Даргыг хэн томилох нь тийм чухал гэж үү

 Орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагыг хэн томилох вэ гэдэг нь төвлөрлийг сааруулах түлхүүр ойлголт бололтой. Томилох эрхийг тохирох субъектэд нь олгочихвол төрийн алба хараат бус, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдэх юм гэнэ. Ингэснээр орон нутагт төрийн үйлчилгээний үр ашиг, чанар дээшилнэ гэж тооцож буй юм байх. Тиймээс нийгмийн даатгал болон халамж, мэргэжлийн хяналт, ус, цаг уур, татвар, бүртгэл, статистик, хүүхэд хамгааллын чиг үүргийг төрийн нэрийн өмнөөс орон нутагт хэрэгжүүлж буй байгууллагуудын удирдлагыг тухайн шатны Засаг дарга нь томилдог байх нь зүйтэй гэж үзсэн УИХ-ын нэр бүхий гишүүд хэдийнэ хуулийн хэд хэдэн төсөл санаачлан боловсруулаад буй аж.

Уг нь одоогоор дээд шатны байгууллагын удирдлага тэдний даргыг томилж буй. Юутай ч Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нарын долоон гишүүн эхний ээлжинд нэг бус төсөл өргөн барьчихаад буй. Тодруулбал, Нийгмийн халамжийн, Нийгмийн даатгалын болон Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөгөөнд зоочихож. Бусдыг нь ойрын үед өргөн барьж, хэлэлцүүлэх сурагтай. Гэхдээ бүртгэлийн болон мэргэжлийн хяналтын байгууллагыг холбогдох хуулиудад нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байхаар заасан тул дэмжихгүй гэдгээ Засгийн газраас илэрхийлжээ.

Үндсэндээ иргэд дээр дурдсан байгууллагуудаар л орон нутаг дахь төрийн үйлчилгээг төсөөлж, хүртдэг. Өөрөөр хэлбэл, орон нутаг дахь төрийн бүх л байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг дарга нь л томилох ёстой гэж үзэж буй юм байна, тэдгээр гишүүн. Гэвч томилох эрхийг дээд шатны байгууллагын удирдлагаас авч, Засаг даргад өгснөөр төвлөрөл саарах уу. Тэглээ гээд төрийн алба сая хараат бус, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай ажиллах уу. Төрийн үйлчилгээний үр ашиг, чанар тэр хэрээр дээшлэх үү.


...Монгол төр халаа, сэлгээний хөлд үймэхгүй. Тийм л “чанартай” хууль баталсан гэж түшээд хангалттай сурталчилсан. Төрийн албанд шатлан дэвших зарчмыг “шүтэж”, мөрдүүлэхээ амласан. Тэгэхээр үндсэндээ “дарга” томилдог даргын эрх тушаалд нь гарын үсэг зурахаас хэтрэхгүй байлтай...


Аль нэг байгууллагын даргын албанд тавигдах мэргэжлийн шалгуур гэж бий. Ажилласан жилийг нь ч харгалздаг. Тухайлбал, сая шинэчлэн баталсан (2019 оны эхний өдрөөс дагаж, мөрдөх) Төрийн албаны тухай хуульд албан тушаалын ангилал, зэрэг дэвийг нарийвчлан зааж өгсөн. Эл хуульд заасанчлан төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагаас гадна удирдах хүнд зориулсан тусгай “цэс” ч бий. Удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны зөвлөл баталж, тэр дагуу нь сонгон шалгаруулдаг.

Цаашлаад хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд тодорхой журмын дагуу нөхөхөөр тун ойлгомжтой заасан байна. Тэр тусмаа энд хөндөж буй “дарга”-ын буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох ёстой. Ингэхдээ төрийн албан хаагчдаас, эсвэл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж, томилно. Өөрөөр хэлбэл, хэнд, ямар шалгуур тавьж, “дарга”-аар томилох нь ийм л ойлгомжтой байна. Гайхалтай нь, “дарга”-ыг хэн томилох нь вэ гэдэгт манай түшээд толгой гашилгаж сууна. Хуулийн шалгуур, шаардлагыг хангаж, шалгарсан хүнийг хэн нь ч томилсон яах вэ дээ, ер нь.

Эдгээр төслийг боловсруулахад оройлон оролцож яваа гишүүн бол Д.Тогтохсүрэн. Тэрбээр Төрийн албаны тухай шинэ хуулийг батлуулахын төлөө хамгийн их идэвх чармайлт гаргасан нэгэн. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгийг нь ахалж, батлагдахад нь баярласнаа нууж чадаагүй, тэр. Эдгээр хууль нь батлагдвал тэрбээр Төрийн албаны тухай хуультай хамт буюу ирэх жилийн эхний өдрөөс мөрдүүлэх хүсэлтэй байгаа юм билээ.

Төрийн албаны тухай хуулийг батлуулах гэж гүйж явахдаа амны уншлага болтлоо хэлсэн түүний үг хийгээд эрх баригчдын амлалт биеллээ олбол 2019 оноос эхлэн манай төрийн алба туйлын тогтвортой болох нь. Монгол төр халаа, сэлгээний хөлд үймэхгүй. Тийм л “чанартай” хууль баталсан гэж түшээд хангалттай сурталчилсан. Төрийн албанд шатлан дэвших зарчмыг “шүтэж”, мөрдүүлэхээ тэд амласан. Тэгэхээр үндсэндээ “дарга” томилдог даргын эрх тушаалд нь гарын үсэг зурахаас хэтрэхгүй байлтай.

Ердөө сар гаруйнхны өмнө гишүүн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, Д.Ганболд нарын санаачилсан Боловсролын болон Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцсэн. Уг төсөлд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг нийслэл, аймгийн удирдлага бус, сум, дүүргийн Засаг дарга нь томилохоор тусгасан байсан юм.

2012 онд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хүртэл захирал, эрхлэгч нарыг тухайн сум, дүүргийн удирдлага томилдог байсан бөгөөд Засгийн газрын зүгээс уг төсөлд санал өгөхдөө “Төрийн албанд тогтворгүй байдал үүсэж болзошгүй. Захирал, эрхлэгчээр томилуулах хүнээ тухайн орон нутгаас дэвшүүлж, мэргэжлийн байгууллага нь эцсийн шийдвэр гаргах боломжтой. Орон нутгийн бие даасан байгууллагыг дэмжих уг бодлогыг тодорхой хугацааны дараа хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” хэмээн болгоомжилсон байр сууринаас хандаж буйгаа уламжилсан билээ.

Төвлөрлийг сааруулна, төрийн албыг хараат бус, мэргэшсэн, тогтвортой болгоно гэж ярьж байгаад 2006 онд яг эдгээртэй адил хэд хэдэн хууль баталсан юм. Ингэснээр орон нутагт төрийн нэрийн өмнөөс байгаль орчин, газар, архив, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг дарга нь томилдог болсон аж. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үүргээ умартсан аятай эмч, ажилтнууд нь нам намаараа талцаж, хэдэн тийшээ хараад суучихсан эмнэлэг өнөө хэр байдаг л юм билээ. Ер нь хөдөө, орон нутагт хамгийн их улстөржиж, талцаж хуваагддаг гэдэг. Тэгээд ч томилох дээрээ тулбал Засаг даргын хийх боловсон хүчний томилгоо, хүний нөөц хавьгүй явцуу, хязгаарлагдмал байх талтай.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай