Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохыг дэмжсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн ч дэмжсэнгүй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ж.Ганбаатар уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, бизнесийн зээлийн хүү 18 хувь байгааг хэрхэн бууруулах боломжтой талаар тодруулсан.

Бизнесийн зээлийн хүү зах зээлийн нөхцөл байдалтай уялддаг, төрөөс зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Төсөл санаачлагч гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүг багасгах талаар зөвхөн өнөөдөр ярьж буй юм биш. Үүнийг шийдэлгүй болгож буй шалтгаан нь “зах зээлийн зарчим” гэх тайлбарыг урдаа барьдагтай холбоотой. Тиймээс ч төрөөс зохицуулах шаардлага үүсээд байгаа юм” хэмээв. 

Мөн гишүүн М.Оюунчимэг “Мөнгө хүүлэлтийг зогсоож, зээлийн хүүг бууруулах ёстой. Үүний тулд зохицуулалт хийхээс өөр аргагүй. Энэ чиглэлд Эдийн засгийн байнгын хороо идэвхтэй ажиллах хэрэгтэй. Төр, засаг заавал оролцох ёстой. Тухайлбал, хэрэглээний зээлийн хүүг 10-12 хувиас хэтрүүлэхгүй байхаар тодорхой заах хэрэгтэй. Уг төсөлд зээлийн хүүг 18 хувиас дээшгүй байна гэж тусгасан байна.

Энэ нь одоо 18 хувиас доош байгаа хүүг өсгөчих вий” гэхэд гишүүн С.Эрдэнэ “Үүнийг төрөөс зайлшгүй зохицуулах ёстой. Эдийн засгийн байнгын хороо нийт иргэнээ бодож үүнийг дэмжин, шийдэж өгөөрэй” хэмээн учирласан. Үүнд тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Манай байнгын хороо уг асуудалд анхаарал хандуулан, тогтоол гарган ажиллаж байгаа. Монголбанк болон холбогдох бусад байгууллага ч ажиллаж байна. Ул суурьтай дүгнэлт гаргасны дараа нухацтай хэлэлцэх нь зүйтэй байх” гэсэн хариулт өгөв. 

Түүнчлэн гишүүн Б.Дэлгэрсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын банкийг хэзээ оруулж ирэх вэ. Тэгж гэмээнэ зээлийн хүү буурна. Одоогийн өндөр хүүгээс үүдэн бизнесийн орчин хүнд байна. Харин банкуудын байшин улам л томроод байх юм. Цөөн хэдэн хүн хадгаламжийн хүүгээр баяжиж байна. Төвбанкны өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх дорвитой алхам хийж чадсан. Одоо Монголбанкныхан онол ярихаас хэтрэхгүй байна” гэж байлаа. 

Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Эдгээр төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил дахин хуралдах шаардлагатай гэдгийг уламжилсан юм. Харин дээрх төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй томьёоллоор санал хураалт явуулав. 

Дараа нь О.Батнасан нарын гурван гишүүний санаачилсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Өсвөр насны хүүхдэд хорихоос өөр төрлийн шийтгэл ногдуулах агуулгатай уг төсөлтэй холбогдуулан гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар салбарынхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулж эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Алдааг нь яаралтай засаж, залруулах шаардлагатай гэдэг нь улам бүр мэдрэгдэж байгаа тул Засгийн газар нэмэлт, өөрчлөлт хийх төслөө яаралтай УИХ-д оруулж ирэх хэрэгтэй” гээд дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх үеэр асуулт тавьж, үг хэлсэн гишүүдийн олонх нь нийслэлд амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулж, үүрэгжүүлэх үүднээс төсөлд тусгасан торгуулийн арга хэмжээг зарчмын хувьд дэмжсэн ч хүлээлгэх хариуцлагын үндэслэл, түүнийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байна хэмээн шүүмжилсэн юм. Тиймээс ч дээрх төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай