Б.Баянбат: Намайг киноны “малгай жаал” гэдэг байлаа

Түмэн олны дунд түүх, дурсамжаар тун баялаг, хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй хүмүүс чимээгүй, даруухнаар амьдарч байх. Чухамхүү ийм хүмүүсийн нэг, “Монгол кино” үйлдвэрийн анхны дууны найруулагч Б.Баянбаттай таарч ярилцлагад урьсан юм. Манай “Далд хүмүүс” булангийн утга, зорилго ч ийм, эгэл атлаа энгүй хүмүүсийг тодруулах билээ.


-“Монгол кино” хэмээх их айлын босгоор хэзээ, хэрхэн алхаж орсон түүхээ сонирхуулж ярих уу, та?

-Би физикч мэргэжилтэй. Гэхдээ киноны дууны найруулагчаар “Монгол кино” үйлдвэр хаалгаа барьтал ажилласан, сайхан уран бүтээлчдийн дунд амьдралынхаа алтан үеийг өнгөрөөсөн хүн. 1962 онд МУИС төгссөн. Кино үйлдвэрт инженерээр очоод удаагүй байлаа. Тухайн үед дууны найруулагч байгаагүй болохоор “архаг” найруулагчид намайг хөрвүүлээд дуу бичлэгийн инженер болгочихсон юм. Тэгснээр “Монгол кино”-ны дуу бичлэгийн анхны дээд боловсролтой мэргэжилтэн болсон түүхтэй. Б.Балжинням, Х.Дамдин нар зураглаач байгаад найруулагч болсон. Тэдэнтэй адил юм уу даа.

-Та ямар ямар кинонд дуу оруулах ажил гардан хариуцсан бэ?

-Уран сайхны болон баримтат 40 гаруй кино бий. Анхны ажил маань “Аман хуур” кино. 1963 онд юм, Б.Жамсран найруулагч “Инженерт арай өөр ажил санал болгоё. Та дууны найруулагч болж чадна. “Аман хуур” кинонд ажиллаадахаач” гэсэн л дээ. Уран сайхны зөвлөлийн хурлаар хэлэлцээд “Болж байна” гэж үзсэн юм байлгүй, дараахан нь “Нийслэл хүү”-д явуулсан. Тэр бүтээлээс хойш дууны найруулагчаар үндсэндээ насаараа ажилласан. Найруулагч Ж.Бунтар гуайтай мөн ч олон өдөр, шөнө хамт суусан даа. Гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан кинонуудад ажиллаж байлаа. Чехэд “Хайрхан өндөр хаа байна” киноны ажлаар явсан.

Орост хэд хэд очлоо. БНХАУ-д “Чандган цагаан өргөө” гээд 1990-ээд онд хийсэн киноны ажлаар бас явсан. Их сайхан он жилүүд ард хоцорчээ. Одоо бол үйлдвэрийн маань буурин дээр “Монгол кино” нэгтгэл нэртэй байгууллага байна. Би эдний ажилд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг. Насаараа ажилласан байгууллагаа гээд яваад очиход хүлээж авах хүн ч бараг байхгүй. Жил улирах тусам үнэд орох олон сайхан бүтээлийг өндөр боловсролтой мэргэжилтнүүд хийж байсан үйлдвэр юм сан. Кино үйлдвэрийг тараан бутаргасан хүмүүс юу бодож явдаг юм бол. Ингээд бодохоор бухимдаад байдаг юм.

-Сайхан бүтээлүүдийн тухай ярья. Та 40 гаруй киноны дууны найруулагчаар ажилласан байна. Дээжээс нь нэрлэж болох уу?

-“Аман хуур”, “Нийслэл хүү”, “Тууврын замд”, “Гарьд магнай, “Тод магнай”, “Цэц магнай”, “Ирж яваа цаг”, “Нэг ангийн хоёр”, “Хайрхан өндөр хаа байна”, “Үлгэр дуусахын өмнө” зэрэг уран сайхны олон кино бий. Үүний зэрэгцээ баримтат олон кинонд ажилласан.

-Үндэсний кино үйлдвэрлэлийн шилдэг бүтээлүүдийг нэрлэж байна. Дууны найруулагчийн ажлын талаар ойлголт өгнө үү. Сонирхолтой байх даа.

-Дууны найруулагч гэдэг бол киног дуутай болгож, өөрөөр хэлбэл, амь оруулдаг мэргэжил. Хуучны яриагаар бол шүншиглэдэг гэх юм уу даа. Кино нь найруулга, зураг, дуу гэсэн гурван тулгуураас бүтдэг нийлмэл урлаг. Аль нэг нь дутвал кино болохгүй. Дууны найруулагч кинонд дуу оруулах жүжигчдийг сонгож, яриаг нь бичнэ. Тоглосон жүжигчдийнхээ дууг ч мөн бичнэ. Кинонд байх гадна, дотнын бүхий л чимээг олж, цуглуулж хийдэг.

Хөгжмийн зохиолчийн туурвисан хөгжмийг кинонд хийж өгнө. Үндсэндээ бол дуун зураглал хийдэг гэсэн үг. Зураглаач дүрсээр, харин дууны найруулагч дуугаар зурдаг гэж хэлж болно. Дууны найруулгын план гэж гаргадаг юм. Түүнийг харж байгаад жүжигчдийн дууг зориулалтын танхимд бичдэг. Харин гаднын чимээ бичих бол гадаа, зургийн талбайд ажилладаг. Машин явж байгаа чимээ ч хэрэг болно шүү дээ. Хөгжмийн зохиолч хөгжим бичээд ирэхэд студид тоглуулж бичдэг.

Ажил ихтэй. Нэг кинонд долоо, найман төрлийн дуу шаардлагатай байдаг. Хамгийн сүүлд нэгдсэн бичлэгээр оруулж, нэг суваг дээр тааруулан дүрсний утга санааг илрүүлэх дуу болгож гаргадаг. Ийм шат дамжлагуудын дүнд киноны дуу бэлэн болдог.

-Санаагаар болдог бол зураг авалтын үеэр дууг нь давхар биччихвэл амар санагдах юм.

-Тийм боломжгүй. Гэхдээ зураг авалтаар дуу бичдэг л дээ. Түүнийг хар бичлэг гэдэг. Сүүлд нь дуу оруулахад хэрэг болдог юм. Жүжигчдийн яриаг зураг авснаас хойш тусад нь бичиж оруулна шүү дээ. Жишээ нь, наадам болж байлаа гэхэд тэр үеийн дуу чимээг яг л үйл явдал хэрхэн өрнөж байгаагаар бичих гэвэл орчны дуу орж ирээд балладаг. Машин тэрэгний дуу, хүмүүсийн тухайн үеийн үг хэллэг, ялангуяа залуусын бие биеэ хагас нэрээр дуудах, хараалын үг хэлэх зэрэг нь тэр чигтээ бичигддэг тул кинонд дуу оруулахдаа студид заавал дахин бичдэг.

-Дуу оруулах бичлэг хийхэд жүжигчид зургийн талбайд ярьснаараа байж чаддаг уу. Үг, яриаг зөрүүлэх үү?

-Гайгүй. Тэд ярьж хэлэх ёстойгоо л хэлдэг. Найруулагчийн удирдлага дор нэг үг, өгүүлбэрийг хэчнээн дахин хэлж, тоглож байгаа юм чинь цээжилчихсэн байдаг. Жүжигчид байтугай бид бараг бүгдийг нь мэддэг болсон байдаг.

-Дүр бүтээсэн жүжигчдийн дуу хоолойг өөр хүн оруулах хэр оновчтой вэ?

-Жүжигчин болгон тоглож байгаа шигээ ярьж чаддаггүй. Дуу авианы өнгө, үг, яриа тааламжтай байх, эсэх гээд олон шалгуурт тэнцэхгүй тохиолдол байдаг. Тийм үед бусад чадварлаг жүжигчнээр дуу оруулуулдаг.

-Та энэ талаар сонирхолтой жишээ хэлж өгөөч. Жишээ нь, аль кинонд тоглосон ямар жүжигчний дууг хэн оруулсан бол?

-“Гарьд магнай” киноны гол дүр Далайцэрэнд тоглосон бөх Батдоржийн дууг жүжигчин О.Бат-Өлзий, Очир заанд тоглосон жүжигчин Алтангэрэлийн дууг жүжигчин “хөх чоно” Дамдин оруулсан. “Аман хуур”-т тоглосон Бадамгарав, Цэрэнлхүндэв гуай, Элбэгсайхан нар өөрсдөө дуугаа оруулсан бол хоёр хөгшний охинд тоглосон бүсгүйн дууг Ягаан Гажид хэмээх Цэнд-Аюуш оруулсан.

-Өөр хүн дуу оруулж байна гэж ер бодогддоггүй. Дууны найруулагч сайн ажилласных уу?

-Дуу оруулсан жүжигчдийн сайных шүү дээ. Бид дэмжиж өгнө. Хэлэх юмаа л хэлнэ.

-“Нийслэл хүү”-гийн нийслэл хүүгийн дууг удирдаач Ж.Бүрэнбэх гуай өөрөө оруулсан уу?

-Үгүй. Жүжигчин Д.Элбэгсайхан дуу оруулсан.

-Сонирхолтой юм. Найруулагч нараас хэнтэй нь дотно байв даа, та?

-Ж.Бунтар найруулагчтай олон кинонд хамт ажилласан. “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай”, “Ирж яваа цаг” гээд олон доо. Ер нь найруулагчид бүгд л ажлын талбар дээр аашилдаг ч бусад цагт анд нөхөд байдаг нь сайхан. Б.Жамсран найруулагч гэж ажилдаа цагтаа гозойж байдгаараа алдартай хүн байсан. Түүнийг “загвар” Жамсран гэдэг байсан юм. Гутлаа гялалзтал тосолж өмсөөд, дугуй хар малгай духдуулан цэмбийж зогсдог сон.

-Нэг мэргэжлийнхэн дунд энэ мэтчилэн бие биеэ хочилж дуудах нь бий. Өөр, хэнийг юу гэж дууддаг байсан бол?

-Ж.Бунтар найруулагчийг Бондарчук, жүжигчин Элбэгсайханыг “Горзон хөх”, Банзарыг “Раам” гэдэг байсан. Жигжид найруулагчийг бас сэм хэлнэ ээ. Ц.Гайтав гуай шиг санаж байна. “Эзэрхий төрийн үед эрлэг баймаар, энэ төрийн үед эсэргүү баймаар Жигжид” гэж шүлэглэж хэлсэн нь хэдэн жилдээ хоч нь болсон. Найруулагч мэддэг ч юу ч хэлэхгүй.

-Танд хоч байхгүй юу?

-Намайг нөхөд минь “Малгай жаал” гэдэг байлаа.

-Юу гэж байгаа юм бэ?

-Би бас том хар малгай духдуулна. Түүнээсээ сална гэж үгүй. Биеэр жижиг ч байлаа. Манайхан миний тухай ярихдаа нэрээр бараг дуудахгүй, киноны “малгай жаал” уу л гэнэ. Би ч дасчихсан.

-Киноныхон, орон нутагт бригадаар явж байсан урлагийнхан адал явдлаар дүүрэн байдаг. Та нарт хөгжилтэй явдал бишгүй тохиолдож байсан байх. Сонирхуулаач, та.

-Бид “Тууврын замд” киноны натурт явж байсан юм. Гол дүрийн эрэгтэй, эмэгтэй хоёрын дотно хэсгийн зургийг майханд авч байлаа л даа. Орой бүрий ч болсон байлаа. Хийх юм олддоггүй ээ. Нэг мэдсэн ойрхон гол орчимд мэлхий дуугараад байлаа. Хэзээ ч, юунд ч хэрэг болж магад гэж бодоод, зүгээр суухаар мэлхийн дуу бичиж авъя гээд, чимээ гарч байгаа зүг рүү явлаа.

Явах тусам хаана дуугараад байгаа нь мэдэгддэггүй. Аппаратаа бариад, шунаад яваад л байлаа. Тэгсээр байтал харанхуй болчихсон. Гэтэл ганцхан хий гишгээд гол руу уначихдаг юм байна. Усан хулгана болсон хүн эргэж ирэхэд манайхан шоолж байна гэж жигтэйхэн. “Юу хийж, хэнийг хөөж яваад бүтэлгүйтэв” гээд байлаа. Түүнээс хойш хэсэгтээ надаар тоглосон доо.

Бас нэг инээдтэй түүх байна. Дууны найруулагч Ө.Чойжилсүрэн гэж ахмад байлаа. Зураглаач О.Уртнасан гуайтай тарваганы тухай баримтат кино хийх үеэрээ нэг удаа хөглөсөн байсан. Тарвага хошгирох дуу хэрэг болжээ. Тэгэхээр нь тарваганы дошин дээр дуу хураагчаа зоогоод сахиж л дээ. Тэгсэн өөрөө төд удалгүй унтчихаж. Хальс нь эргээд дуусаж, буцаагаад сонстол өөрийнх нь хурхирч байгаа дуунаас өөр юу ч байгаагүй гэдэг. Энэ мэт адал явдал зөндөө. Манай кино үйлдвэр цагтаа 500 гаруй ажилтантай байлаа шүү дээ.

-Их том байгууллага байжээ.

-Тэгэлгүй яах вэ. Түүх, туршлага гэж арвин. Одоо “Монгол кино нэгтгэл”-д хэдэн хүн ажилладаг, юу хийдэг, ямар бүтээл гаргадаг нь, тодорхойгүй. Кино үйлдвэрийн байр руу яваад очиход тэнд өмнө нь байсан дурсгалын гэрэлт самбар, зураг хөргүүд байхгүй. Бүүдгэр гэрэлтэй хөндий хоосон байшин угтах нь нэг л хүйтэн. Үе үед ажиллаж, бүтээж байсан хүмүүс, уран бүтээлчдийн тухай материал сэлтийг хадгалж байдаг юм уу, үгүй юм уу, бүү мэд. УДЭТ, ДБЭТ, Монголын радио, Монголын үндэсний телевиз гэх зэрэг байгууллага ахмадуудаа яаж хүндэлж, зураг хөргийг нь жирийтэл өрсөн байдаг билээ.

Манай үйлдвэр тийм байгаасай гэж хүсдэг юм. Монголын кино урлагийн алтан үеийнхний шууд залгамж болсон ахмадууд өнөө хэр амьд сэрүүн байгаа, жил ирэх тусам цөөрсөөр байхад бие биетэй нь уулзуулж, дурсамж яриулж, бичиж тэмдэглэж авдаггүй юм байх даа. Түүхийг бодитоор нь авч үлддэггүй юм байх даа гэж боддог. Ахмад уран бүтээлч, кино найруулагч Д.Жигжидсүрэн монгол киноны тухай дурсамж нэвтрүүлэг санаачлан хөтөлж байдаг нь сайн хэрэг. Эрхбиш дунд нь байсан юм болохоор бодит түүх, болсон явдлын талаар өгүүлдэг, дурсдаг. Гэлээ ч эхэн үедээ байгаа болохоор тэр үү, жаахан явцуу хүрээнд ярьж байгаа санагддаг.

Цаашид дэлгэрүүлэх байлгүй дээ. Энэ мэт хэлмээр юмнууд байдаг юм. Надтай таарч, дурсамж яриулж, товчхон ч болов түүх сөхүүлсэнд их баярлаж байна. Яагаад ч юм сэтгэлд хургаж байсан гомдол алга болчих ч шиг санагдлаа. Манай “Монгол кино” үйлдвэр байгуулагдсанаасаа хойш 1990-ээд оны эхэн хүртэлх хугацаанд 950-иад нэрийн 2200 гаруй бүлэг баримтат, 200 орчим уран сайхны кино хийж, гадаадын 650 шахам киног монгол хэлнээ хөрвүүлэн үзэгчдэд хүргэж, улс орондоо, ард түмнийхээ оюун санаанд асар их өв үлдээсэн юм. Ийм сайхан хамт олны нэгэн эд эс болж амьдарсандаа ах нь их баярлаж явдаг юм аа.

Кино найруулагч Ж.Бунтар, Д.Жигжид, Р.Доржпалам, Б.Сумхүү, Ц.Зандраа, Б.Жамсран, зураглаач Г.Цэрэн, О.Уртнасан, Д.Давааням, жүжигчин Р.Дамдинбазар, Д.Элбэгсайхан, Б.Дамчаа, дууны Л.Найдан, Ө.Чойжилсүрэн, Л.Гаваа болон тэдний залгамж үеийнхэн гээд бүтээл туурвилдаа шамдаж, улмаар хийх бүтээх хүсэл тэмүүлэлдээ “шатаж” явсан уран бүтээлчидтэй нэгэн үед ажиллаж, хөдөлмөрлөж явсан маань миний бахархал.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай