Цэцийн гишүүдийн томилгоо буюу тохиролцооны төр

 Үндсэн хуулийн гишүүнээр томилох хүнд тавих шаардлага тун тодорхой. Ердөө л “Цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн ганцхан заалт Үндсэн хууль болон холбогдох хуульд бий. Өнгөрсөн долоо хоногт томилсон гишүүдийн зарим нь уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн нэр бүхий хуульчид Цэцэд хандах сурагтай. Өөрөөр хэлбэл, хуульч л мэргэжилтэй болохоос бус, хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүмүүсийг томилоогүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Цэцэд хандахаар төлөвлөж буй аж. Үнэндээ тэд тодорхой үр дүнд хүрч, томилгоог буцаана гэх найдвар бага ч үзээд алдахад гэмгүй. Хуулиар олгосон эрхээ эдэлж, хуудуутай зүйлстэй эвлэрэхгүйгээ илэрхийлж буй нь буруу биш ээ.

Цэцийн сая томилсон дөрвөн гишүүний гурав нь буюу Ерөнхийлөгчийн санал болгон томилуулсан эрхмүүдийг хуульчид “онилж” буй нь нэгэнт нууц биш болсон. Гэвч хуульчдын хэлээд буй тогтсон жишиг, хэмжүүрт хүрэхгүй хүмүүсийг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийг өнөөдөр буруутган, шүүмжлэх нь утгагүй. Гагцхүү тэднийг томилсон УИХ-тай ийм замаар ч болов хариуцлага тооцох учиртай. Учир нь Ерөнхийлөгч “үл бүтэх” хүмүүс нэр дэвшүүлсэн байлаа ч тэднийг томилохгүй байж болох л байсан, УИХ. Парламентад эрх нь бий. Харамсалтай нь, гишүүд тэднийг томилсон хуралдааны үеэр нэр дэвшигчдийн талаар ёстой л “бөв бөөрөнхий” үг хэлсээр байгаад л дэмжчихсэн.

Монголын төр тохиролцоо, наймааны нуруун дээр тогтож байгааг ийн баталчихлаа. Хатуу, шулуун үгтэйгээрээ “алдартай” Ц.Нямдорж гишүүн хүртэл Цэцийг “Том хуульчдын ном хурах газар” гэж мундаг тодорхойлчихоод, тэр зиндаанд хүрч ажиллахыг захихаас хэтэрсэнгүй. “Хууль, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг Цэцийн гишүүнээр томилно” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй, ихээхэн учир утгатай болохыг дахин дахин онцолсон Ц.Нямдорж гишүүний үг эрхзүйч гэх мэргэжилтэйгээс цаашгүй гурван хүнийг “Монголын урдаа барьдаг хуульчдын хэмжээнд ажиллаарай” хэмээн захихтай нь үнэндээ авцалдахгүй байсан.

Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэдэг танхимд онолын бөгөөд олон талын асуудал хамарсан халуухан мэтгэлцээн өрнөдгийг хашир гишүүн мэдэж л баймаар. Мөн залуу гишүүдээс гайгүй дориун үг хэлчихдэгээрээ ялгардаг Л.Оюун-Эрдэнэ ч нэр дэвшигчдийг гөвшиж гөвшиж байгаад л дэмжсэн. Шалтгаан нь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүмүүсийг дэмжинэ гэж санал нэгдсэнд оршиж буй гэдгийг тэрбээр нуугаагүй.

Үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвшүүлсэн хүмүүсийг үнэмлэхүй олонхтой парламент дэмжээгүй байхад тэгтлээ гайхах зүйлгүй. Их л удаж “65 гишүүнтэй Ардын намынхан хүч түрлээ, улстөржлөө” гэж шүүмжилнэ биз. Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Р.Бурмааг Цэцийн гишүүнд дэвшүүлэхэд УИХ-ын хүчтэй шүүмжлэлтэй тулгарсны улмаас түүнийг томилох, эсэхийг байнгын хороогоор хэлэлцэж байхад нь Ерөнхийлөгч нэрийг нь татаж байсан шүү дээ.

Тэгж яривал Р.Бурмаа эмэгтэй хүн гэдэг нь л сул тал байгаагүй бол сая нэр дэвшүүлсэн гурван эрхэмтэй харьцуулахад “хууль, улс төрийн өндөр мэргэшил”-ийн шалгуурт хавь илүү дөхөх мэт санагдана. Тэгээд ч энэ удаа нэр дэвшүүлсэн хүмүүсийг нь олон нийт, тэр дундаа хуульчид, мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрөхгүй, шүүмжилж байгаа энэ нөхцөлд УИХ тэднийг томилоогүйнхээ төлөө шүүмжлүүлэх нь юу л бол. Харин ч Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүмүүсийг голж, “Илүү чамбай хувилбар оруулаад ир ээ” гээд буцаасан бол олон нийтээс талархал хүлээх байсан биз.

Үнэндээ сая албаа өгсөн Д.Наранчимэг, Н.Жанцан нарын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнгөрөөд хэдийнэ жил гаруй болсон байв. Өнгөрсөн пүрэв гаригт хийсэн томилгооны үеэр гишүүн Ц.Даваасүрэн Цэцийн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил тойрч байхад орных нь хүмүүсийг одоо л дэвшүүлж буйн шалтгааныг шалгааж, энэ хооронд юунд хүрч, ямар шийдвэр гаргуулах гэж цаг авсныг шулуухан асуучихсаныг энд онцолъё. Чухам эрх баригч нам, Төрийн тэргүүн хоёр тохиролцож чадахгүй байсаар Цэцийн гишүүдийг томилж чадахгүй жил тойрчихсон юм биш үү гэх хардлага эндээс төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүний нэр дэвшүүлсэн хүмүүсийг УИХ “ногоон гэрэл”-ээр томилсон учраас нээнтэглэсэн нэг бус асуудлыг нь одоо Ерөнхийлөгч тэдэнд шийдэж өгөх нигууртай.

Жишээ нь, Элчин сайд болох эцсийн зөвшөөрлөө Ерөнхийлөгчөөс авч чадахгүй байгаа Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг одоо томилчихвол битгий гайхаарай. Жилийн өмнө Г.Тэнгэрийг Япон, Н.Чимгүүндарийг Канадад Элчин сайдаар илгээхээр УИХ зөвшөөрсөн ч Ерөнхийлөгч Х.Баттулга тэднээс гарын үсгээ харамлаж буй. Арга ядахдаа тэдний буурийг сэлгэж, Г.Тэнгэрийг Австрали, Н.Чимгүүндарийг Тайландад Элчин сайдаар илгээхээр Засгийн газраас санал болгосон ч Ерөнхийлөгч хөдлөөгүй л байна. Уг нь ингэж буурийг нь сэлгээд оруулаад ирвэл Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг дэмжээд явуулчихъя гэж эрх баригчид Ерөнхийлөгчтэй тохиролцож, ойлголцсон шиг байгаа юм. Үүнийг би таамагласан юм биш. Ингэж ойлголцсон тухайгаа УИХ дахь олонхын бүлгийн дарга эрээлэлгүй хэлсэн юм шүү. Гэвч Ерөнхийлөгч бухчихсан. Элчин сайдаар томилуулахаар Засгийн газраас санал болгосон хүмүүсээс аанай л нөгөө хоёрыг нь аваад үлдчихсэн.

Үндсэндээ өнөөгийн засаглал, төрийн эрх мэдлийг хувааж эзэмшсэн эрхмүүд, бүлэглэлүүдэд юугаар тохиролцох вэ гэдэг нь хамгийн чухал бололтой. Цэцийн гишүүнд тавигдах шалгуур гээч нь тэгтлээ чухал биш аж. Р.Бурмаа нэр дэвшиж байхдаа уг шалгуурын тухайд “Цэцийн гишүүн нь хууль зүй, улс төрийн аль нэгээр нь өндөр хэмжээнд мэргэшсэн байх боломжтой. Өмнө нь “улс төрийн өндөр мэргэшилтэй” гэх шалгуураар П.Очирбат, Т.Лхагваа, Д.Чилаажав, Ж.Болдбаатар нар Цэцийн гишүүнээр томилогдож байсан. Миний мэдлэг, туршлага дээрх шалгуурыг хангана” гэж байсан бол сая томилогдсон Ц.Нанзаддорж “Үнэндээ улс төрөөр дагнаж мэргэшсэн зүйл надад байхгүй.

Засгийн газрын агентлагт ажиллаж байсан хүний хувьд улс төрийн ойлголттой болсон. Сүүлийн жил гаруйн хугацаанд Говь-Алтай аймгийн АН-ын хороог даргалсан” хэмээгээд сууж байна. Харин Г.Туулхүү улс төрийн өндөр мэргэшил гэдгийг хувь хүний өндөр ёс суртахуунтай байх тухай ойлголт хэмээн тайлбарласан бол Б.Буяндэлгэр нь АИХ-ын депутатаар сонгогдож, ардчилсан Үндсэн хууль батлахад гар бие оролцсоноо Цэцийн гишүүн байх хангалттай шалтгаан гэж үзэж буйгаа учирласан. Ийм л эрээвэр, хураавар үнэлэмж, ойлголт дундуур туучиж ирсэн “Цэцийн гишүүн” гэх албан тушаалын босго цаашид намсах учиргүй сэн. Мэдсээр, харсаар, шүүмжилсээр байж нүдэн балай, чихэн дүлий мэт хууль тогтоогчидтой байхыг үл хүснэ. Энэ байдалдаа тэд ч, бид ч дэндүү их дасаж, уусчих вий дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай