Орчуулагч Д.Болдбаатар: Хоёрхон сар Хятад хэл сурж байгаа шавь маань роман уншаад ойлгодог

Аливаа үндэстний ертөнцийг үзэх үзэл, оршихуйг мэдье гэвэл сонгодог бүтээлүүдтэй нь танилцахад баримжаа авчихдаг. Тэгвэл хөршөө судлах нарийн ухаанд хэдэн зуун орчуулгын бүтээлээрээ биднийг хөтөлж буй “Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч, доктор профессор Д.Болдбаатар гуайтай ярилцлаа. Өдгөө түүний түүний нэрийн өмнө Хятад хэлний орчуулагч хэмээх алдар овог мэт дурдагддаг билээ. 

-Гар утас хэрэглэдэггүй таныг олж уулзахад бага зэрэг хүндрэлтэй байлаа. Гэсэн хэдий ч суралцагчиддаа гар утасны аппликэйшн дээр суурилсан аргаар хичээлээ түлхүү ордог болж байгаа юм билээ. Яагаад өөрөө утас ашигладаггүй юм бэ?

-Гар утас бол хоёр иртэй хутга юм. Нэг талаараа номын хүнд гар утас төвөгтэй. Жоохон төвлөрөөд л юм бичих гэхээр ах дүү, амраг садан утасдаад “өнөөдөр чинь тав дахь өдөр шүү дээ уулзъя” гээд дуудаад байдаг. Миний хувьд тав дахь, амралтын өдөр гэлтгүй цаг хугацаа үнэ цэнэтэй. Тэгээд л утасгүй явсаар одоо бүр дасчихсан байна. Тухайн үед ойлгохгүй хүн олон байсан.  Гэхдээ одоо найзууд маань “Чи санаа амар байдаг байх даа. Олон жил гар утасгүй явчихлаа. Чам шиг болох юмсан” гэх болсон.

Залуучууд өглөө оройгүй гар утас оролдож суугаа харагддаг. Хүн гар утсыг өдөрт 120-иос дээш удаа “маажиж” байвал сэтгэцийн хэвийн бус байдал үүсэж, хамааралтай болж байгаа тул сэтгэл зүйчид хандах цаг болсон гэж би гадаадын хэвлэл дээрээс уншиж байсан юм байна. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл  оюуны чадамжийнхаа 95 хувийг алддаг гэнэ. Ер нь гэгээрнэ гэдэг оюун ухааныхаа нөөц бололцоог 100 хувь ашиглахыг хэлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр дуртай зүйл дээр нь дөрөөлж, утасны аппликэйшнтэй холбон хичээл орж үзэхэд их үр дүнтэй байна лээ.  ЕБС-иудын хичээлийг анзаарахад ихэвчлэн хүүхдүүдийн дургүй зүйлийг хийлгэж байна.

-ЕБС-ийн сурагчдад англи хэлний багш  нь “Хүүхдүүдээ мсж бичихээ болиод утсаа далд хий. Энд англи үсэг зааж байна” гэх онигоо яригдах юм. Үүнээс үзэхэд ч  орчин үеийн хүүхдүүдийн хүлээж авах өнцөг өөр болоод байна уу? 

-Цаг үе ондоо болж, олон юм алга болж байна. Пянз, аудио хуурцаг алга болж байгаатай адилхан тун удахгүй үзэг алга болж магадгүй. Бичнэ гэдэг уран зурагтай адил үнэлэгддэг болохыг үгүйсгэхгүй. Өрнөдөд ярилцлагаа хурааж аваад л програмд уншуулахад авсан яриаг нь буулгаад шивээд гаргаад ирдэг төхөөрөмж бий болсон гэнэ. Гараар бичээд тэрийгээ дараа нь шивнэ гэвэл маш их цаг зарцуулах тул шууд л шивдэг болсон. Харин оюутнууддаа дуртай кино, утсыг нь ашиглан англи хэл ороход 10 өдөр заах хичээлийг гурван өдөрт л сурч байна.

-Орон орны багш нарын заах арга барил харилцан адилгүй байх. Хятадууд хүүхдээ яаж сургадаг вэ?  

-Хятадад зургаан настай хүүхэд өглөө 7 цагаас хичээлдээ яваад 4 хүртэл юм бичиж бичиж ирээд, унтталаа даалгавраа хийж байна. Тэгээд онц авдаггүй. Даалгавар хийж явсаар байгаад амьдралын ямар ч зорилгогүй болчихсон. Уг нь бол амьдралын гэрэл гэгээг мэдрүүлж өгөх ёстой газар биз дээ.

Манайхан ч гэсэн ялгаа байхгүй медаль, дүнгийн  төлөө хүүхдийг яахаас ч буцахгүй болж байх шиг. Гэтэл тэр хүүхэд тоглох насан дээрээ биендээ байхааргүй ачааллыг дааж байгааг анхаардаггүй юм шиг.

Мөн түүнчлэн монголчууд шиг их бичдэг улс алга. Тэгсэн мөртлөө арван жил төгсөөд гоё, цэвэр, алдаагүй бичдэг хүн байхгүй. Миний хувьд бичихээр цаг их зарцуулдаг гэж үздэг тул шууд л шивчихдэг юм. Магадгүй тун удахгүй дэлхийн номер нэг боловсролын систем Финландын хүүхдийг бичүүлдэггүй системд шилжих байх.

-Монголчууд хэл сурахдаа авьяастай гэлцдэг. Та үүнтэй санал нэгдэх үү? 

-Манай улсын оюун ухааны академийнхан ой тогтоолтоороо дэлхийд түрүүллээ гээд л баярлацгаагаад байна. Тэмцээнд оролцож амжилт үзүүлж байгаа нь сайн ч монгол хүүхдүүд ухаантайдаа энэ шагналыг аваад, гадаадууд ухаан муутайдаа авахгүй байгаа юм биш. Хамгийн гол нь тэр шагналыг аваад утгагүй гэдгийг зарим орны багш эцэг эх мэдээд цаг зарцуулдаггүй. Хүүхдийг хүүхэд чигээр нь байлга. Хятадууд хэлэхдээ АНУ бол хүүхдийн диваажин, Залуучуудын тулалдааны талбар, Хөгшчүүдийн авс гэлцдэг юм билээ. Тэгэхээр хүүхдүүдийн аваад байгаа гавьяа шагнал тийм ч хүсээд байхаар юм биш. АНУ бол үүнийг хэдийн ойлгочихсон байгаа юм. 

-Та хүүхэд залуусыг сургахдаа юуг гол болгодог вэ?

-Миний зааж байгаа зүйлийн 80 хувь нь сэтгэлийг тогтоож засахад чиглэдэг. Сэтгэлээ тогтооно гэдэг энэ ертөнцийн дөрвөн чухал зүйлийн зангилаа болдог зүйл. Харамсалтай нь аль ч шатны сургалтанд энийг орхигдуулаад байх шиг. Амьд бие махбодын зүрх нь байхгүй яваад байгаатай л адил юм. Ер нь “нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ” гэх үг бий. Нэг их олон хаалга онгойлгох гээд алийг нь ч чаддаггүй. Гол нь утгын үүдийг л нээх хэрэгтэй.

Нийгэм гэр бүл орчны нөлөөгөөр хүүхэд том болох тусмаа бодлын тоосонд дарагддаг. Хэрэв хувийн зөв зохион байгуулалттай байж чадвал бодлын тоос арилж, эс чадваас атгаг ялгамжаатай үзэлтэй болдог. Ямар ч уран гоё аргаар эрдэм заасан юм сурахгүй бол тэр шавь тоосонд дарагдсан эсвэл урд нь ангал байна гэсэн үг.  Шавьд нисваанис, атгаг ялгамжаатай үзэл, эго буюу би үзэл, автах хандлага төлөвшвөөс ангалд унаж байгаа гэж үздэг тул дээрх дөрвийг л ангид байлгахын хичээдэг юм.Тийм болохоор учир зүггүй ханз бичүүлэхээс татгалздаг.

-Шавь ямар байгаасай гэж хүсдэг вэ?  

-IQ өндөр ухаантай шавьтай  болохсон гэхээс илүү туйлбартай суугаад байдаг шавь хэрэгтэй. Тууштай байгаа хүнд бас уйтгартай юм заагаад байж болохгүй. Тиймээс зааж байгаа багш нигүүлсэхүй сэтгэлийг иш болгож, уран аргыг үүдээ болгон аль болох амар хялбар аргаар юм зааж өгөх хэрэгтэй.

Хүмүүсийн ярьж байгааг сонсохнээ

Англи хэлийг суръя гэвэл дөрвөн жил хэрэгтэй

Япон хэлийг суръя гэвэл залуу нас хэрэгтэй

Хятад хэлийг суръя гэвэл бүх нас хэрэгтэй

Ийм явган яриа сонсчихсон хүн зүрх нь үхээд юу сурах вэ дээ.

Миний шавь нар дунд хоёр сар тууштай яваад сонин роман уншаад ойлгодог болчихсон хүмүүс байна. 

-Хэлийг олон жил сураад олигтой үр дүнд хүрэхгүй байгаа нь ямар шалтгаантай бол?

-Хүний амьдралд хорин хэцүү гэж байдаг гэнэ. Гурван муу заяанаас ангижирч хүмүүн заяаг олох, дээдийн номтой учрах амаргүй гэх мэт. Энэ бүх 19 амаргүйг давлаа гэхэд хичээл шамдалыг үүсгэх хамгийн амаргүй гэнэ. Заримдаа би гутрахаараа шавь нартаа хэлдэг юм. Ийм сайхан арга байхад хичээхгүй байна гэдэг цэнгэг голын хөвөөнд цангаж үхэж буйтай адил. Ер нь хүн шантраад байх юу байна. Хоёр сарын хугацаанд Хятад хэл сурна гэдэг гайхах хугацаа биш, дээр үеийн мундаг багш нар хуруу инчдэхийн хооронд номоо өвлүүлдэг байсан гэлцдэг. Хэтрүүлэгтэй хоосон мэт сонсогдох мэт боловч боломж бий гэдгийг илтгэж байгаа юм. Хэрэв дээрх дөрвөн ангалыг давчихвал компьютерд плаш хийгээд л мэдээлэл авахтай адил болно. Миний шилдэг оюутны хэлэхдээ “Скайнер шиг тусгая

Спикер шиг гаргая” гэсэн удаатай. Үнэхээр өөрөө тэгж гаргаж чадсан хүүхэд юм.

-Орчуулагч хүнийг орчуулах чадвараас нь гадна сонгож авсан бүтээлийн сонголтоор нь үнэлдэг гэх юм билээ. Та сонголтондоо хэр анхаардаг вэ? 

-Бүтээлээ олно гэдэг их судалгаа шаарддаг ажил. Зохиолоо оллоо  гэхэд нэг зохиол сайн муу холилдсон 800 янзын хувилбартай байна. Тэр дундаас сайныг нь олно гэхээр бас ярвигтай. Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл 42 янзын хувилбар байдаг. Модон бараар сийлнэ гэдэг асар их хөрөнгө цаг хугацаа шаарддаг мөртлөө үсгийг буруу харуулж сийлдэг тул алдаа их гарч дахиад л засдаг байжээ. Гэтэл үүнийг нэг мөр болгоно гэдэг орчуулагчийн хийх ёстой ажил юм даа. Ер нь миний орчуулгыг зуун жилийн дараа хүмүүс ойлгохгүй байх вий гэж боддог. Хэл гэдэг амьд болохоор байнга шинэчлэгдэж байдаг. Ялангуяа Мил богдын намтрыг зуун жилийн дараа ойлгох хүн олдохгүй. Дахиад зуун жилийн дараа шилдэг орчуулагч гарч ирээд унших дадалд нь тааруулж шинээр орчуулах байх. Орчуулга бол байнга шинэчлэгдэж байх эрэлтээ нэхэж байдаг зүйл. Жишээ нь Хятад зохиолд эротик чиглэлийн дүрслэлийг гаргадаггүй юм. Улаан асрын зүүд дээр энэ талаар нарийн дүрсэлсэн хэд хэдэн шүлгүүд бий. Тэгэхээр одоо хориотой дүрслэлийг хассан хувилбарыг шаардаж байгаа юм. Зарим залуу орчуулагчид орчуулга бус оршуулга хийж байна. Улаан асарын зүүд гээд хятадын сонгодог бүтээлийг булшилсан харагдана лээ. 

-Дорнын соёл өрнийнхөөс ялгарах онцлог сайхан нь юу вэ?

-Хамгийн сайхан соёл Монгол соёл. Бидний өвөг дээдэс өрнө дорнын аль аль соёл руу орох боломж байсан. Гэвч яагаад ороогүй гэхээр хүч чадлынх нь нууц бол харийн соёл руу орвол хэн ч биш болно гэдгээ мэддэгт байсных. Манай улсын хүн ам саяас илүү гарч байгаагүй. Тэгээд 100 сая Хятадыг яаж эзэлж чаддаг байсан бэ гэхээр оюун ухааных нь мөн чанар алдаагүй юм. Хятадууд ном хараад л суучихдаг. Ном их харна гэдэг чинь, оюун ухааныхаа хүчин чадлыг алдаад байна шүү дээ. Нэг загварт автаад байгаа юм. Инжинаш хэлэхдээ “Зургийн сударт гурван янзын арга байдаг. 1 дэх нь төрмөл, 2 дахь нь сурмал 3 дахь нь дууриамал” гэсэн байдаг.  Нангиадад бол дандаа сурмал буюу дууриамал зүйлс л байдаг. Төрмөл зүйл бараг байддаггүй. Харин манай ар газарт дандаа төрмөл авьяастангууд байна. Үүнийг Мил богдын намтар дээр Сайн оюун, Төрмөл эрдэм гэж гоё хэлсэн байдаг.   Манай ард түмэн төрмөл эрдмийг гол болгож байсан болохоор юунд ч дийлдэхгүй өрнөдийг ч дорнодыг ч дарж байсан. Үүнээс холдчихсон байгаа болохоор амьтны ад болоод байгаа юм.  Өрнө дорнынхон хөдөлмөрч ч гэлээ түрүүний хэлж байсан дөрвөн саадыг даваагүй л санагддаг. Гэхдээ өрнө ч бай дорно ч бай энэ орчлонд хүний төрлийг олж төрнө гэдэг л их том хувь юм. Бид энэ орчлонд хүмүүн заяа, билиг оюун, цаг хугацаа гэх  гурван том бэлэгтэй ирсэн. 

-Төрмөл авьяасаа тордож, бэлгээ эдлэн, тааваараа бөгөөд тууштай суралцах ёстой юм байна гэж ойлголоо

-Тийм ээ. Ер нь бол бидний үзэх ёстой хоёр л ном байдаг. Нэг нь нирваан нөгөөдэх нь орчлон.  Нирваанд хүрч зовлонгийн далайгаас гэтлэх хэрэгтэй. Зовлонгийн далай хязгааргүй эргэж гарах эрэг мөн. Нисванисгүй, эгогүй, автахгүй байвал оюун ухааныхаа жинхэнэ мөн чанарт хүрнэ. Хэл зааж байгаа мөртлөө энэ ёсыг ойлгуулах гэж үздэг. Зарим хүн шамдан сурч буй мэт боловч юм сурдаггүй бол өөр нэг хүн 12 жилийн турш зөвхөн далай л харж Далай харж байгаад л бурхны хутгыг олсон байдаг.  Мөрөөдлөө давж харах хэрэгтэй.   Туйлшралгүй түүнийгээ давж сэтгэ. 

-Таны дадал зуршил юу вэ?

-Зуршил гэхээсээ илүү одоогоороо амьдрахыг л хичээдэг. Даган баясах гэж том арга байдаг. Таван сахил бас л нэг арга. Нэг гуйлгачин бурхан багшийн үйлдэж байгаа бүхнийг даган баяссаар байгаад бурхан багшаас дутахгүй буян хураасан гэж байгаа юм. Зүйрлэвэл нэг бамбараас хэдэн мянган бамбарыг асаахад тэр гэрэл хорогдохгүй. Үүнтэй адил  төөрөг дагана гэж зүйл байдаг. Ер нь би зөнгөөрөө аясаараа явахыг хичээдэг.  Яг одоо дээрээ төвлөрч, өдрийг дүүрэн сайхан  өнгөрөөх хэрэгтэй. Өөрт болон бусдад тустай зүйл хийх хэрэгтэй. 

-Өдрөөрөө амьдардаг хүмүүс мөрөөдөгчдийн эсрэг байр суурьтай байдаг.

-Мөрөөдөл бол нэг бодлын хүлээс юм. Нэг юм хараад мөрөөдчихөөр мөрөөдөж байгаа зүйлээсээ өөр зүйл харж чадахаа больчихдог юм. Манай нэг шавь оюутан байхдаа ном хийнэ гээд болдоггүй. Чи ном хийх болоогүй гээд би хэлж байсан юм. Хэрвээ зүйрлэвэл тэр хүүхэд нэг түц л ажиллуулах гээд байгаа юм. Хүн холыг харж хоёрыг сэтгэж байж мөрөөдөх хэрэгтэй. Сүүлд нөгөө хүүхэд маань их сайхан ойлгоод явсан. Үнэндээ жижиг мөрөөдөл осолтой. Гэхдээ хүнд эх орноо, ард түмнээ боддог гэсэн сэтгэл зайлшгүй байх ёстой. Хятадад нэг ийм үг байдаг. Гагцхүү сайн үйлээр явагтун. Хожмын өдрийг битгий бод гэж үг байдаг. Ингэснээр магадгүй чиний зорьж байсан зүйлээс давсан юман дээр буух болно.

-Хаалгаар орж ирэхэд NEVER STOP DREAMING гээд үг байсан.  Та мөрөөддөг үү?

-Тэр бол Гегелийн хэлсэн үг. Гегель манай ард түмнийг их сонирхдог байсан бололтой. Оюуны эрх чөлөөг дээдлэх нь Монгол ухаан болой гээд тэр хүн хэлчихсэн байна.  

Санааны мухарт бодож явдаг зүйл бол байлгүй яахав.

-Санааны мухарт байдаг зүйлээсээ хуваалцаач

Богд уулын өвөрт 100 оюутан суралцах хүсэл эрмэлзэлтэй залуусыг цуглуулсан campus байгуулах юм сан гэж боддог.  Тэндээс 10 шилдэг багш, 10 шилдэг оюутан, 10 шилдэг орчуулагч, 10 шилдэг сэтгүүлч, төрүүлэх юмсан гэж боддог юм. Үнэндээ би та нарыг 5 хэлтэй байгаасай гэж боддог юм. Таван хэлтэй хүн бол маш холыг харж чадна даа. Таван хэлтэй түүхч бэлтгэн  тэнд зөвлөх маягаар сууж байх юмсан. Тэгээд сайхан сууж байх юм. Олон түмэнрүүгээ хандъя гэж бодсон. Даяаршлын нөхцөлд оршин тогтнох үндэс бол оюун ухаан л байгаа юм. Таван хэлний өндөр мэдлэгтэй хүмүүсийг бэлтгэн гаргачих юм бол оюуны цэргүүдээ бэлтгэчихлээ гэсэн үг. Оюуны цэргүүдээ бэлтгэж чадах юм бол жинхэнэ гайхамшиг болно. Одоохондоо Хятад, Англи хэлний сургалтаа явуулан завгүй байгаа ч танхимын сургалтаасаа шалгарсан хүүхдүүдээ оюуны соёлын мянган бүртгэн авч байгаа. 

-Хятадаас үлгэрлэх зүйл юу байна? 

-Саяхан Шин Хуа группийн урилгаар яваад ирлээ. Хөх хот, Ордос аймгуудаар орлоо. Тэгээд Чингисийн онгоныг үзэж сонирхоод Тэнд бүрээ манхан гээд элстэй газар байгаа юм. Элсэн тасархайгаас нэг их гоё биш. Тэрийг дөрвөн сая юанаар ах дүү хоёр худалдаж авсан гэнэ. Тэгсэн өнгөрсөн жил тэнд сая жуулчин хүлээж авсан байна.

Өмнөд Хятадынхан элс үзье гэж их ирдэг гэнэ. Жуулчид нэг хонохдоо л 3000-5000 юань зарлагаддаг. Тэнд учиргүй үйлчлээд байх зүйл ч байхгүй дээ. Элс үзүүлж, гулгуулж байгаад л 5000 юань авчихна. Жилд сая хүн тэр жуулчны баазыг зорьдог. Энэ жил хоёр сая болгох зорилготой байгаа гэнэ. Тэгэхээр бидэндт хэчнээн их нөөц байгаан вэ. 

-Ер нь бид дээр доороо бодолтой л байхгүй бол манайхан Өвөрмонгол руу үйлчлэгч, малчин, саальчин, оёдолчид, тэр ч байтугай уяачид маань хүртэл олон арваараа удаан хугацаагаар суурьшин ажиллахаар очдог болжээ. Нүүдэлчдийн хүчирхэг төрт гүрнүүд илд мэс, ирт зэвсгийн сүр хүчинд автаагүй ч энэ мэт хүн амын их нүүдлийн нөлөөгөөр эзгүйрэн мөхсөн түүх байсныг мартаж боломгүй.

Энэ асуудлыг шийдэх гол гарц ердөө л "Хөгжил хөгжил бас дахин хөгжил". Түүнээс өөр юу ч биш.

Ярилцсанд баярлалаа

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай