх төрлийг тоглосон багш. Ер нь тэрбээр нийт 1000 зохиол тоглосон гэж хөгжим судлалд бичигдсэн алдартан. Москвагийн уугуул, “ясны” хөгжимчин энэ багш нь хоёр жилийн өмнө өөд болохдоо орон сууцаа шавь нартаа гэрээсэлж үлдээсэн юм билээ. Өдгөө түүний орон орны шавь нар багшийндаа болзож, уран бүтээлийн тухай ярьж, орон гүрэн дамжиж явахдаа бууж, мордож байдаг болжээ.

С.Саянцэцэг өдгөө “Багшийнхаа эрдмийг өөрийн болгоё гэвэл багшийнхаа дотор ор. Багшийнх нь амжилтын нууц хаана байна гэдгийг мэдсэн бол сайн тоглооч болдог” хэмээн туулсан амьдрал, олж авсан туршлагадаа тулгуурлан шавь нартаа сургаж сууна. Хөгжмийн нэрт зохиолч Ч.Сангидорж агсан бол Баянхонгор аймгийн Богд сумын уугуул. Тэр нутагт эрчүүд болгон Санги нэртэй гэсэн явган яриа ч байдаг. Тийм ч болохоор Богдынхон аатай, омогтой уран бүтээлчээ дуудахад амар гэж тэр юм болов уу, Санги л гэдэг байв.

Нутаг нугадаа төдийгүй Монгол даяар алдар нь түгсэн хөгжмийн зохиолч Ч.Сангидорж буюу Сангийн охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэг алсын хараатай аавынхаа захиасыг мянгантаа биелүүлж, амьдрал уран бүтээлийнх нь үргэлжлэл болон улсынхаа сонгодог урлагт хүч нэмэх хөгжимчин шавь нар олныг сурган хүмүүжүүлж явна.

Тэрбээр ухаантай, сайхан аавын сайн охин ажгуу.

С.Саянцэцэг багшийн анхны мэргэжлийн багш, Ардын жүжигчин Т.Цолмон “Манай Саянцэцэг маш дуулгавартай сайн хүүхэд. Нас нь 50 хүрсэн ч миний хувьд хүүхэд хэвээрээ шүү дээ. Багшийн хий гэсэн болгоныг өөрийн болгодог. Сайтар давтаж сэтгэл нь амрахаас нааш хоол ч бараг иддэггүй тийм хичээл зүтгэлтэй байсан. Одоо тэр чанар нь багшлах ажлаас нь харагддаг. Түүний бяцхан шавь О.Нандингийн тоглохыг бүгдээрээ сонслоо. Наймхан настай мөртлөө хөгжмийг яг том хүн шиг ойлгож тоглож байгаа биз. Хүүхэд юу юугүй тоглох гэхээс илүү тухайн хөгжмийг ойлгох нь маш чухал. Манай Саяа энэ эрдмийг шавь нартаа сайтар эзэмшүүлж байгаад би их баяртай байна” хэмээн С.Саянцэцэг багшийн шавь нарын нэгдсэн тоглолтын үеэр хэлж байлаа.

Төгөлдөр хуурч С.Саянцэцэг мөн гарамгай хөгжимчин багшийн эрдэм, арга барилыг уламжлан үргэлжлүүлэгч ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай