Автомашиныг 10 хүний нэг нь л бэлэн мөнгөөр худалдаж авч байна

Зуны дэлгэр цаг хаяанд ирж, нийслэлийнхний хотын шороо тоос, замын түгжрэл зэргээс дайждаг эрин ирлээ. Энэ үеийг автомашины  улирал ч гэж нэрлэдэг. Гэхдээ энэ жилийнх өнгөрөгч жилүүдийнхийг бодвол автомашины худалдан авалт багатай байгааг импортлогчид хэлж байна. Үүнийг өнгөрсөн жил нэмэгдсэн онцгой албан татвартай холбоотой хэмээн үзжээ. Учир нь татвар нэмэгдэхээс өмнө ченжүүд ч машинаа нөөцөлж, иргэд ч худалдан авч дуусчээ. 12 сая төгрөгийн үнэтэй байсан “Тоёота Приус” машин он гараад 16 сая болсон болохоор арга ч үгүй биз.

Тухайлбал, Засгийн газраас өргөн баригдсан 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгагдсан импортлосон суудлын автомашинд ногдуулах онцгой албан татвар 2017 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус татвараар хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмсэн. Учир нь манай улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь буюу 75-85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байдаг аж.

Хууль хэрэгжиж эхэлснээс даруй арав гаруй сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд автомашины үнэ хамгийн багадаа 1-2 сая төгрөгөөр нэмэгдсэнийг эх сурвалжууд хэлж байна. Өдөр тутамд талх шиг зарагддаг “Приус-20” дунджаар 9 сая 800 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол одоо оноосоо хамаарч 12 сая болтлоо өсчээ.

Тухайлбал, 2004 он хүртэлх нь 12 сая, 2010 он хүртэлх нь 14 саяас 14 сая 500 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин “Приус 30” 18 сая хүртэлх төгрөгөөр зарагдаж буй. Хамгийн насжилт ихтэй нь л гэхэд 14 сая төгрөгөөс буухгүй байгааг автомашины худалдаачид хэлэв. Бусад автомашины үнэ ч 1-2 сая төгрөг хүртлээ өссөн гэдгийг мөн өгүүлэв. Тэдний хэлж буйгаар “Одоо машины үнэ бууна гэж байхгүй, улам л өснө. Харин ч үнийн хөөрөгдөл өнгөрөгч жилийн 5-6 дугаар сарынхаас илүү буурчихаад байна. Тэр үед борлуулалт ч их, орж ирсэн машинуудын үнэ ч огцом өсч байлаа. Одоо бол дөнгөж орж ирсэн, он залуу машинаас илүү улсын номертой, Монголд яваад 2-3 жил болчихсон машин авах нь элбэг байна. Иргэдийн санхүүгийн байдлаас ихээхэн  шалтгаалж байгаа л даа” гэцгээв.

Түүнчлэн автомашины ченж залуугийн хэлж буйгаар “Иргэд огт бэлэн мөнгөгүй байна. 10 хүний нэг нь л бэлэн мөнгөөр худалдаж авч байна. Бусад нь банк бус байгууллагаар дамжуулан урьдчилгаа 30 хувийг нь төлөөд, доод тал нь 3 жилийн хугацаатай зээл авч байж худалдан авалт хийж байна” гэлээ. Үнэхээр ч 15-16 сая төгрөгийг халааснаасаа бэлэн гаргаад өгөх иргэдийн тоо өдрөөс өдөрт буурсаар байгаа юм. Тэгвэл автомашин худалдан авахаар сонирхож буй иргэдийн саналыг сонирхсон юм. Тэд өөрсдийн нэрээ нууцлахыг хүссэн юм.

Иргэн Н: Замаар нь дахиад машин багтаж шингэхээргүй болчихсон байж зээл тавьж машин лизингээр авч байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Машины үнэ огцом нэмэгддэг шигээ эргээд буурахдаа ч хурдан. Зээлээ хүүтэйгээ төлөх гэсээр байтал зах зээлийнхээ үнийг хоёр дахин нугалаад төлсөн тохиолдол ч бий.

Иргэн О: Автомашин худалдаж авч байгаа иргэдийн 70-80 хувь нь лизингээр авч байгаа нь ажиглагддаг. Сүүлийн үед банкны зүгээс тавих шаардлагууд ч нэмэгдсээр байна. Хоёр жилийн өмнө дунд оврын машин авахад зөвхөн өрхийн орлогыг харгалзан үздэг байсан бол одоо заавал барьцаа үл хөдлөх хөрөнгө шаардаж байна. Байраа лизингээр авсан бол машины зээл авна гэдэг ч ярилтгүй болж дээ.

Иргэн Х: Машины ченжүүд өөрсдөө үнийн хөөрөгдөл үүсгээд байх шиг санагддаг. Түрүү жил “Одоо л авахгүй бол удахгүй үнэ нь дахиад өснө” гээд 18 сая төгрөгөөр “шахах” гэж байсан машинаа 2-3 сарын дараа 17 саяар зарж байх жишээний. Худалдан авагч байхгүй болохоор л үнийг нь бууруулаад, татварын сураг дуулдахаар л нэмчихдэг юм билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай