“Улстөрчийн хувьд надад “С.Батболд юу ч хийгээгүй” гэдэг түүх л үлдэж байна”

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийлээ. Нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, тэнд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох, дүүргийн төсвийг батлахдаа хүн амын тоо, нягтрал, эдийн засаг, нийгмийн цогцолборын онцлогийг харгалзан үзэх гэх мэт нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад тусгажээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй томьёоллуудаар санал хураасан бөгөөд татварын хөнгөлөлттэй холбоотой хуулиудыг баталбал дагаж мөрдөх хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүний тавьсан асуулт, байр суурийг хүргэж байна.


Б.Баттөмөр: -Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжиж байна. Мөн жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох нь зүйтэй. Гэхдээ 500 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүн бүхий бараа, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд гэж заасан нь ямар учиртай вэ. Уг нь бусад оронд үнийн хязгаар тавьдаггүй шүү дээ.

С.Батболд (нийслэлийн Засаг дарга): -Бид Улаанбаатарт ирэх жуулчдын тоог сая, бүр хоёр саяд хүргэх зорилготой ажиллаж байгаа. Ер нь олон улстай харьцуулж нэлээд судалсан. Янз бүр л байдаг юм байна. Юуны түрүүнд үүнийг тогтоож хэвшүүлэхийн тулд 500 мянган төгрөгийн босго тогтоож байгаа юм. Ганц түлхүүрийн оосорт хүртэл үүнийг тооцож олгох нь эхлээд түвэгтэй байж магадгүй гэж үзсэн. Нөгөө талаас уг буцаан олголт нь зөвхөн нийслэлд ирсэн жуулчдад хамаатай байхаар тусгасан. Цаашид улс даяар хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын түвшинд ярилцан шийдвэрлэх боломжтой гэж бодож байна.

Ш.Раднаасэд: -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан нэлээд олон татварын хууль, эрх зүйн орчныг өөрчлөх төсөл өргөн баригджээ. Бид татварын цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Энэ бүхэн хоорондоо уялдаж байна уу. Нөгөө талаас жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох нь нийслэлтэй ер нь ямар хамаатай юм бэ. Ямар ч хамааралгүй олон зүйлийг өөр дээрээ төвлөрүүлэх шаардлагагүй. Энэ төслийг нь буцаа.

Ж.Ганбат (Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга): -ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттайгаар бууруулах бодлогын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа учраас энд яригдаж буй төслүүд буюу татварын орчныг өөрчлөх саналуудыг дэмжих боломжгүй гэдгээ Сангийн яамнаас илэрхийлсэн.

Ш.Раднаасэд: -Хариултаас харахад байр суурийн зөрчил байх шиг байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

С.Батболд: -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах төслүүдийг түрүүчийн Засгийн газрын үед өргөн барьсан. Бараг жил болж байна. Ингэхдээ Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин, өргөн мэдүүлсэн. Эдгээрийн хүрээнд татварын ямар нэг өөрчлөлт хийгдэхгүй. Зөвхөн дагуул хотуудад үйлчлэх бодлогын арга хэмжээний талаар тусгасан. Хотын төвдөө үйлдвэр байгуулах бус, дагуул хотуудаа хөгжүүлэх, үүний хөшүүрэг болсон бодлогын арга хэмжээнүүдийн талаар л хөндөж байгаа хэрэг.

Сангийн яамныхны хэлж байгааг ойлгож байна. Юутай ч хуулиудаа батлаад ОУВС-гийн хөтөлбөрт нийцүүлэхийн тулд хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулж болно шүү дээ. Нөгөө талаас НӨАТ-ыг буцаан олгох системийг АН-ынхан хийчихсэн шүү дээ. Тэр үед бүтэхгүй, болохгүй гэж шүүмжилсэн хүн олон байсан. Бид ч мөн адил дэлхийн жишигт нийцүүлэхийн тулд л үүнийг хийхийг зорьж байна. Яагаад хамаагүй, хэрэггүй гээд байгааг нь ойлгохгүй байна. Сангийн яамныхны гарыг хараад суумааргүй байна шүү дээ.

Ш.Раднаасэд: -Уг төслийг эсэргүүцэж байгаа юм биш. Сангийн яам татварын бодлогыг барьж байгаа нь үнэн биз дээ. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд татварын нэг л орчин үйлчлэх ёстой. Тэгвэл Өмнөговийн асуудлыг Засаг дарга нь л мэддэг болог л дээ. Гэтэл Сангийн яам, Засгийн газар, нийслэлийн удирдлага нь өөр өөр зүйл яриад байх юм. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд аймаг, нийслэлийн хэмжээнд үнэт цаас гаргах эрхийг сэргээх нь. Үүнийг 2016 оны сонгуулийн дараа бөөн юм болж байж хуулиас хассан биз дээ.

С.Батболд: -ОУВС-гийн болзол, нөхцөл л асуудал болоод байгаагаас бус, дагуул хот, дэд төв байгуулж, төвлөрлийг сааруулах нь бидний зорилт, бодлого мөн биз дээ. Үүнд бүх л амьдралаа зориулсны хувьд үндэсний эрх ашиг гэж юу болох, хүрээ, хязгаар нь хаана байдгийг би мэднэ. Энд үндэсний эрх ашгаас давсан юу ч яриагүй.

Б.Сүх-Очир (Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга): -Өрийн удирдлагын тухай хуулийг 2015 онд баталсан. Аймаг, нийслэл үнэт цаас гаргах эрхтэй байсныг 2016 оны есдүгээр сарын 7-нд хүчингүй болгосон. Орон нутгийн хэмжээнд үүсгэсэн өрийн хэмжээ нэмэгдэхтэй хамт Монгол Улсын өрийн удирдлага нэгдмэл байна гэсэн уг хуулийн зарчим алдагдаж байна гэж үзээд хүчингүй болгосон. Жишээ нь, орон нутгийнхан эрх мэдлийнхээ хүрээнд концессын 50 орчим гэрээ хэрэгжүүлэхэд л өрийн хэмжээ маш ихээр нэмэгддэг.

Нөгөө талаас Төсвийн тухай хуульд 30 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгадаг. Өр үүсгэн үүнийг санхүүжүүлж болно гэсэн хуулийн заалт байсаар атал нийслэл дангаараа үнэт цаас гаргаж болно гэх агуулгатай нэмэлт, өөрчлөлт оруулах нь гэж манай яам үзсэн. Магадгүй өмнөх шиг орон нутгийн түвшинд их хэмжээний өр үүсгэдэг жишиг давтагдах эрсдэл бий болгож мэднэ. Түүнчлэн ОУВС манайд хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхдээ Монгол Улсын өрийн удирдлагын нэгдмэл байдлыг ихээхэн үнэлсэн. Тиймээс энд яригдаж байгаа төслийг Сангийн яам дэмжээгүй.

С.Батболд: -Юу ч гэж хэлэх вэ дээ. Би энэ ажлыг авснаасаа хойш өмнөх удирдлага, АН-ынхны тавьсан 170 тэрбум төгрөгийн үнэ бүхий концессын өрийг төлөөд дуусаж байна. Ингэхдээ Сангийн яамнаас нэг ч төгрөг аваагүй. Өөрсдийн бүрдүүлсэн орлогоороо төлсөн. 2018 онд гэхэд л 71 тэрбум төгрөгийн өр төлж байна. Зуслангийнхаа байшин руу зам тавихын тулд тэдний бий болгосон өрийг бид төлж байгаа юм. Тэр мөнгөөр намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол нэлээд ажил хийчих л байсан. Бид Сангийн яамны нэг хэлтсийн даргын үгэнд орж, шударга царайлаад өр тавьсангүй. Тэр олон тэрбум төгрөгөөр бусдын тавьсан өрийг л дарсан болохоос бид юу хийсэн юм бэ. Сангийн яамны хэлтсийн дарга аа, таны хэлээд байгаа тэр их өрийг аймаг, нийслэл тавьчихсан юм биш шүү дээ.

АН-ын Засгийн газрын тавьсан өрийг бид бүгдээрээ хоёр жил төлж байгаа юм. Үүний бурууг би яагаад хүлээх ёстой юм бэ. Улстөрчийн хувьд надад “С.Батболд юу ч хийгээгүй” гэдэг түүх л үлдэж байна. Нийслэлийн үнэт цаас гаргах эрхийг би өөрийн төлөө авах гээд байгаа юм биш. Сангийн сайд, Засгийн газраар хэлэлцүүлж, зөвшөөрүүлсний үндсэн дээр 2020 оноос үнэт цаас гаргадаг болъё л гэж байгаа юм. Сонгууль хүртэл төсвийн хэдэн төгрөгтөө таарсан хөрөнгө оруулъя, дүүрсэн хэрэг. Зориглоод өр тавьсан хүчин нь хожоод, мань мэт нь хохироод үлдэх юм байна л даа.

Ө.Энхтүвшин: -Нийслэлийн асуудлыг тусад нь авч үзэх ёстой. Сүүлийн үед бид бүх л эрхийг нь хумисан шүү дээ. Э.Бат-Үүлд бүх боломж нь байсан бол С.Батболдоос бүх эрхийг нь авсан. Энэ төслийн хэлэлцүүлэг харин ч оройтож байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай