Э.Дөлгөөн: Монголд сайхан ажиллаж, амьдрах бүхий л боломж бий гэж боддог

Монголчууддаа гадаадад ажиллаж амьдардаг элэг нэгтнүүдийнхээ мэдээллээр хангадаг “Positive Mongolians” онлайн төслийн санаачлагч Э.Дөлгөөнийг ярилцлагынхаа буланд урилаа. Тэрбээр төслийнхээ хүрээнд Дэлхийгээр тархсан Монголчууд, "Tuvshuu Dulguun vlog", Онлайн Зөвлөмж, Хосын жор зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. 

ЗЭМЛЭЛ, МАГТААЛ ХОЁРЫГ ЗЭРЭГ ДААЖ ЯВСАН ДАА

-Юуны өмнө урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Яг одоо Шведэд хэдэн цаг болж байна вэ. Ихэвчлэн энэ цагаар монголд байгаа гэрийнхэнтэйгээ харьцдаг уу?

-Одоо өглөөний 10 цаг болж байна. Цагийн зөрүү их болохоор энэ үеэр л гэрийнхэн, найз нөхөдтэйгөө холбоо тогтоох юм даа.

-Удахгүй хуримаа хийх гэж байгаа юм билээ. Хуримын бэлтгэл ажил тань хэр хангагдаж байна вэ. Монголд хийх үү?

-Нэг сарын дараа бид хоёр амралтаараа нутаг буцна. Тэр үед хуримаа хийх төлөвлөгөөтэй байна.

-Түвшөө та хоёрын “PositiveMongolians” гээд влогийг мэдэхгүй хүн ховор. Влогоо хэзээнээс ажиллуулж эхлэв. Анх санаагаа яаж олсон бэ?

-2016 оны нэгдүгээр сараас “Positivemongolians” гэдэг нэрийг өөрсдөдөө өгч байсан. Анх их л сүртэй эхэлж байсан юмдаг. 30 гаруй хүнээс ярилцлага авч, Шведэд байгаа монголчуудынхаа дунд гурван цуврал нэвтрүүлэг хийж байсан юм. Ер нь хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой явж буй мундаг ах эгч нараасаа юм суръя, түүнийгээ аль болох олон хүнд хүргэх зорилготой. Анх зөвхөн Шведэд байгаа монголчуудынхаа хүрээнд хийж байсан бол өөр бусад улс оронд амьдарч байгаа хүмүүсээс хүсэлт ирдэг болсон. Тэгээд судлаад үзэхээр дэлхийд монголчуудынхаа нэрийг гаргаж байгаа маш олон хүн байдаг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр гардаггүй, монголчууд огт мэддэггүй юм байна гэдгийг мэдэж авсан. Иймд тэдгээр хүний гаргасан цус, нулимс, хөлсийг монголчууддаа мэдүүлье гэж зориод төсөл болгон хэрэгжүүлсэн. Одоо 30 гаруй залуус нэгдээд, 20 орчим оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн гол нь амьдарч буй улсынхаа юу нь хэрэгтэй, ямар соёлыг нь эх орондоо хэрэгжүүлмээр байгаагаа гаргахыг бас нэгэн зорилгоо болгодог. Өөрөөр хэлбэл, тэр мундаг хүмүүсийн мэддэг, чаддаг зүйлүүдийг өөрсдөөрөө дамжуулан хүмүүст хүргэдэг гэсэн үг. Тэгэхдээ өөрсдөө ч давхар суралцдаг.

-Гэр бүлийн хүн тань мэргэжлийн найруулагч хүн. Түүний үүрэг роль бас их байсан байх?

-Тэгэлгүй яахав. Бид хоёр их эсрэг тэсрэг хүмүүс л дээ. Түвшөө их алсыг хардаг бол би дов толгодынхоо цаанаас хэтэрдэггүй гэх үү дээ. Бид нар яг одоо “Дэлхийгээр тархсан Монголчууд”, “Хосын жор”, “Онлайн зөвлөмж” зэрэг контент, “Positivemongolians” влог, “Түвшөө” подкаст зэрэг олон нэвтрүүлэгтэй. Энэ бүх ажлыг зангидаж өгдөг хүн бол Түвшөө. Түүний зааж зөвлөсний дагуу бүх ажил явагддаг.

-Зоос хоёр талтай шиг төслийг тань эерэгээр хүлээж авдаг хүмүүс байхад шүүмжилдэг нэгэн байдаг юм билээ. Лайв болон влог үздэг хүмүүсээс ирдэг сэтгэгдэл, шүүмж, магтаал зэргийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Анхны нэвтрүүлгүүд маань удаан хугацаанд олон хүнд хүрээгүй. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж явбал зорьсондоо хүрнэ гэдэг шиг дундаас нь орхилгүйгээр, хараалгаж, доромжлуулж байсан ч тууштай зүтгэсэн учраас хүмүүст таалагдсан болов уу гэж боддог. Анхны дугаарууд гарахад бид хоёрыг маш их доромжилдог байсан. Намайг “Муруй амтай хүүхэн минь ээ наадхаа уншихаа болиоч, “Энэ хоёр тэнэг юм яагаад л ингээд яваад байдаг юм бэ” гэх мэтчилэн доромжилсон сэтгэгдлээр дүүрдэг байлаа. Өөрсдийнхөө амрах цагаа өөрсдөө суралцангаа хүмүүст мэдлэг, мэдээлэл түгээхийг хүсэж байсан болохоор ч тэр үү их гомддог байсан юмдаг. Ялангуяа би олны өмнө огт гарч үзээгүй учир эмзэг хүлээж авдаг байсан бол гэр бүлийн хүн маань “Хүн муулж доромжлохыг алийг тэр гэх вэ. Үүнээс ч хэцүүтэй нь тулгарна. Хүн ална гээд дайрч ч магадгүй. Гэхдээ итгэл найдвараа алдахгүй байя. Юмыг яаж мэдэх вэ, хоёр жилийн дараа хүмүүс эерэгээр хүлээж авах ч юм билүү” гэж тайтгаруулдаг байсан юм. Үнэхээр ч хэлсэнчлэн одоо бараг сөрөг сэтгэгдэлгүй байгаа шүү. Байлаа ч тоохоо болисон. Далий нүүртэй гэсэн ч тоохгүй. Анхнаасаа ингээд төрчихсөн хүнийг яалтай билээ (инээв).

-Хүссэн мөрөөдсөн зүйлсээ бодит болгохоор зорьж, хичээж, хөдөлмөрлөж яваа залуусын хамгийн том төлөөллүүдийн нэг бол та хоёр. Тэгэл хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангаж, цагаа төлөвлөж зохицуулдаг вэ. Энэ туршлагаасаа монголынхоо залуустай хуваалцахгүй юу.

-Загатнасан газарт маажна гэгчээр миний их ярихыг хүсдэг сэдэв байна. Эхлээд цаг төлөвлөлтийг ярьвал, би монголд байхдаа үргэлж ажлаасаа хоцордог байлаа. Хамт ажиллаж байсан хүмүүс маань хэлэх л байх. Үргэлж хоцорно эсвэл өвдчихдөг байсан юм. Харин Шведэд ирэхэд энэ нийгэм намайг ажлаасаа хоцрох ямар ч нөхцөлгүй болгосон. Бүх хүн цагтаа ирж байхад би хоцрох л юм бол ажилгүй болно, тэгвэл хоолгүй хоцорно. Ийм орчинд гэнэт ороод ирэхээр хүн эхний хэдэн хоногт монгол зангаа гаргах гээд л, худлаа өвдсөн болж жүжиглэнэ, хоцорно, хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг сэтгэлгээ байдаг байсан. Эхний жилд шинэ орчинд дасна гэдэг их хэцүү байсан. Тийм болохоор дэвтэр хөтөлж эхэлсэн. Энэхүү дэвтэртээ 2018 оны бүх ажлаа яг таг төлөвлөөд гаргачихсан. Энэ дэвтэргүй л бол бараг амьдарч чадахаа больчихсон. Тэрнээс гадна өөрсдөө цагаа барихгүй бол “Positivemongolians”-ийнхан чинь өөрсдөө цагаа барьдаггүй юм байна гэж хэлүүлэх вий гэсэндээ яг цагаа барихыг хичээдэг. Гэтэл монголоос оролцож байгаа хүмүүс хоцрох тохиолдол бий. Харин гадаадад сурч төгсөөд ирсэн хүмүүс яг цагаа барьдаг. Иймд залууст хандаж хэлэхэд “Үнэхээр л хийж бүтээе, бага цагт ихийг амжуулъя гэсэн сэтгэлтэй бол ажлаа заавал төлөвлөж бай” гэж зөвлөмөөр байна. Ингээд төлөвлөөд ирэхээр хүмүүс эхэндээ “Сүртэй юм, чи хэзээ ийм байлаа даа” гэсэн хандлагаар ханддаг. Гэхдээ энэ шийдвэртээ бат зогсож чадвал хүмүүс ч чиний шийдвэр, төлөвлөгөө, цагийг хүндэлж эхэлдэг юм билээ.

ШВЕД ДЭХ МОНГОЛЧУУДААРАА БАХАРХДАГ

-Та хоёр Шведэд амьдраад хэдэн жил болж байгаа вэ?

-Яг одоо дөрөв дэх жилээ үдэж байна.

-Эх нутгаасаа яваад хүний нутагт амьдарна гэдэг хэцүү сорилтуудын нэг. Анх очоод хүндрэл бэрхшээлтэй бишгүй л тулгарч байсан байх?

-Анх удаа гэрээсээ хол амьдарч байгааг ч хэлэх үү эхний 1-2 жилдээ үнэхээр хэцүү байсан. Хийж үзээгүй ажил ч гэж үгүй. Гэхдээ бид хоёр л өөрсдийгөө хэцүү нөхцөл байдлыг давж туулсан гэж боддог байсан чинь биднээс ч илүү хүнд нөхцөлийг давж гарч ирсэн хүмүүс байдаг юм билээ. Гэр бүл, найз нөхөдгүй, ядаж л өвдөөд хэвтэхэд халуун цай бариад ирэх хүнгүй үед ганцаараа халуураад л хэвтэхээс өөр аргагүй. Байрнаасаа хөөгдлөө гэхэд тосоод авах хамаатан садангүй газар гудамжинд л хононо. Ийм нөхцөл байдалд хэд хэдэн удаа орж үзсэн. Их хүйтэн, хөндий хүмүүс байдаг болохоор үргэлж монголчуудтайгаа жишиж үздэг, мөн гомдоллодог байлаа. Хэдий хараалгуулж, доромжлуулаад, нус нулимсандаа хутгалдсан ч ямар ч хүн тэсээд даваад гардаг юм билээ.

-Гадаадад амьдардаг монголчууд бие биедээ худал хэлж, зовж шаналдагаа, хэцүү ажил хийдгээ нуухыг эрмэлздэг. Харин та хоёрын хувьд аль болох бодит байдлыг хэлэхийг зорьдог юм шиг санагддаг.

-Бид хоёр тэгэж худал хэлэхийг эсрэг байдаг. Бидний влогийг үздэг хүмүүсийг насаар нь ангилвал дийлэнх нь 14-25 насны залуус байдаг юм билээ. Тэдэнд аль болох үнэнийг л харуулах ёстой. Тэгэж байж амьдрал бол ийм гэдгийг мэднэ шүү дээ. Тэрнээс биш хэт их брэнд хөөсөн үлгэрийн мэт амьдралыг харуулаад л байвал тэд бодит амьдралтай нүүр тулахдаа аль эрт шантарчихсан байдаг. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд түүнийг шүүлтүүргүй хүлээж аваад дуурайна. Залуусын дунд ч гадаадад л гарах юм бол үлгэрийн мэт сайхан амьдарна гээд төсөөлчихсөн яваа хүн олон. Учир нь гадаадад байгаа монголчууд аль болох сайн яваагаа харуулах баярхуу зан, муугаа үзүүлэхгүй гэсэн бардам зангаас ч болдог уу,  үнэтэй брэнд өмсөж зүүсэн, сайхан газраар зугаалсан, гоё хоол идсэн ууснаа харуулдагтай холбоотой байх. Яахав тийм сайхан амьдарч байгаа хүмүүс байгаа л байх. Гэхдээ дийлэнх нь хар бор ажил л хийж яваа шүү дээ.

-Гадаадад олон жил амьдарсан монголчууд зураг, клип үзээд огшдог, уйлдаг гэж олон хүн ярьж байхыг сонссон. Та эх нутгаа санагалзсан сэтгэлээ хэрхэн дэвтээдэг вэ?

-Түвшөө их зөөлөн хүн. Монголын тухай ямар нэгэн гоё клип гарахаар бөмбөрөөд л уйлчихдаг. Би ч гэсэн дагаад уйлчихдаг. Одоо ч гэсэн уйлах гээд л байна (Уйлав). Бид хоёр Монголоо, ялангуяа хүүхдүүдээ дэндүү их санаж байна. Ганцхан сарын дараа эх орондоо очно гэх бодлоор л өдөр хоногийг өнгөрүүлж, сэтгэлээ дэвтээж байна даа. Дөрвөн жилийн хугацаанд нэг ч очоогүй. Яагаад гэвэл Шведэд албан ёсны бичиг баримттай болохын тулд их хугацаа шаарддаг. Харин ч бид хоёрын хувьд бичиг баримтаа хурдан гаргаж авсан. Энд 9-10 жил амьдарсан хүмүүс маш их. Энэ хугацаанд эцэг эх нь өнгөрөх эсвэл ар гэрт нь асуудал гарсан ч очиж чадахгүй байгаа хүмүүсийг харахаад их өрөвддөг. Энэ хүмүүсийн сэтгэлийг зөвхөн онлайнаар үзэж болох нэвтрүүлгүүд нь дэвтээдэг.  

-Швед улс цагаачдад хэр уян зөөлөн ханддаг вэ?

-Үндсэн Швед хүмүүс их дажгүй, харин өөрсдөө улсынхаа нийгэм, хөгжил соёлыг бүтээлцсэн хөгшин хүмүүс нь цагаачдад тийм ч тааламжтай бус ханддаг. Учир нь бүтээсэн нийгэм, соёл нь алдагдчихвий, замхрах вий гэхээс эмээдэг юм шиг санагддаг. Тэднийг ойлгохоос өөр аргагүй. Харин хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг Швед улсад гаднаас ирж суурьшаад, 40-50 жил амьдарчихсан Иран, Ирак, Сири, Вьетнам зэрэг орныхон бидэнд их дургүй. Тэдний соёл, шашин их хүчтэй учрас Шведэд хэчнээн ч жил амьдарсан хамаагүй тэр бүхнээ хадгалаад үлдчихсэн байдаг учраас гэмт хэргийн чанартай үйлдлүүд их гаргадаг юм билээ. Тийм болохоор Швед иргэд гадаадынханд дургүй болох хандлага нэмэгддэг. Бид ч гэсэн гадныхны тоонд багтдаг болохоор ялгавар үзэх зүйл мэр сэр гардаг.

-Гадаадад байдаг монголчууд ч гэсэн өөрсдөө хулгай дээрэмд орооцолдох явдал ихсэж байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний бодлоор бидний өмнөх үеийнхэнд байсан болов уу. Тодруулбал, 40-өөс дээш насныхан архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг. Үүнийхээ дараа зодоон цохион хийж, бие биенээ хэрэгт хийдэг тохиолдол байсан байж магадгүй, гэхдээ яг одоо миний эргэн тойрон дахь залууст тийм үйлдэл гаргасан хүн нэг ч байхгүй. Яах вэ олон жилийн өмнө Шведэд хулгай хийж, өл залгуулдаг хэдэн монгол хүн байсан гэсэн. Гэхдээ одоо бол байхгүй гэдгийг ам бардам хэлж чадна. Харин ч эсрэгээрээ 20-30 насны залуу ид амьдралаа босгохоор хөдөлмөрлөж, гадныханд ямар мундаг хөдөлмөрч, шударга залуус вэ гэж хэлүүлж чаддагаар нь би бахархдаг. Ийм болохоор гадаадад байдаг хүмүүс хулгай дээрэм хийдэг гэдэг асуултад би “Үгүй” гэдэг дээр бат суурьтай зогсоно. Магадгүй тэр дунд 1-2 хүн бусдынхаа нэр нүүрийг сэвтүүлээд явж байхыг үгүйсгэхгүй л дээ.

-Швед болон Монголын ижил төстэй болон ялгаатай талууд юу вэ. Юуг нь монголчууд сураасай гэж хүсдэг вэ?

-Цаг агаар нь төстэй мэт боловч адилхан биш. Харин жилийн дөрвөн улиралтай. Хамгийн сонирхолтой нь Шведийн захын мужид нь манайхны цаатангууд шиг цагаан өнгийн хандгайнуудтайгаа амьдардаг, улаан хацартай, амьдрал ахуйгаа авч яваа байдал зэрэг нь цаатангуудтай маш төстэй хэсэг бүлэг хүн аж төрдөг юм билээ. Үүнээс өөрөөр Монголтой адилхан зүйл бараг байхгүй. Санаа дагаад ч тэр юм уу хааяа байшин барилгууд нь манай Сансрын тунел, 5 шар орчимд яваа мэт санагддаг ч бусдаар ижил төстэй зүйл байхгүй гэхэд болно.

Харин авууштай зүйл маш их. Наад зах нь гэхэд, танихгүй ч бай ямар хүний өөдөөс хараад мэндэлдэг. Анх ирээд танихгүй хүн Сайн байна уу гээд мэндлэхэд монгол зангаараа “Би энэ хүнийг таньдаг билүү” гэж их төөрч явсан даа. Бас хүн бүр ярианыхаа дараа баярлалаа, уучлаарай гэдэг хоёр үгийг хэлнэ. Энэ нь их гоё сэтгэгдэл төрүүлдэг.

Дараа нь Швед улсад эмэгтэй хүнийг дээд зэргээр хүндэлдэг. Хүүхэд нэгт, эмэгтэй хүн хоёрт, нохой, муур мэтийн тэжээвэр амьтан гуравт, харин дөрөвт эр хүн ордог. Ийм болохоор хүүхэд төрөхөд аавын оролцоог маш чухалчилж үздэг. Аав нар нь хүүхдээ харах гээд ажлаасаа жилийн чөлөө хүртэл авч болдог. Гэр бүл дэх эхнэр, нөхрийн үүрэг эрх тэгш байдаг учир хүүхэд өсгөхөд ч мөн эцэг эхийн оролцоог тэнцүүлж өгдөг. Энд цэцэрлэгт хүүхдээ салхилуулж байгаа аавуудтай байнга таарна. Үүгээрээ Швед улс маш алдартай гэж хэлж болно.

-Та хоёр яг одоо ямар ажил хийж байгаа вэ?

-Нөхөр маань сүшиний хоолны газарт тогооч хийдэг. Үүндээ ч өөрөө их дуртай. Ресторанд нь олон монголчууд ажилладаг. Ийм олон монголчууд ажилладаг байгууллага өөр аль ч оронд байхгүй байх гэж ярьдаг юм. Миний хувьд хүнд өвчтэй болон хөдөлгөөний бэрхшээлтэй, асаргаа шаарддаг хүмүүсийг асардаг. Асаргаа шаардлагатай байгаа хүмүүс дээрээ очиж ажилладаг. Подкаст дээрээ ч ярьсан байх, миний жил хагас хамт байгаад ээж охин хоёр шиг болчихсон байсан хүн маань саяхан нас барсан. Эмнэлэгт хэвтэхэд нь ч хажууд нь, бүх л зүйл дээр хамт байдаг. Яагаад ийм үйлчилгээ байдгийг хүмүүс их гайхдаг. Швед улсад хүүхдүүд нь ээж аавыгаа асардаг гэх ойлголт байдаггүй. Нэг бол эмнэлэгт хэвтэнэ, хэрэв эмнэлэг нь хүлээж авахгүй бол гэртээ байхаас өөр аргагүй. Ийм хүмүүс улсдаа насаараа өндөр татвар төлж амьдарчихаад, эргээд хөгширсөн үедээ биднийг цалинжуулаад ажиллуулдаг. Монголд ийм үйлчилгээ байдаггүй болохоор их гайхдаг л даа, гэрийн үйлчлэгч хийдэг л гэж боддог. Угтаа бол сувилагчийн үүргийг үр хүүхдийнх нь үүрэгтэй давхар гүйцэтгэдэг гэсэн үг.

-Ер нь Монголоос өөр үр хүүхдээ, ач зээтэй нь тэжээж амьдардаг улс байхгүй байх. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Юм болгон хоёр талтай шиг хөгширсөн ч гэсэн хүүхдүүдтэйгээ хамт амьдрахад буруудах зүйл байхгүй байх. Манайхан шиг ээж аавтайгаа ойрхон өсч, хөгшрөхөд нь хөл дээр нь хөнжил тавиад өгөхгүй бол төр засаг маань энэ хөгжингүй улс орнууд шиг хөгшид буурлуудыгаа асраад явж чадахгүй. Дээрээс нь манайхан том болтлоо ээж ааваараа өсгүүлчихээд дараа нь ямар нэгэн зүйл тохиолдвол гэр лүүгээ гүйчихдэг. Ийм нэг албатай ч юм шиг зангаас нь салгах хэрэгтэй юм шиг санагддаг.

Нөгөө талдаа, Швед, Германы стиллээр явбал маш их ганцаардана. Улс нь хэтэрхий их “халамжлаад”, хүүхдийнх нь үүрэх ачааг суллаад байгаа учир эцэг эхээсээ маш их холддог. Нас бартал нь ирдэггүй. Жишээлбэл, би хүнд өвчтэй ээжийг нь асраад сууж байхад хүүхэд нь гаднаас орж ирчихээд ээжийнхээ биеийн байдлыг надаас асуудаг. Ээжтэйгээ бол харьцах ч үгүй. Иймд аль аль талынх нь балансыг тэнцвэржүүлэх ёстой юм шиг санагддаг.

МЕТРО БОЛ НОМ УНШИХ ХАМГИЙН ТОХИЛОГ ОРОН ЗАЙ

-Нээрээ таныг анх “Надтай хамт ном уншаарай” лайваар харж байсан юм билээ. Яагаад заавал ном уншдаг лайв хийе гэж бодсон бэ. Өөрөө ном их уншдаг төрлийн хүн үү?

-Би багадаа номонд тийм ч их дурладаггүй байлаа. Ном унших сэтгэхүй, сэдэл ч байсангүй гэсэн үг. Гэхдээ хааяа нөхөртөө чанга дуугаар ном уншиж өгөх их дуртай. Ингэж уншвал өөрөө ч их сайн ойлгодог. Нэг өдөр Түвшөө “Чамайг чанга дуугаар уншихаар сайн ойлгох юм. Чамтай адилхан 24-25 нас хүртлээ ном уншиж байгаагүй хүмүүст уншиж өгвөл дуртай болж магадгүй шүү дээ” гэж санал болгосон. Тэр үед фэйсбүүк лайв трэнд болж байсан үе. Хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж лайв хийж байснаас хэрэгтэй хүнд нь зориулаад ном уншиж өгвөл илүү үр дүнтэй болов уу гэж бодоод жил хагасын өмнө туршилтын лайв хийж байлаа. Туршилт ч амжилттай болж, хүмүүс их эерэгээр хүлээж авсан. Уншсан номыг минь бүтнээр нь унших хүсэлтэй байна, цаг завгүй ажилладгаасаа болоод уншиж амжихгүй байгаа хүмүүс гудамжинд ч сонсоод явах боломжтой юм гэх сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөн. Үүнд ч их урамшсан. Мөн лайваа үргэлжлүүлэхийн тулд би өөрөө ч их ном унших шаардлагатай болсон. Тэгээд өөрийнхөө хүндэлж явдаг монгол зохиолчидтойгоо холбогдоод учир байдлаа тайлбарлатал нааштайгаар хүлээж аваад номынхоо дээжүүдээс надад бэлэглэсэн.

Ингээд эхний хэдэн лайв хийгээд байж байтал нэг фэйсбүүкийн найз маань надад, “Авьяаслаг Монголчууд”-д орсон харааны бэрхшээлтэй охины бичлэгийг илгээгээд, эдгээр хүнд ном уншиж өгөх нь үнэхээр чухал, цаашдаа уншвал ямар вэ, чи энийг заавал үзээрэй гэсэн байв. Тэр бичлэгийг үзээд  үнэхээр харааны бэрхшээлтэй, унших боломжгүй хүмүүст ийм төрлийн уншлага хэрэгтэйг ойлгосон. Монголд ч ийм “уншдаг” ном ховор шүү дээ.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Саяхан таньдаг эгч маань Европт бэстселлер болж байгаа “Мятрашгүй” хэмээх номыг надад бэлэглэсэн. Зав л гарвал энэ номыг барьж авчихаад байгаа. Энэхүү ном нь орчин үеийн залуусын сэтгэхүйд тохирсон үг хэллэгээр бичигдсэн учир ямар ч хүн уншаад ойлгохоор юм билээ.

-Уншсан номноосоо ямар зүйлийг өөртөө тусгаж авдаг вэ?

-Нөхөр бид хоёр зохиолч П.Буяндэлгэр ахын нэг номыг унших их дуртай.  Номын сангийн тавиурт харагдахгүй байвал нэг бол нөхөр маань эсвэл би цүнхлээд явж байх жишээний. Тэр ном бол уран зохиолын ном биш, харин онц мэргэн үгс зэргээс бүтсэн. Өгүүлбэр бүр нь амттай. Багадаа уншсан номоо одоо сөхөж харахаар бага зэрэг “голох” мэдрэмж төрдөг шүү дээ. Гэтэл энэ номыг анх уншихад ямар мэдрэмж төрж байсан, яг л хэвээрээ. Харин ч амьдрал ямар их баялаг болохыг ойлгодог.

-Швед улсын номын дэлгүүр, номын сан, уншигчдын талаар монгол уншигчдадаа хуваалцаач. Юуг нь монголд хэрэгжээсэй гэж боддог вэ?

-Швед улс нэгдсэн том номын сантай. Тэр нь метро бүрт жижиг төвтэй. Тэр төвүүдэд хүний унших, суралцах бүхий л боломжийг хангаж өгсөн байдаг нь үнэхээр сайшаалтай. Миний ч гэсэн номонд дурлах шалтгаан нь энэ номын сан байж магадгүй. Энд хөгшин, залуугүй, эр эмгүй бүгд метронд ном шагайж явдаг. Заримдаа метрогоор нэг цаг явах шаардлага тулгардаг. Метронд юу хийх вэ дээ, утсаа оролдож, интернэт хэснэ. Хэсэг хугацааны дараа нүд өвдөөд эхлэхээр хийх юм олдохгүй, орчноо дагаад өөрийн эрхгүй ном барьж авна. Манайд ч гэсэн ийм орчинг бүрдүүлж чадвал хүүхэд, залуус номыг ял биш шагнал гэж хүлээж авдаг болох байх гэж бодогддог доо.

-Дөрвөн жил гэдэг багагүй хугацаа шүү дээ. Энэ хугацаанд Монголоо ямраар төсөөлж байна вэ?

-Онлайнаас харахад Монгол авилгад идэгдсэн, аймшигтай мэтээр хүмүүст ойлгогддог. Тийм ч учраас гадаадад байгаа монголчууддаа "Мэдээнд битгий итгэ" гэж хэлмээр байна. Болж, бүтэж байгаа талаас нь гаргадаг мэдээ маш ховор. Ихэвчлэн сөрөг мэдээллийг цацдаг шүү дээ. Түвшөө бид хоёр хоорондоо "Улс оронд бүрт асуудал бий. Хэт хөгжсөн Шведэд хүртэл өчнөөн бэрхшээл бий. Гэхдээ саарыг нь биш сайхныг нь хүмүүст харуулахыг хүсдэг. Манайх ч гэсэн тэр жишгээр явж болно шүү дээ.

Жишээлбэл, манай улс шиг дайн дажингүй тайван улс байхгүй. Хоёрдугаарт, халуун орнууд шиг аймшигтай тахал зэрэг өвчин гардаггүй. Тэдгээр орон руу явахын тулд заавал вакцин хийлгэх шаардлага тулгардаг. Харин манай улсад тийм зүйл байдаггүй. Гуравдугаарт, эх орноосоо хөөгдөх аюул байдаггүй. Харин ч эсрэгээрээ Монголд бүх боломж бий. Энэ боломжийг л хэрхэн яаж ашиглахаа тэр бүр мэддэггүй юм шиг. Гадаадад олон жил амьдарчихаад Монголдоо сайхан амьдарч буй олон хүн бий. Тийм болохоор битгий бууж өгөөрэй л гэж хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай