Скрипалийн хэргийн шинэ өрнөл

Өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд 66 настай Сергей болон түүний охин 33 настай Юлия нарыг хордуулсан хэрэг мандаж дэлхий нийтийг шуугиулсан билээ. Тэд Английн Солсбери хотын итали ресторанд хооллосон бөгөөд түүнээс хэдэн цагийн дараа The Maltings  худалдааны төвийн сандал дээр ухаан алдаж унасан байна. Орос иргэдийг ямар нэгэн химийн бодисоор хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээллийг Цагдаагийн газар тухайн үед өгч байв. Удалгүй, мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт хүч болгон 180 цэргийн албан хаагч, химийн аюулаас сэргийлэхэд мэргэшсэн 40 тэнгисийн явган цэрэг, Хатан хааны агаарын цэргийн хүчний 20 офицерээр татан оролцуулсан билээ.  Тус өргөн хүрээтэй мөрдөх ажиллагааны дүнд аав, охин Скрипалийг цэрэг дайны зориулалттай А-234 зэрэглэлийн “Новичок” хэмээх бодисоор хордуулсан болохыг тогтоосон бөгөөд уг бодис хуучны ЗХУ-д  бүтээгдэж, хэрэглэддэг байсны тогтоожээ. Харин ОХУ-ын зүгээс “Новичок”-ийг гаргаж авах үйл явц зөвхөн Орост бус бусад цөөнгүй улсад боловсруулагдаж байгаа”  гэсэн мэдэгдлийг хийв. Гэсэн хэдий ч Британийн таль Скрипалийг хордуулах ажиллагаанд ОХУ-ыг хардаж, ОХУ нь АНУ, Британийн тусгай албыг уг асуудалд сэрдсэнээр нөхцөл байдал улс төрийн хямралын хэмжээнд хүрсэн. Улмаар хоёр улс дипломат ажилчдаа харилцан татан авч, бие биедээ тодорхой хориг арга хэмжээнүүдийг авсан юм. Тухайлбал, Британи ОХУ дахь 23 дипломат ажилтнаа танан авсаны дараагаар Европын холбооны олонх улс, АНУ, Канад, Австрали мөн ийм шийдвэрийг гаргасан. “Новичок” хорын талаарх мэдээлэл түгээмэл бус байх бөгөөд зарим цэргийн мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар эмчлэгдэхэд хүнд төрлийн хор гэнэ. Тиймээс ч аав, охин Скрипальд тусламж үзүүлсэн Солсбери хотын эмч нар тэд нарын биеийн байдлыг анх үзээд эмчлэгдэнэ гэдэгт нь ихэд эргэлзэж байсан тухай өчигдөр Британийн хэвлэлүүд мэдээллээ.

Энэ хугацаанд Сергей, Юлия Скрипалийн биеийн байдал аажмаар сайжирч ирсэн бөгөөд охин нь харьцангуй хурдан тэнхэрч дөрөвдүгээр сард эмнэлгээс гарсан. Үүнтэй холбогдуулан Оросын сэтгүүлчид Юлиятай холбоо тогтоохоор шуурхайлж, удалгүй Скрипалийн хамаатнуудаар дамжуулан түүнтэй утсаар холбогдсон гэх аудио яриаг Оросын телевизүүд түгээв. Мөн Юлиятай уулзах гэсэн хамаатанд нь виз олгохгүй байгаа тухай ч мэдээлсэн. Харин Британийн тал үүнийг үгүйсгэж, үйл явдлын талаарх өөрсдийн хувилбарыг мөн дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл хоёр орны дипломат түвшинд өрнөсөн сөргөлдөөн мөн мэдээллийн өрсөлдөөнөөр үргэлж байна.

Хамгийн сүүлд гэхэд Юлия Скрипаль болсон үйл явдлаас хойш анхан удаа мэдэгдэл хийснээс үүдэн түүнийг тойрсон олон таамаг, хардалт өрнөх боллоо. Тэрбээр тавдугаар сарын 23-нд уг мэдэгдлийг хийхдээ “Бид амьд үлдсэн нь туйлын азтай хэрэг юм. Бид удаан хугацааны турш тэнхэрсэн, их ч зовж шаналсан. Ирээдүйд Орос орон луугаа буцахыг хүсч байна. ОХУ-ын Элчин сайдын яамнаас тавьсан туслах тухай саналд талархаж байгаа ч одоогоор тодорхой дэмжлэг авах бодолгүй байна. Миний болон эцгийн минь хувийн амьдралыг хүндэтгэн үзэхийг хүсч байна” хэмээн тэмдэглэжээ. Үүний дараагаар ОХУ албан ёсны мэдэгдлүүдийг ар араас нь хийлээ. Тухайлбал, Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Британи Юлия Скрипалийн гадаад ертөнцтэй харилцах боломжийг хүчээр хааж байна” гэсэн бол Британи дахь ОХУ-ын Элчин сайдын яам “Юлия Скрипальд тодорхой дарамт үзүүлэх замаар тус мэдэгдлийг хийлгэсэн гэж хардах үндэслэлтэй” хэмээн мэдэгдэв.

Сүүлийн гурван сарын турш дэлхийн хэвлэл мэдээллийн гол баатар болоод байгаа тагнуулч Сергей Скрипаль ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын удирах газар ажиллаж байсан цэргийн хурандаа юм. Британийн тусгай албатай хамтран ажиллаж эх орноосоо урвасан хэргээр 2006 онд цолоо хураалгаж, ял шийтгэгдсэн. 2010 онд ОХУ, АНУ ял эдэлж буй тангуулчдаа солилцох ажиллагааг зохион байгуулахад Скрипаль түүнд хамрагдаж 2010 оноос Англид амьдрах болжээ. ОХУ, Английн иргэншилтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай