Үндсэн хуулийг өөрчлөх төсөл хууль болж батлагдах уу, цаас болж үлдэх үү

Эрх баригч хүчний энэ дөрвөн жилд хууль тогтоох чиглэлд хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ  асууж шийдвэрлэнэ” хэмээн заасан. Уг зорилгоо биелүүлэхээр өнгөрсөн жилээс ханцуй шамлаж, зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг хөрөнгө, хүч шаардсан нүсэр ажлууд зохион байгуулсан билээ. Үүний үр дүнд иргэд, судлаач, эрдэмтдийн саналд тулгуурласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн “хар зураг” гараад буй. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж буй Д.Лүндээжанцан гишүүн “Төслийн гол нуруу боссон. Үүнээс цааш зарчмын том өөрчлөлт орохгүй” гэснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч ажил нь төдий л урагшилсангүй. Хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хууль болох уу, жил гаруй үргэлжилж, чамгүй их хөрөнгө, хүч зарсан ажил үр дүнгүй баахан цаас болоод өнгөрөх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр.

Уг төслийг эсэргүүцэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь энэ эргэлзээг улам лавшруулж буй юм. Тухайлбал, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооныхон “Олон нийтэд таалагдах хэдэн заалтаар нүд хуурч байгаад Үндсэн хуульд зарчмын маш том өөрчлөлт оруулах гэж байна. Өөрөөр, хэлбэл, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намын нөлөөллийг төрд илүү оруулах гэсэн хоёр зүйлийг Үндсэн хуульд оруулахын тулд наана нь жижиг сажиг будаг шунхны засвар хийжээ. Хүмүүст таалагдахын тулд бүх зүйлийг Үндсэн хуулиар зохицуулах гээд чихчихсэн харагдсан. Энэ өөрчлөлтийг төсөлд тусгасан хэвээр нь батлуулах гэж зүтгүүлбэл ардчилсан Үндсэн хууль тогтоогчид үүнийг эсэргүүцнэ” хэмээгээд буй.

Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээсэн. Энэ нь сонгуулийн тогтолцоо мажоритар байна гэдгийг “Эцэг хууль”-д дархалсан хэрэг. Гэтэл олон нийтэд танилцуулаад буй төсөлд “УИХ-ын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно” гэсэн нь сонгуулийн тогтолцоог сонгож, шийдэх эрхийг УИХ-д авахыг завджээ гэж ардчилсан Үндсэн хууль тогтоогчид үзэж буй. УИХ-ын сонгуулийн тогтолцоог шийддэг болбол хувь тэнцүүлсэн хэлбэрээр дахин “босгоно”. Улс төрийн намууд боловсон хүчин, үзэл бодол, зохион байгуулалтын хувьд түүхийгээрээ, төлөвшөөгүй байгаа ийм нөхцөлд хувь тэнцүүлсэн тогтолцоо тохирохгүй гэсэн дүгнэлтээ тэд эрх баригч хүчний дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт дуулгахаар зэхэж буй гэнэ билээ.

Мөн улс төрийн намыг төрийн дээр гаргах, эрх мэдэл, гүйцэтгэх үүргийг нэмэх нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго гэж ардчилсан Үндсэн хууль тогтоогчид хардаж байгаа. Тодруулбал, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэрийг гаргахад УИХ-ын хяналт үгүй болж, Ерөнхий сайдын саналаар шийдэгдэх заалт бий. Олонх болсон намын дарга Ерөнхий сайдаар ажиллаж, улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч байхад түүнд хяналтгүй томилгооны эрх өгчихвөл эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн төлөөний хүмүүс сайд болох үүд хаалга улам чөлөөтэй болно гэсэн болгоомжлол буй. Түүнчлэн парламент дахь олонх, цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөл оролцуулсан Хянан шалгах түр хороог УИХ байгуулна гэсэн нь шууд утгаараа төрийн бүтцэд нам орж ирэх зөвшөөрлийг Үндсэн хуульд тусгаж буй хэрэг гэж үзсэн аж. 

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид ийнхүү өөрсдийнхөө баталсан хуульд түргэн түүхий хандахыг зөвшөөрөхгүй гэж байхад УИХ дахь АН-ын бүлгийнхнээс ч “Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам хүч түрэн хийж болохгүй”, гэж үзжээ. “Нэг намын эрх ашигт нийцүүлэх сонирхол байгаа учир энэ удаагийн парламент уг асуудлыг хэлэлцэх эрхгүй” гэх мэтийн “ёозгүй” үг гараад байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд олонх байхдаа УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан, парламентад суудалтай бүх нам, эвсэл болон бие даагчдын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгох гэх мэт өөрчлөлт тусгасан төсөл боловсруулж, гишүүдийн олонхын гарын үсгийг цуглуулаад, УИХ-ын даргад өргөн барьж байсан АН-ынхан энэ удаа сөрөг хүчин болсон тул байр суурь нь өөрчлөгдсөн хэрэг.

“Энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрхгүй” гэсэн мэдэгдэл хийсэн ч төсөл боловсруулах ажил үргэлжлээд буй тул АН-ын бүлэг өчигдрийн хурлаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Уг хуралдаанд АН-ын бүлгийн гишүүдээс гадна тус бүлгийн бусад зөвлөх Р.Гончигдорж, С.Ламбаа, Н.Батбаяр нар оролцсон. 

Хуралдаанд оролцогчид Үндсэн хуулийн бичилт, найруулга товч, тодорхой, олон утга санаагүй байх, Үндсэн хуулийн цэцэд дагуулж буй асуудлуудыг цэгцэлж, ойлгомжтой болгох талаас нь ажиллахаас эхлээд Монгол Улсын төрийн удирдлагын хэлбэр, гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийн хэмжээ ямар байх, Засгийн газрын гишүүдийн “дан, давхар дээл”-ний асуудлыг цэгцлэх, шат шатандаа намаар дамжиж төрийн албанд ордог байдлыг зогсоох, шударга ёс, хариуцлагын тогтолцоог Үндсэн хуульдаа илүү сайн тусгаж өгөх ёстой гэх зэрэг олон санал хэлжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонссон АН-ын гишүүд “Эцэг хууль”-д гар хүрэх асуудлыг яаран дэмжихгүй, тун нухацтай, анхааралтай, ул суурьтай хандана гэдгээ мөн илэрхийлсэн байна.
Парламент дотроос болон гаднаас энэ мэтийн сөрөг хандлага нэмэгдсээр байгаа тул Үндсэн хуулийн төслийг удахгүй өргөн барина, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэнэ гэсэн хүлээлт ч талаар болох нь.

Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар үе үеийн парламент оролдож ирсэн. Бүр тодорхой хэлбэл, 2000, 2011, 2012, 2015 онд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байв. Эдгээрээс цорын ганц нь буюу 2000 оны оролдлого амжилт олж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт болон туссан ч “дордуулсан долоон өөрчлөлт” хэмээн адлагдаж, өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа. Харин энэ удаагийн төсөл амжилтгүй болсон оролдлогын тоог нэгээр нэмэх үү, эсвэл “Эцэг хууль”-аа өөрчлөх үү гэдгийг бид ирэх онд үргэлжлүүлэн ажиглах бололтой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай