Пялдагуудын эрин үе

Монголчууд бид халуун цустай улс, итали испаниуд шиг. Иймдээ ч хүчтэй хүнээр удирдуулахдаа дуртай, тийм үедээ ч нэгдэн нийлж, тодрон товойдог түүхтэй. Чухам Чингис хаан, Батмөнх даян хаан, Х.Чойбалсан зэрэг хүчирхэг улирдагчдынхаа үед бид түүхийнхээ хамгийн агуу үйл мандан бадралтад хүрч тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ. Гэтэл орчин цагийн залууст тэд ердөө л цаасан дээрх хөрөг болон үлджээ. Яагаад гэвэл Монголын агуу удирдагчдын шийрийг хатаах нөхөд төрсөнгүй. Агуу удирдагчидтай үйлдэл нэг биш юмаа гэхэд санаа нэгтэн ч мэндэлсэнгүй. 
Биш ээ, төрсөн байх л даа өөрсдийнх нь боддогоор. Гэхдээ зүгээр л ам хэлээрээ Чингисдэж, үйл хөдлөлөөрөө Батмөнхдсөн байхгүй юу. Нийгмийн захиалга, түмний хүлээлт энэ тэр гэж худлаа донгосон олныг хошгоруулахаараа нэг болсон дог. Гэвч гарч ирээд гийгүүлсэн нь НЕТ, томорч аваад гавьсан ч NO шүү дээ. Харин үлбэгэр зантай, өлбийсөн зүстэнүүдийг сортоор нь бэлдэж, оовтоор нь хүмүүжүүлж аваад хажуудахуудаа мэрүүлсэн нь туйлын үнэн. Үүний гороор омголон зан, бардам түүхтэй ард түмэн маань нийгмээрээ хүлцэнгүй дорой болж, нийтээрээ номхон бурай болж хувирсан нь бас л TRUE. Яг Манжийн дарлалын үе шиг. 

Хамгийн гол нь манж зантай эрх мэдэлтэн, дотроо санаатай том мяндагтан олшрохын хэрээр яг тийм үйлдэл, эс үйлдлийг шүтэгсэд буюу пялдага зантай, доль үйлдэлтэй улс хэдэн зуугаараа олширч Монголыг хавтгайд нь бүрхсэн бөлгөө. Эргэн тойрноо, алба нэгтнээ эргээд нэг ажихад илүүдэхгүй. Ай даа, тэдний нэг нь малийгаад зогсч байх вий. Халдвар авсан нь тэр. Ядуурал бол гамшиг. Гэхдээ бялдуучлалын дэргэд бол зүгээр л бичил проблем. 
Тэгэхээр бялдуучлагчдын олшролыг зогсоож, бялдуучлах орон зайг үтэр хумих л ганц арга үлдэж. Гэхдээ зогсооход учир бий. Үүнд ШУДАРГУУДЫН ХҮЧ хэрэгтэй. Гагцхүү, нүүрэн дээр хэлчихдэг УНАГАН шулуун зантай, зөвийг тэтгэдэг ТӨРМӨЛ шударга араншинтай, үг нь үнэн, үйлдэл нь ил улс л үүнийг хийнэ шүү дээ. Нийгмийн хүлээлт өөрөө ийм байна. Хэдэн жил хүлээж байгаа юм бүү мэд. Үүнээс өөр типийн улсыг бид сорт сортоор нь үзэхээрээ л нэг боллоо. Сайн ярьдаг нь байсан, сайхан харагддаг нь ч байлаа. Гэвч бүтэлтэй нь гэж байсангүй ээ гэж. Хуучин цагийн онигооны баатрууд Чапаев, Петка адил олны инээдэм болж, амьтны доог болсон үйлдэл, эс үйлдэхүйг л хийх шив дээ, мань “лидерүүд”.

Мөнхийн мөрөөдөл болсон төгс удирдагчаа ард түмэн хайж цөхөрлөө, хүслийн туйл болсон хүчирхэг лидерээ хүлээж гансарлаа. Төгс төгөлдөр хүнээ эрж байхдаа Арабын нефтийн уурхайг ухаж, Америкийн эрдэнэсийн санг ямар тонолтой биш. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Хүлээхээс өөр зам байна уу?

  
Хэдэн арван жилийн турш борц болтолоо хатаж гансарчихаад дахиад хүлээнэ гэдэг хэцүү л байна, монголчуудад. Цаг товлосон хүнээ хүлээхэд л ямар хүнд байдаг билээ. Энгийн нөхцөлийн хүлээлт ийм байхад Эрин цагийг эзэгнэж, Энгүй их өөрчлөлтийг хийх чадалтай хөвүүд төрөхийг хүлээх нь 100 жил мэт удаан ажаамой. Энэ хооронд, арчаатай гадны улсууд хэдэн арван Рузвельт, Черчиллүүдийг өлгийдсэн байх буй за. Харин тэр зуур, Пэт, Мэтээс дор нөхөд Монголд мэндэлсэн байх нь биз. Пэт, Мэт хоёр бүтэлгүй л болохоос бүтээе гэсэн тэмүүлэл, туслая гэх сэтгэлтэй нөхөд юм шүү!  

Хүлээлт ужиграх тусам нийгэм улам л хүлцэнгүй дорой болоод байдаг аж, яг Манжийн үеийнх шиг. Тэгэхэд бид бусдын дарлал дор байлаа. Мөн Манжид бялдуучилсан пялдагуудын мөлжлөгт давхар байсан. Гэтэл одоо ТУСГААР ТОГТНОСОН УЛС. Ялгааг олно уу?

За за, байхгүй удирдагчдын тухай бичиж дэмийрч байхаар "Монголын нууц товчоо"-гоо 1206 дахь удаагаа уншъя даа. Агуу Чингис хааныхаа түүхээрээ бахархаж л тайтгаръя, бусдын адил. Тэр үед пялдагадалт л лав байгаагүй юм билээ!

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

Илгээх

Энэ тухай