ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам эхэллээ

Өнөөдөр Спортын төв ордны А зааланд “Нэг бүс-Нэг зам” Монгол-Хятадын хамтарсан "Grand China sports" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын нээлтийн ёслол боллоо.

Энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмын зорилго нь Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Монголын үндэсний паралимпийн хорооны дүрмийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, пара спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Наадмын нээлтийн ажиллагаанд заалны хоккей, хонхот бөмбөг, бочи, хөнгөн атлетик, ширээний теннис, жүдо бөх, шатар, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлийн тэмцээнд хурд, хүч, ур чадвараа сорин оролцох 537 тамирчин болон багш дасгалжуулагч, шүүгчид Спортын ордонд жагссан байв. Мөн хүндэт зочид, үзэгчид хүрэлцэн ирж оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийт баг тамирчдад амжилт хүссэн юм.

Энэхүү наадмын нээлтийн ёслолд Монголын талаас БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга С.Чинбат, ЗГХА БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү, Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Хятадын Биеийн тамир спортын ерөнхий холбооны ерөнхийлөгч Хоу Да Вей тэрүүтэй албаны зочид төлөөлөгчид ирсэн байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай