ФОТО: Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр тохиож буй Бурхан багшийн их дүйчин өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр” болгон “Ёс суртахуунаа дээдлэе” уриан дор тэмдэглэж байна.

Эл өдрийн ёслолын ажиллагаа Жанрайсигийн өмнөх талбайд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд хандан айлдвар айлдсанаар эхлэв. 

Бурхан багшийн үйлс, зохионгуйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас тунхагласны дагуу 2000 оноос олон улсын баяр болгон тэмдэглэж ирсэн Их дүйчин өдрийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төр, шашны үйл хэргийг төрийн хуулиар тогтоон зохицуулна гэж заасныг онцлоод,  олон зуун жилийн туршид тахин шүтэж ирсэн бурхны шашны түүх, соёл нь Монгол төрийн түүх, соёлтой олон талаараа холбоотой. Тиймээс үндэстэн оршин тогтнох явдал бол шашныхаа түүх, соёлыг дээдэлж, үйл хэргийг нь дэмжих явдал гэлээ.

Үүний дараа Соёмбот туг, Бурхан багшийн ринсрэл залж, мандал өргөв. Мандал өргөх гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа буян хишгээ Бурхан бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой аж.

Энэхүү ёслолын ажиллагаанд сүсэгтэн олон хуран цуглаж, ном даган баясаж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай