Авсан хахуулийнх нь 10 хувьтай тэнцэх төгрөгөөр торгохоор авлига цэцэглэхгүй яах вэ

 Авлигын хэрэг буурахгүй байна. Монгол Улс авлигын индексээр ухарлаа. АТГ ажлаа хийхгүй байгаагаас болж ийм боллоо. Ингэж нэг хэсэг шуугисан. Тэгвэл авлигын индексээр ухарсан нь энэ төрлийн хэргийг шийдсэн шүүхийн шийдвэр болон хууль тогтоогчдын баталсан хуулиас болсон гээд хэлчихэд буруутахгүй. Шүүх авлигачдын толгойг илсэн тохиолдол нэг бус. Олны анхаарал татсан жишээ гэвэл ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын даргаар ажиллаж буй П.Ганхуяг 2013 онд Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Нью фоос” компанийн захирал Ц.Лхагвасайханаас удаа дараа хахууль авч, компанийг нь тендерт ялуулсан хэрэгт холбогдсон.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэж, торгох ял шийтгэсэн бөгөөд хэдэн төгрөгийн торгууль ногдуулснаа прокурор нь ч, шүүгч нь ч мэдээлэхгүй, албан ёсны цахим хуудсандаа ч оруулахгүй байгаа. Ял шийтгүүлсэн П.Ганхуяг нь МЭҮГ-ын даргын албан тушаалаа хэнэг ч үгүй хашсаар буй билээ.

Өнгөрсөн намар дуулиан шуугиантайгаар баригдсан Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын толгойг ч шүүх илжээ. Тэрбээр “Зөөлөн од” компанийн захирал С.Батболдоос 57.5 сая төгрөгийн хахуулийг “Эрдэнэс тээвэр” гэдэг компанийн захирал Н.Хонгорзулаар зуучлуулан авсан хэрэгт холбогдсон юм. АТГ-аас уг хэргийг шалгаж, дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тус шүүх энэ хэргийг хэлэлцээд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохын тулд 57.5 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцож, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4-ийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэж 6.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин хахууль өгсөн “Зөөлөн од” компанийг 120 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэв. Авлигад авсан 57.5 сая төгрөгийг хэрхсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, Д.Батбаяр 51 сая төгрөгийн “ашигтай ажиллаж”. Түүний БНХАУ-ын компаниас 111 сая төгрөгийн хахууль авсан үйлдлийг шүүх бас л торгоод өнгөрөөчихвөл гайхах хэрэггүй нь.

Энэ хоёр жишээнээс гадна БСШУЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, Азийн хөгжлийн банкны болон улсын төсвийн хөрөнгөнөөс 90.7 сая гаруй төгрөг завшсан аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Батмагнайд 9.5 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Учруулсан хохирлыг нь хэрхсэн нь бас л тодорхойгүй. Дарга сэтэртнүүд ийнхүү торгох ял шийтгүүлдэг юм байна. Харин согтуу жолоочид хариуцлага тооцолгүй явуулж, 200 000 төгрөг авсан цагдаад Хан-Уул дүүргийн шүүх нэг жил зургаан сар хорих ял шийтгэсэн байх юм. Учруулсан хохирол, завшсан хөрөнгө нь тэмээ, ямаа шиг ялгаатай дээрх хэргийн жишээнүүд хууль хэнд нь яаж үйлчилж байгааг илтгэнэ.


Бэлтгэсэн: Г.Равжаа

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай