Ким Жөн Ун Д.Трамптай уулзахад бэлэн

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах шийдвэр төгс буйгаа илэрхийлжээ. Хилийн Панмунжом тосгонд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэлэлцээ хийх үеэрээ тэрбээр ийн мэдэгдсэнийг Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг уламжилсан байна. “Ирэх сарын 12-нд товлосон БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хийлгэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж буй Ерөнхийлөгч Мүн Жэ Инд талархаж буйгаа дээд удирдагч илэрхийлээд, тус уулзалтад оролцох шийдвэр төгс байна” гэж мэдээлэлд дурджээ.

БНАСАУ, АНУ-ын харилцааг сайжруулах, Солонгосын хойгт бат бөх энх тайван байдал тогтоохын тулд Пхеньян болон Сөүл хамтран ажиллах хэрэгтэйг Ким Жөн Ун тэмдэглэсэн байна.

Үүний өмнө БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэв-лэлийн албаны мэдээлснээр хоёр Солонгосын удирдагчийн хоёр цаг орчим үргэлжилсэн уул-залтад Өмнөдөөс Үндэсний тагнуулын албаны дарга Су Хун, Умардаас Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль нар оролцжээ. Энэ үеэр хоёр удирдагч ирэх сарын 1-нд уулзаж, салбар хоорондын, тухайлбал, цэргийн болон Улаан загалмайн шугамаарх хэлэлцээг түргэтгэхээр тохиролцсон байна.

Тэрчлэн Панмунжомын тунхаг бичгийн заалтуудыг түргэн хэрэгжүүлэх нийтлэг эрмэлзэлтэйгээ хоёр удирдагч нотлоод, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хамтран хүчин чармайлт гаргахаар тохиролцсон гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх сард Сингапурт болох уулзалтаас татгалзлаа гэсэн захидлыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нийтэлснийхээ дараа уг үйл явдалд Вашингтон, Пхеньян хоёр идэвхтэй бэлтгэж буйгаа твиттертээ бичжээ.

Мөн Америк, Өмнөд Солонгосын агаарын цэргийн сургуулилалт болсонтой холбоотойгоор Сөүлтэй хийх хэлэлцээгээ БНАСАУ цуцалсан билээ. Уг бэлтгэлийг Солонгосын хойгийн улс төрийн нааштай өөрчлөлттэй зөрчилдсөн, санаатай өдөөн хатгалга хэмээн Умард Солонгосын агентлаг мэдээний агентлаг дүгнэж байсан юм.

Ийм үл ойлголцол болсны дараа хоёр Солонгосын удирдагчид уулзах үеэр Мүн Жэ Иний хэлснээр АНУ, БНСУ, БНАСАУ-ын оролцоотой гурван талын дээд хэмжээний уулзалт хийж, түүгээр Солонгосын дайн дууссаныг зарлаж болох юм.

Нөгөөтэйгүүр, БНАСАУ Пунгери хошуун дахь цөмийн туршилтын талбайгаа буулгасан. Тэнд 2006-2017 онд зургаан удаагийн туршилт хийсэн билээ. Туршилтын талбайг хаах үйл явцыг АНУ, БНСУ, Их Британи, Хятад, Оросын сэтгүүлчид ажигласан бөгөөд цөмийн зэвсэггүй энх тайван байдал тогтооход нааштай хувь нэмэр оруулах талаар хатуу байр сууриа БНАСАУ-ын Засгийн газар “яруу тодоор” харууллаа хэмээн хэвлэлүүдэд бичжээ.

Чухам үүний дараа Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтад бэлтгэхээр Сингапурыг Америкийн Засгийн газрын төлөөлөгчид зорьсон тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлсэн.

Тэрчлэн БНАСАУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцлах сонирхол Хятадад байхгүй төдийгүй тус улсын хувьд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох эн тэргүүний зорилт гэдгийг БНХАУ-ын Олон улсын харилцааны их сургуулийн профессор Су Хао тэмдэглэснийг “Straits times” сонин мэдээлжээ. Уг дээд хэмжээний уулзалтыг Бээжин тасалдуулж, Пхеньянтай яриа хэлэлцээ хийхэд зуучийн үүрэг гүйцэтгэдэг хэвээр байхыг чармайж байна гэх мэдээллийг няцаасан шинжээчдийн дүгнэлтийг тус сонин нийтэлсэн аж.

Сингапурын уулзалт цуцлагдах нь Зүүн хойд Ази дахь Бээжингийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг ихэсгэх учир Хятадад тийм сонирхол байхгүй хэмээн тус улсын Ардын их сургуулийн профессор Шин Иньхун хэлсэн байна. Пхеньяныг ганцаардмал байдлаас гаргаж, олон улсын амьдралын бүрэн эрхт оролцогч болгоход Бээжин бодитой тусламж үзүүлж чадна хэмээн Карнеги, Цинхуагийн дэлхийн бодлогын төвийн Умард Солонгосын асуудал хариуцсан шинжээч Жао Тун мөн мэдэгджээ.

Үүний сацуу БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын ээлжит уулзалтад бэлтгэхээр БНАСАУ-ын өндөр албан тушаалтнууд Бээжинд хоёр өдөр ажилласан тухай эх сурвалжуудаасаа эш татан “Yonhap” агентлаг уламжилсан байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Бээжингийн Шоуду нисэх буудлаас Ким Жөн Уны ойрын туслахуудын нэг, Тамгын газрын дарга Ким Жан Сон Хөдөлмөрийн намын Төв хорооны Олон улсын харилцааны хэлтсийн орлогч дарга Ким Сон Нам нар Пхеньяныг зорьсон гэнэ. Мөн өчигдөр, өнөөдөр хоёр Хятадын зүүн хойд чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг хязгаарласан нь Ким Жөн Ун БНХАУ-ын даргатай гурав дахь удаагаа уулзахад бэлтгэж буйтай холбоотой байж мэдэх аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай